Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар тус намын дэд дарга Ш.Түвдэндорж, ҮБХ-ны гишүүн Д.Ганбаяр, УИХ дахь бүлгийн зөвлөх М.Чимэддорж нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. “Амгалан” дулааны станцад осол гарахад нийслэлийн баруун хэсэг дулаангүй болсон. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломжоо ашиглавал ийм асуудлыг шийдэх боломжтой гэж тэд үзэж байна. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц Зүүн хойд Азидаа өндөрт тооцогддог, тиймээс зөв бодлого боловсруулж чадвал эдийн засгийг зөвхөн уул уурхайгаас хамааралгүйгээр хос болгож чадна гэдэг санал дэвшүүллээ.
Мөн тус намын дэд дарга Ш.Түвдэндорж “Монгол орны ихэнх хэсэгт зуд нүүрлээд байна. Эрх баригчид байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэхийн оронд болоод өнгөрсөн хойно нь хандив өгч, малчдын татварыг хөнгөлөх байдлаар аргацааж буй нь буруу. Тэд малчдадаа туслах нэрээр сонгуулийн далд сурталчилгаа хийж байна. Түүнчлэн төрийн сайд хүн үг унагахдаа бодож, хариуцлагатай байх учиртай ч зарим нь сэтгэц нь эрүүл үү гэдэгт эргэлзэхээр зүйл ярих болсон. Энэ бүхэн нь МАН-ын бодлого бүтэлгүй байгааг харуулж буй. Өнгөрсөн найман жилд ардчиллын үнэт зүйлсийг үнэгүйдүүлж, үг хэлэх, хувийн өмчтэй байх зэрэг олон эрх чөлөөг боогдууллаа. Бүх эрх мэдлийг төрд төвлөрүүлж, нэг намын тогтолцоотой болгох нь.
МАН-ын Улс төрийн зөвлөл бүгдийг удирдаж байна. Хоёр сонгууль дамнаж иргэдийг хуурсан атлаа юу ч хийгээгүй МАН сонгуульд оролцох ёс суртахууны эрхтэй юү” гээд нийслэлийн ИТХ-аас 45.6 тэрбум төгрөгөөр зүгээр байгаа явган хүний замыг солих шийдвэр гаргасныг шүүмжлэв.
Хөгжлийн банкны хэргээр дамжуулан АН-ын гишүүнчлэлтэй голдуу хүмүүсийг шийтгэж, намаар ялгаварласан, сүүлийн найман жил МАН өөрсдөө эрх барьсан атал сөрөг хүчнийхнийг бүх зүйлд буруутгадаг зэргийг тэд онцолсон юм. Шүүхийг улс төрийн зорилгодоо ашигладаг үйлдлээс нь харахад ирэх сонгууль шударга болно гэдэг нь ч эргэлзээтэй байна гэв. Тиймээс үүнийгээ зогсоож, шударга өрсөлдөхийг уриаллаа.