СЕХ-ноос баталсан УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны хуваарийн дагуу улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх учиртай. Тиймээс Ардчилсан намаас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж эхэлсэн байна. Эхний ээлжид тэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт “Бүтэн ардчилал” сэдэвт бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг явуулжээ. Тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ийм нэртэй байх аж. Уг хөтөлбөртөө тэд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг хэрхэн сайжруулахтай холбоотой олон зорилго, агуулга багтаасан гэнэ.
Хан-Уул дүүрэгт болсон хэлэлцүүлэгт АН-ын 300 гаруй гишүүн оролцсон байна. Тэд улс төрийн өндөр хариуцлагатай энэ цаг үед эв нэгдлээ эрхэмлэн, илүү нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн аж. Мөн Баянгол дүүрэгт болсон арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ “Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь өртэй байна. Ардчилсан нам засаглаж байх үед авлигын индексээр 72 дугаар байрт байсан бол сүүлийн найман жилд 121-т хүртэл ухарчээ. Эдийн засаг иргэдэд бус, эрх баригчид руу чиглэж байна” гээд энэ байдлыг засахын тулд сонгуульд АН-ын гишүүн нэг бүрийн оролцоо чухлыг сануулжээ.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдээр тус намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос “Ардчиллын эмэгтэйчүүдийн хаврын чуулган”-ыг зохиож байгуулж, оролцогч 800 гаруй бүсгүйн санал бодлыг сонсон, улмаар мөрийн хөтөлбөртөө тусгахаар зорьсон байна.
Бэлтгэсэн: С.Уул