“Арван жилийн сурагч байхдаа би 60 кг орчим жинтэй, намхавтар байлаа. Нүүрэнд минь олон батга гарчихсан. Арьсаа арчлаад ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Бас үс минь буржгар. Олон өнгийн хээтэй трико өмсөх дуртай. Дунд ангидаа гэнэт таргалсны улмаас хөл, нуруу хэсгийн арьс язарсан. Эдгээрээс болж үеийнхэн минь намайг шоолдог байсан юм. Гадаад үзэмжээс минь болж надад “гахай” гэдэг нэр өгчихөв. Уг нь би математик, физикийн хичээлдээ дуртай, хичээнгүй хүүхэд байлаа. Тэр чадвар минь ч бага багаар бүдгэрч эхэлсэн юм. Бусдаас түрүүлж тоогоо бодсон ч самбарын урд гарвал хүүхдүүд намайг бүдүүн хэмээн шоолно гэж айсан. “Сургууль руу очвол хүүхдүүд намайг шоолно доо” гэж бодохоос зүглэхийг ч хүсэхээ больсон. Гэсэн ч гэрийнхнийхээ шахалтаар хичээлдээ явдаг. Нэгэн удаа хамаатны эгч “Эмэгтэй хүн байж тураач. Залуучууд чамайг тоохгүй дээ. Батгатай нүүрээ хар л даа. Ямар муухай харагддаг юм бэ” гэв. Үүнээс болж өөрийгөө улам л нуух хүсэлтэй болсон. Гэтэл их сургуульд орж, шинэ найз нөхөдтэй болоод энэ бүх зүйл өөрчлөгдлөө. Гадаад үзэмжээсээ ичих биш, хайрлах ёстойг найзууд минь ойлгуулав. Тухайлбал, эмч нар ч арилгах боломжгүй арьсны язралтыг “Энэ бол миний барын судалтай адилхан. Намайг бусдаас онцгойруулах зүйл”. “Чиний үс үнэхээр гайхалтай. Би буржгар үстэй болохыг мөрөөддөг”, “Үзэсгэлэнтэй харагдаж байна. Хувцаслалт нь гоё зохижээ” гэж найзууд минь надад урам өгнө. Үүнтэй агуулга ойролцоо түүхийг сонсоогүй хүн бараг байхгүй биз ээ. Монголд өдөр тутам ийм тохиолдол гардаг байх. Хүн бүр л шүүгчийн үүрэг гүйцэтгэхээр оролддог. Цахим сүлжээнд оруулсан танихгүй хүнийхээ зургийг шүүж, доромжилдог. Гэсэн ч үүндээ хариуцлага хүлээдэггүй. Өөрийнх нь чулуудсан хахир үгс бусдад хэрхэн хүрч буйг ч тооцоолдоггүй.
БНСУ-ын загвар өмсөгчдийг хэт тарган байгаа тухай цахим сүлжээнд хэлэлцүүлэг өнгөрсөн онд өрнөв. Тэднийг хоолны дэглэм барьж турах ёстойг “хэлэлцүүлэг”-т оролцогчид ярилцаад амжив. Мөн дуучин Ч.Мишээлийг “Урлагийн хүн байж, хэт тарган байна” хэмээн шүүмжиллээ. Дэлгэцийн цаанаас хэн ч намайг гэж мэдэхгүй гэсэн шиг бараг л хүн бүр хараалын үгс “чулуудав”. Эдгээрийн хариуд дуучин Ч.Мишээл “Хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлаж үзэхээ больё. Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно. Хүн бүр эцэг, эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Бие биеэ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая” хэмээсэн юм. Гэсэн ч түүнийг тарган хэмээн нүд үзүүрлэх хүн цөөнгүй байгаа. Уг нь манай улс Үндсэн хуульдаа “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээн заасан байдаг. Түүнчлэн цахим орчинд бусдыг гадаад үзэмжээр нь доромжлохгүй байх давлагаа ч олон бий. Хэлж буй үг бүр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хэрхэн нөлөөлж болохыг бодолцдог байцгаая. Гудамжаар зөрсөн хэн нэгнийг шүүхийн оронд урмын үгс хэлж, аз жаргал бэлэглэцгээе. Тарган байх эрх хүн бүрд бий шүү дээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн