Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбоонд хандан хүсэлт гаргалаа.
Хүсэлтэд "Монголын боксын холбооны В.Ганзориг танаа Миний бие Э.Цэндбаатар нь өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, та бүхнийхээ итгэлийг алдаж байсан билээ. Тэр бүх үйлдэлдээ харамсаж, Монголын боксын холбоо, Удирдах зөвлөл, ах эгч нар болон нийт боксын хамт олноосоо уучлал хүсэж байна... Та бүхэн минь энэ удаад уужуу сэтгэлээр дахин нэг удаа хандахыг хүсэж байна. Энэ олон жилийн миний хүсдэг зүйл бол зөвхөн боксын рингэнд тулалдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсдэг хүсэл минь байсан юм шүү. Одоо та бүхэн миний сүүлийн хүсэл болох олимпын эрхийн тэмцээний сорил 63.5 кг-ын жинд сорил хийхийг минь зөвшөөрч өгнө үү. Уг сорилд хэрвээ тулалдаад олимпын эрхийн тэмцээнд явах боломжоо авах юм бол та бүхнийхээ итгэлийг алдахгүй, сахилга баттай байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цаашлаад Парист болох олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээх болно. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хүндэтгэсэн Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар" хэмээн бичжээ.
Э.Цэндбаатар сарын өмнө мэргэжлийн боксын карьерынхаа ес дэх тулаанаа хийж, өрсөлдөгчөө илт давуу ялсан юм. Ингэснээр гавьяат тамирчин Э.Цэндбаатар boxrec.com сайтаас гаргадаг дэлхийн чансааны 25, Ази тивдээ тавдугаарт эрэмбэлэгдэх болсон билээ.