Энэ оны эхний элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоодугаар сарын 4-нд Монголын түүх хичээлээр эхэлнэ. Уг нь өнгөрсөн онд зургаадугаар сарын 15-нд эхэлж байж. Ер нь л элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Гэтэл энэ удаа долоодугаар сард авахаар хойшлуулсны шалтгаан нь УИХ-ын сонгуультай холбоотой гэнэ. “Сонгуулийн үеэр үймээн гарч болзошгүй. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулснаар сурагчид хичээлээ давтаад, гадагш гарч аюулд өртөхгүй. Шалгалт авах, зохион байгуулах үүрэгтэй хүмүүс нь голчлон улсын сургуулийн багш байдаг. Тэд бас сонгуульд ч хянагчийн үүрэгтэйгээр оролцоно. Тэгэхээр зургаадугаар сард шалгалт зохион байгуулбал хүн хүч хомсдолтой байна” гэж албаныхан хэллээ.
2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон “Ковид”-той холбоотойгоор элсэлтийн шалгалтыг наймдугаар сарын 19 хүртэл хойшлуулж байв. Ийнхүү хожуу зохион байгуулсан нь сурагчдын бэлтгэлийг сулруулсныг тухайн үед шалгалтад оролцсон залуус хэлсэн. 800 оноо авах хэмжээнд бэлтгэсэн ч хугацааг нь хойшлуулснаас болж хүчин чармайлт нь талаар болсныг ярьсан нэгэн ч бий.
Элсэлтийн ерөнхий шалгалт бол тухайн төгсөгч хүссэн мэргэжлээрээ чанартай сургуульд суралцах боломж олж авч чадах, эсэхийг сорих боломж. Тиймээс ч төгсөх ангийн сурагчид “Маш том сонголт, давааны өмнө ирсэн байна гэж бодохоос айдаг” гэж байв. Тэд ихэнх цагаа шалгалтын бэлтгэлд зориулдаг. Тэр хэрээр ачаалал нь өмнөх жилүүдийнхээс нэмэгддэг. Улмаар сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй болдог гэнэ. “Би хүссэн сургуульдаа орж чадах болов уу. Аав, ээжийнхээ урмыг хугалчих вий” хэмээн айдаг аж. Шалгалтыг хойшлуулах нь сурагчдын бэлдэх хугацаа уртсаж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ тэдний айдастай өдрүүдийн тоо улам нэмэгдэнэ гэж нэгэн сурагч ярьсан юм. Мөн сум, аймгийн төв, Улаанбаатар хотод дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хувьд бүр ч хэцүү. Учир нь сурагчдын амралт зургаадугаар сард эхлэх үед дотуур байр ч хаалгаа барьдаг. Тиймээс хүүхдүүд долоодугаар сар гартал ах дүү, хамаатан саднаа бараадаж, эсвэл байр түрээслэхэд хүрдэг.
Уг нь албаныхан “Энэхүү шалгалт нь хүүхдүүдийн ирээдүйг шийдэх том шалгуур. Тиймээс анхааралтай ажиллах хэрэгтэй” гэсэн. Гэтэл тэдний үг, үйлдэл нь үргэлж зөрөх юм. Шалгалтын хугацааг хойшлуулах нь сурагчдын бэлтгэлийг сулруулах эрсдэлтэйг бодолцсонгүй. Харин УИХ-ын сонгууль дуусаж, парламент бүрдсэний дараа шалгалтаа өгөх ёстой гэх. Эрх баригчдад сонгууль л чухал болохоос бус, хүүхдүүдийн ирээдүй ер хамаагүй гэсэн үг биш үү.
Түүгээр зогсохгүй зарим сургуулийн багш заадаг хичээлээрээ элсэлтийн шалгалт өгүүлэхгүй гэж сурагчдад “хориг тавих” тохиолдол ч байдаг аж. Учир нь сурлагаар тааруу хүүхдүүд сургуулийнх нь үнэлгээг хойш татна хэмээгээд хориглодог гэнэ. Зөвхөн багш нь ч биш, сургуулийнх нь захиргаа хүртэл ийм байр суурь баримтлах нь бий. “Манай найз химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгөх гэтэл багш нь эсэргүүцсэн. Тиймээс найзуудтайгаа нийлээд сургуулийн захиргаанд хандсан ч биднийг тоогоогүй” гэж нэгэн сурагч ярина лээ. Харин холбогдох хүмүүс нь “Манайд ийм тохиолдол гарах ёсгүй. Сурагч бүр хэдэн ч хичээлээр шалгалтад оролцох боломжтой” хэмээв. Манай улсад аль ч түвшинд хүүхдүүдийн боловсрол, ирээдүй бүхнээс доогуур байгаа юм биш үү.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн