Манайд “Муу нэртэй, луу данстай” ч улс төрийн намуудгүйгээр ардчилсан тогтолцоог төсөөлөх аргагүй. Харамсалтай нь, Монголын төрийн бүх институц, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын нэр хүнд нэлээд унаж байгаагаас гадна намуудын үзүүлэлт маш муу болсон нь нууц биш. Сүүлийн хэд хэдэн сонгуулиар намаа дэмжих биш, эсрэг санал өгөх явдал ажиглагдаж буйг судлаачид хэлэх болсон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, аль нэгэн намд өгсөн санал нь үнэндээ түүнийг дэмжиж буй хэрэг биш. Нэг намын эсрэг байгаагаа илэрхийлэхийн тулд нөгөөд нь саналаа өгөх болж. “Цагаан сонголт” хийж, хэнийг ч дэмжихгүйгээ илэрхийлдэг явдал ч үүний баталгаа юм. “Сант марал” сангаас хамгийн сүүлд хийсэн “Улс төрийн барометр” судалгааны үр дүнгээс эш татвал, оролцогчдын 20 гаруй хувь нь аль нэгэн намыг онцлон үзэж буйгаа илэрхийлсэн байдаг. Үнэндээ намууд өөрийн гэсэн суурь сонгогчид төдийгүй үнэнч гишүүн, дэмжигчгүй болчихож.
Нөгөө талаас УИХ-ын сүүлийн хоёр удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, өдгөө бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байна. Өнөөгийн эрх баригчид найман жилийн турш дангаар ноёрхож, ардчилсан гэх атлаа нэг намын тогтолцоонд буй мэт амьдарлаа, бид. “Нээлттэй нийгэм” форумаас өчигдөр зохион байгуулсан “Улс төрийн намын дотоод ардчилал” хэлэлцүүлгийн үеэр судлаач А.Бат-Оргил (ХБНГУ-ын Боннын их сургуулийн докторант) үүний шалтгааныг намууд дотоод ардчилалгүй байгаатай холбон хэдэнтээ онцолно лээ. Үүний талаар анх ярьж байгаа тохиолдол нь энэ биш л дээ. Тухайлбал, “Дефакто” институт 2018-2020 онд буюу гурван жил дараалан намуудын дотоод ардчиллын индексийг тодорхойлох судалгааг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн дөрвөн гол үзүүлэлтийн дагуу дүгнэснээс өөр тоймтой эх сурвалж одоогоор алга. Эдгээрт дөрвөн намыг л хамруулсан бөгөөд хамгийн сүүлийн судалгааны үр дүнгээс харвал тэдгээрийн гурав нь буюу МАН, АН, МАХН “хагас ардчилсан”, ХҮН “ардчилалтай” гэх ангилалд хамаарч байж.
Гайхалтай нь тухайн үед (УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа) Дээд шүүхэд бүртгэлтэй байсан 35 намыг бүгдийг нь дээрх үнэлгээнд хамруулах гэж зорьсон ч тэдний талаарх мэдээллийг цуглуулах нь хамгийн бэрх даваа нь байсныг судлаач А.Бат-Оргил хэлэв. Тэрбээр уг судалгааг хийсэн багийн гишүүн юм. Хамгийн гол нь дээрх дөрвөн намд өгсөн онооны хооронд их зөрүү байхгүй, дотоод ардчиллын түвшин тун ойролцоо буюу хангалтгүй байсан нь өдгөө өөрчлөгдөж, сайжирсан нь юу л бол. Тиймээс ч намд, дотоодод нь нэлээд “но” байгааг судлаач, шинжээчид, гишүүд, дэмжигчид нь удтал ярьсны эцэст Үндсэн хуульд 2019 онд гар хүрэхдээ “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт оруулсан юм.
Улмаар үүнд нийцүүлэн өнгөрсөн оны долоодугаар сард шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуульд “Улс төрийн намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх” гэсэн зүйл оруулсан билээ. Өмнөх буюу 2005 оны хуулийн 5.1.4-т “дотоод асуудлаа ардчилсан зарчмыг баримтлан олонхын саналаар шийдвэрлэнэ” гэсэн ерөнхий заалт байсныг ийн өөд татсан нь сайн хэрэг. Үүгээр сонгуульд нэр дэвшигчээ тодруулах, бодлогоо боловсруулах, намын даргаа сонгохоос эхлээд дотоод дүрэм, журамдаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай байх зэрэг зарчмыг баримтлах ёстойг үүрэгдэж ирсэн гэхэд болно. Улмаар эдгээрийг их хурлаараа шийдвэрлэхээр заасан нь манай намуудын дотоод ардчилал гэх зүйл нь тэдний хийдэг хурал, чуулганд суурилж ирсний баталгаа юм.
Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 26.3.3-т төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулахаар заасан. Намд олгох төрийн санхүүжилт гэдэг нь УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд улсын төсвөөс өгөх мөнгийг хэлж буй. Мөн уг хуулиар намд хандив өгснийхөө төлөө хандивлагч нь өөртөө, бас бусдад аливаа давуу байдал олгохыг болон намын дотоод асуудлыг ардчилсан бус зарчмаар шийдвэрлэхийг шаардах, шахалт үзүүлэхийг хориглосон юм.
Ямартай ч намын дотоод ардчиллыг хангахад шаардлагатай эрх зүйн орчныг Үндсэн хуулиасаа эхлэн ийн сайжруулжээ. Гэхдээ өмнө нь огт зохицуулалт байгаагүй гэвэл өрөөсгөл болохыг дахин тодотгох нь зүйтэй. Тэрхүү заалтыг нь биелүүлэхгүй, цаасан дээр “царцсаныг” мартаж болохгүй. Нөгөө талаас намын дотоодод болж буй бүх харилцааг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагагүй гэж судлаачдын зарим нь үздэг. Тэгвэл одоо намуудын дотоод ардчилал сайжирч, хууль, эрх зүйн орчны шинэчлэл нь бодитой хэрэгжиж чадах уу.
Намын дотоод арчилал гэдэгт олон зүйлийг хамруулж тайлбарладаг ч судлаач, мэргэжилтнүүдийн хувьд тухайн намаас бүх шатны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа ардчилсан зарчим баримталж чадаж байна уу гэдгийг илүүтэй чухалчилж, дотоод ардчиллыг нь үнэлдэг. МАН, АН-ын аль алиных нь дүрэмд зааснаар орон нутаг дахь намын байгууллагад харьяалагддаг гишүүд сонгуульд нэр дэвшигчдээ санал болгох, дэвшүүлэх эрхтэй ч шийдвэр гаргах эрх мэдэл намын төв байгууллагад хадгалагдаж байна. Өнөөгийн эрх баригчдын хувьд өнгөрсөн сонгуулиар намын дарга, эсвэл ерөнхий нарийн бичгийн даргын дэмжлэгийг авсан баг, нэр дэвшигчдийг тодруулсан нь дотоод ардчиллын үнэлгээг нь доош татсан байдаг. Ингэхдээ тэд тухайн тойрогт сонгогчдын санаа бодлын талаарх суурь судалгаа явуулж, горилогчдоос хэн “өнгөтэй” байгааг нь нэр дэвшүүлэхээр шийдвэрлэдэг гэдэг нь ч эл үйл явц нь хаалттай. Нэрээ дэвшүүлэх хүсэлтээ намынхаа зохих байгууллагад уламжилсан хүмүүс нь ямар судалгааг хэзээ, хэнээр хийлгэв, ер нь сонгогчдоос санаа бодлыг нь асуусан, эсэх нь тодорхойгүй. Намын удирдлага ямар шийдвэр гаргасныг л дагадаг гэхэд болно. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, “жийгдлээ” гэж үзсэн цөөн хэд нь намаасаа гарах, эсвэл бие даан нэрээ дэвшүүлэхээс өөр сонголтгүй үлддэг. Эрх баригч намаас нэр дэвших хүсэлтэй хүмүүс энэ өдрүүдэд өргөдлөө барин Тусгаар тогтнолын ордон руу цувж байна. Тэдэнд өмнөх жилүүдийнх шиг “өнгө”-өөр хандах, эсэх нь их удахгүй тодорхой харагдана.
АН-ын тухайд өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихээр горилогчдоосоо их хэмжээний мөнгийг эрээ цээргүй нэхсэн нь дотоод ардчиллын индексийг ч, иргэд, сонгогчдын үнэлэмжийг ч навс унахад нөлөөлсөн юм. Ингэхдээ тэд эрэгтэйчүүдэд 100, эмэгтэйчүүдэд 60 сая төгрөгийн “босго” тавьсан нь Улс төрийн намын тухай хуульд үүнтэй холбоотой хязгаарлалт тавихад хүргэсэн гэхэд болно. Тодруулбал, уг хуулийн 10.1.6-д “Сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг хориглоно” хэмээн тусгаж, сөрөг хүчнийхнийг “ичээх” тактик хэрэглэж буй билээ. Гэхдээ энэ нь АН-ынхан л авдаг гэсэн үг бүр ч биш. Аль аль нь нэр дэвших эрхийг мөнгөөр арилжиж ирсэн нь нууц биш. Одоо ч тойрогт болон жагсаалтад нэр дэвших эрх авах ханш хэдэн тэрбумд хүрснийг эх сурвалжууд хэдийн мэдээлээд эхэлчихэж.
ХҮН намын хувьд санхүүгийн тайлангаа 2020 оныг хүртэл сүүлийн гурван жил бүр өөрийн цахим хуудсаараа олон нийтэд тайлагнасан нь “Дефакто”-гоос давгүй үнэлгээ авахад нөлөөлсөн юм билээ. Гэвч өдгөө тус намын шийдвэр гаргах үйл явц, тэр дундаа нэр дэвшигчдээ тодруулахдаа бас л явцуу, цөөн хүний хүрээнд өрнүүлж байгааг өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.