УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд чуулганы танхим, хуралдааны мэдээлэл нь хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, онцлог хэрэгцээнд нийцсэн байх, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнд шаардлагатай хувийн туслах, дохионы хэлмэрч, туслах техник төхөөрөмжөөр хангах зохицуулалт тусгах саналыг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) 23 дахь илтгэлээрээ хууль тогтоогчдод уламжлав. Уг нь парламент эл хуулийг шинэчлэх гэж байгаа ч удирдлагадаа өргөн барьсан төсөлд нь ийм заалт алга. Хяналтын сонсгол зохион байгуулах тохиолдолд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор дохионы хэлмэрчтэй явуулна, ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох, ажиглах боломжоор хангах ёстой гэсэн зохицуулалт байгаагаас бус, ийм хүмүүс УИХ-д сонгогдвол хууль тогтоох үйл явцаас хоцрохгүй, эрх тэгш байх нөхцөлийг тусгайлан тусгаагүй байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ долоо хоногоос хэлэлцэж эхэлж байгаа үед хууль тогтоогчид үүнд анхаарал хандуулаасай.
16.5 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ
Үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн Төрийн ордонд хөл тавихаас эхлээд тулгардаг төвөг бэрхшээлтэй зүйл бишгүй. Хөдөлгөөний бэрхшээлтэй, тэргэнцэр, таягтай хүмүүс тийш зүглэлтгүй байсан нь саяхан. Ямар сайндаа л өнгөрсөн намар Гэгээн ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчилж, түүний тухалсан хүндэтгэлийн тайзыг налуу замтайгаар зассан нь анхаарал татаж байх вэ дээ. Сүүлийн жилүүдэд л Төрийн ордны зарим байршилд налуу зам “барьсан” ч тэр нь стандартын шаардлага хангахгүй байна хэмээн шүүмжлүүлсэн нь ч бий. Тэргэнцэртэй хүн ариун цэврийн өрөөнд ороход өмнөөс нь халгамаар байдгаа нуух юун. Нэгдсэн хуралдааны танхимд гишүүдийн суудлын хоорондох зай тийм ч чөлөөтэй биш. Гишүүдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор танхимаа шинээр тохижуулж байгаа энэ үед ч үүнийг бодолцох учиртай. Гэвч хөгжлийн бэрхшээл цэртэй хүмүүсийг хамруулдаггүйг хууль тогтоогчид эрхбиш ойлгох биз. Хөгжлийн ямар ч бэрхшээлтэй хүн УИХ-д сонгогдоход тэд Төрийн ордонд чөлөөтэй зорчиж, брайл үсэг, дохионы хэлмэрчийн тусламжтайгаар хууль тогтоох үйл явцад тэгш эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
Уг нь 2023 онд шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нэр дэвшүүлсэн улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт бий. Тодруулбал, нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрөөс санхүүжилт олгоно. Ингэхдээ тухайн нам, эвслээс нэр дэвшүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус бүрд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх (одоогоор доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа) буюу 16.5 сая төгрөгийг сонгуулийн дараагийн жилд нэг удаа өгөх юм. УИХ болон орон нутгийн өнгөрсөн долоон удаагийн сонгуульд нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй найман хүн нэр дэвшиж, өрсөлджээ. Тэдний долоо нь хөдөлгөөний, нэг нь сонсголын бэрхшээлтэй бөгөөд хүйсийн хувьд долоо нь эрэгтэй, нэг нь эмэгтэй аж. Нам, эвслээр нь харвал АН хоёр, ИЗНН, Шинэ болон Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам тус бүр хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг УИХ-ын сонгуулиар нэр дэвшүүлсэн бол хоёр хүн бие даан өрсөлдсөн байна. Гэхдээ тэдний хэн нь ч УИХ-ын гишүүнээр сонгогдоогүй. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2016, 2020 оны сонгуульд оролцон, төлөөлөгч болсон нэг хүн бий аж.
ХЭҮК шинэхэн илтгэлдээ хөндсөн долоон сэдвийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрийн бодлого эрүүл мэнд, нийгмийн хамгааллын явцуу хүрээнд биш, хүн бүрийн ижил үнэ цэнийг хүндэтгэн зөвшөөрч, бүхий л үйл хэрэгт тэгш дүүрэн оролцохуйц байхаар өргөн хүрээнд боловсруулах нь зохистой болохыг тус комисс 2007 оны илтгэлдээ онцолж байжээ. Үүнээс хойш уг асуудлыг эрхэлсэн агентлаг байгуулж, үндэсний хэмжээний бодлогын баримт бичгийг гурван ч удаа баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай болов. Гэвч эдгээр шинэчлэл, тэдгээрийг дагасан эерэг үр дүн нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх, эрх чөлөөгөө бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох нөхцөл бүрдүүлнэ хэмээсэн олон улсын гэрээний амлалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, зарцуулсан төсөвтэй нь харьцуулахад чамлалттайг ХЭҮК анхааруулж байна. Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол нийгмээс хамгийн их тусгаарлагдсан бүлэг хэвээр байна. Тэр дундаа улс төрийн оролцооны хувьд ихээхэн хязгаарлагдмал байгаа нь эл сэдвийг онцлоход хүргэжээ.
СҮҮЛИЙН СОНГУУЛИУДАД 85 ОРЧИМ ХУВЬ НЬ САНАЛАА ӨГЧЭЭ
ХЭҮК 23 дахь илтгэлдээ эл сэдвийг онцлохдоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгээр судалгаа хийсэн байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт” сэдэвт эл судалгааг 2020-2023 онд үндэсний хэмжээнд явуулсан бөгөөд тэдний найман хувь нь сонгох, сонгогдох эрхээ хангалттай, 33.5 хувь нь дунд түвшинд эдэлж байна, 58.5 хувь нь эдэлж чадахгүй байгаа гэж ХЭҮК үнэлжээ. Түүнчлэн нийгмийн харилцаанд бие даан оролцох хүсэл, улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд 18-35 насныхан бусдаасаа илүү идэвхтэй гэсэн дүн гарсныг тус тайланд дурдсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд хүйсийн ялгаатай байдал огт ажиглагдаагүй нь онцлог гэлтэй. Эл судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 698 хүнийг оролцуулсан нь томоохонд тооцогдох юм. Гэтэл дээрх судалгаанд оролцогчдын 85.7 хувь нь 2020 оны УИХ, 84.1 хувь нь 2020 оны орон нутаг, 84.7 хувь нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ. Харин санал хураалтад оролцоогүй хэсэг нь сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хол амьдардаг, улс төрийн сонгуулийн талаарх ойлголт муу, мэдээлэл хязгаарлагдмал зэрэг шалтгаан дурдсан байна.
Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуулийн оролцоо өндөр байгаа ч саналаа чөлөөтэй, нууцаар гаргаж байгаа, эсэх нь анхаарах асуудал аж. Өөрөөр хэлбэл, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд зэрэг хэн нэгний нөлөөллөөс ангид өөрийн хүсэл зориг, шийдвэрээр сонголтоо хийж чадаж байна уу. Учир нь Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй 59 иргэнээс тусалж буй этгээдийн нөлөөгүйгээр саналаа бие даан гаргасан, эсэхийг тандахад 90 хувь нь чөлөөтэй гаргаагүйгээ хэлснийг 23 дахь илтгэлээс харж болно.
Өнгөрсөн оны наймдугаар сард НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын хоёр, гуравдугаар тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргасан байдаг. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэний болон сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан сонсголын, оюуны бэрхшээлтэй, хараа-сонсголгүй хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжих тусгай арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн зөвлөжээ.
Ялангуяа “жижиг” гэгддэг намуудаас нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих, сонгуулийн болон санал өгөх журам, цахим болон хэвлэмэл материалыг энгийн, хялбар хэлбэрээр боловсруулж, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн ашиглах боломж бүрдүүлэх ёстойг онцолсон байна. Тухайн үед УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлаад байв. Өөрөөр хэлбэл, өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй, бидний шинэчлэл хэмээн тооцож байгаа зохицуулалтууд нь чамлалттай хэвээр байна гэсэн үг. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод шаардлагатай тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй сонгогч санал өгөхдөө туслалцаа авах хүнийг өөрөө сонгох боломж бүрдүүлэхээр заасан ч Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн агуулгаар тусгаагүй гэж үзсэн аж.