Манай улс эрчим хүчний төслүүдэд тендер байнга зарладаг ч хөрөнгө оруулагч олдоггүй. Хамгийн сүүлд гэхэд "Тавантолгойн ДЦС"-ын тендерийг гурвантаа зарлаад ч хөрөнгө оруулагчид сонирхоогүй. Тиймээс эл салбар дотоодын багахан нөөцдөө тулгуурлан өнгөрсөн жилүүдийг аргацаасаар, өнөөдөр тартагтаа тулж, эцсийн хүчээ шавхан амь голтой төдий үйл ажиллагаа явуулж буй. Сүүлийн жилүүдэд олон улсын зээл тусламж орж ирсэн тулдаа эрчим хүчний салбар элгээрээ мөлхчилгүйхэн шиг алхам алхмаар аажимхан урагшилж буй гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, “ДЦС-3”-ыг өргөтгөхийн тулд ОХУ-аас зээл авсан. Үргэлжлүүлээд Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг БНХАУ-ын зээлээр барихаар болж, 2024 оны I улиралд гэрээ үзэглэсэн. Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөх төслүүдийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжтайгаар хэрэгжүүлж буй. Цаашлаад Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг барих төслийг БНСУ-ын 148.7 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэн, хэрэгжүүлж буйгаа билээ.
Хэрэгжиж буй төслүүдийн талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх дараах мэдээллийг өгсөн. Тэрбээр “Өнөөдөр амаргүй нөхцөлд ажиллаж байна. Хэрэглээ огцом өсөж, Эрчим хүчний салбар төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чадахгүйгээс хүндрэлтэй нүүр тулсан шилжилтийн амаргүй үе. Дэлхийн чиг хандлага ногоон эрчим хүч рүү шилжиж буй энэ үед Монгол Улсын онцлогт тохирсон хувилбар хэрэгтэй. Ахуйн хэрэглээ давамгайлсан, хүйтэн улиралтай, нөөц арвин биш гэх мэт хүчин зүйлс салбарт гол нөлөө үзүүлдэг. Тиймээс Төв аймгийн Баянжаргалан суманд баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Сэргээгдэх эрчим хүчний хувьд үнэ сөхөгдөж, тусгай зөвшөөрөл авсан компаниудтай зөвшилцөх асуудал бий” гэж онцоллоо.
2004 оноос орон нутаг руу цахилгаан дамжуулах агаарын шугам барьсан. Эмгэнэлтэй нь аймгууд руу эрчим хүчний шугам очсон ч хүчин чадал нь хэрэгцээ хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, бөөн зардал болж төвийн эх үүсвэрээс агаарын шугам татсан ч данхтай цай буцалгаж хүчрэхгүй байх жишээтэй. Тухайлбал, 200 кВт-аас доош хүчдэлийн уналттай 53 сум бий. Тиймээс эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгох асуудал сөхөгдөж буй. Өргөн уудам нутагтай, хэрэглээ төвлөрсөн бус энэ нөхцөлд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулах арга бий. Ингэхдээ зангилаа цэг нь сэргээгдэх эрчим хүч байх зэргээр төлөвлөх гарцуудыг салбарын мэргэжилтнүүд илэрхийлдэг аж.
Эрчим хүчний шилжилтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Шилжилт чухал уу, аюулгүй байдал чухал уу гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Улс орныхоо хэрэглээний онцлогт тохирсон сэргээгдэх эрчим хүч нутагшуулах шаардлага бий. Эхний ээлжид нүүрсний станцаар 55-60, сэргээгдэх эрчим хүчээр 45 хувийг хангахаар төлөвлөж, эрчим хүчний шилжилттэй уялдуулах боломжтой. Ингээд хэрхэн оновчтой хөрөнгө оруулалт хийхэд онцгойлон анхаарах үе иржээ. Мөн эрчим хүчний дутагдлыг нөхөнгөө бүсжилттэй уялдуулах нь чухал” гэлээ.
2023 онд нийт 10.9 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, 9.9 тэрбумыг нь түгээжээ. Үүний 75.5 хувийг дотоодоос, 24.5 хувийг импортоор хангасан. Тодорхой хэлбэл, импортоор 938 кВт.цаг буюу 38.3 хувийг ОХУ-аас, 1.5 тэрбум кВт.цаг буюу 61.7 хувийг БНХАУ-аас нийлүүлсэн байна. Эндээс эрчим хүчний хэрэглээ 225 МВт-аар өссөнийг харж болно. Нийт үйлдвэрлэж буй эрчим хүч, дулааныг ДЦС-ууд 80.6, сэргээгдэх эрчим хүч 18.8, ДТ-ээр 0.6 хувийг хангаж байна. ДЦС-ууд төв болон дорнод бүсэд, салхи, нарны цахилгаан станц төв болон баруун бүсэд, усан цахилгаан станц баруун бүсэд байрлаж буй.
Бүс нутгийн онцлогт тохирсон төлөвлөлт хийх шаардлагатайг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч онцолж, “Эрчим хүчний салбар 2023-2024 өвөл бүхий л хүчин чадлаа шавхан ажилласан. Монгол өргөн уудам нутагтай, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт эрчим хүчний шилжилтийг шаардаж байна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний зохистой харьцаа, тогтвортой ханган нийлүүлэх хэрэгцээ бий” гэв.
Өдгөө цахилгаан сүлжээний алдагдлыг бууруулах зорилгоор “Эрчим хүчний төсөл-II”-ыг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг Дэлхийн банкны 54 сая ам.доллараар 2018-2024 оны хооронд хэрэгжүүлж, есөн аймаг, гурван томоохон сууринд 12 обьект барьж буй. Бас л зээл тусламжаар барьж буй. Тодорхой хэлбэл, дээрх үнийн дүнгийн 42 сая ам.доллар нь зээл, 12.4 сая ам.доллар нь буцалтгүй тусламж юм. Төслийн хүрээнд Архангай, Булган, Говьсүмбэр, Багануур дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймагт бүтээн байгуулалт хийжээ. 2024 оны эхний хагас жилд Эрдэнэт, Өвөрхангайн төслүүд дуусах юм.
Эрчим хүчний салбарт эл байдал удаан үргэлжилбэл, улсаараа гал алдаж мэдэх юм. Цаашдаа гадныхны гар дагуулан харж, зээл тусламж горьдох бус тус салбарт бүрэн шинэчлэл хийх, эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоохгүй байх, иргэдийг зохистой хэрэглээнд сургах зэрэг бодит үнэнтэй нүүр тулгараад байна.