УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан. Тус хуулиар улс төрийн намууд ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, сонгууль хаяанд иржээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол нэр дэвших намуудын мөрийн хөтөлбөр. Тэд юу амлах бол, ямар зээл тэглэх бол хэмээн сонгогчид чих тавин хүлээж суугаа. Ард түмэн, сонгогчдод нөлөөлөх намын гол баримт бичиг юм. Сонгогч түмэн сонгуульд санал өгөхдөө улс төрийн намуудын нэр дэвшигчид болон тэдний мөрийн хөтөлбөрийг голлон анхаарч сонголтоо хийдэг. Харин өнгөрсөн хугацаанд улс орныг маань удирдсан тэдгээр нам, улс төрийн хүчнүүд өөрсдийн гаргаж дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр дэх амлалтуудаа биелүүлж чадсан болов уу. Үүнийг л тэд нараас асуумаар байгаа юм.
Тэдний мөрийн хөтөлбөрийг сонсохоор л өөрийн эрхгүй “Мянгуужингийн үлгэр” санаанд орохвий. Хэтэрхий худал түүхүүдтэйг нь мэдсээр атлаа хүүхдийн уран сэтгэмжийг хөгжүүлэхэд Мянгуужингийн үлгэр өнөөг хүртэл үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа учраас дэлхийн олон орны хэл дээр орчуулан хэвлүүлсэн хэвээр байгаа гэдэг. Өдгөө энэ үлгэрийн Монгол хувилбарууд цаасан дээр амилж, бидний ой ухаанд буусаар лав 30 гаруй жил болох нь. Улс төрд олон намын тогтолцоо бүрдсэн тэр цагаас эхлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэмээх “Мянгуужингийн үлгэр”-ийг туурвисаар.
Өнөөдөр УИХ дээр олонх цөөнх болж байгаа намуудын өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг эргээд нэг санацгаая. “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Монгол хүн 20”, “Хөгжлийн мод” гэх мэт. Хамгийн их ашигладаг нь авлига албан тушаалын хэргийг бууруулна гэдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ Олон улсын авлигын индексээр 2015 онд дэлхийн хэмжээнд Монгол Улс 75 дугаар байранд явж байсан. 2023 онд 33 оноо болж буурч, энэ жил оноо хэвээрээ ч 180 улсаас 116-д өнгөрсөн жил эрэмбэлэгдсэн. Энэ онд 121 болж таван байраар ухарчээ. Хөгжлийн банкны хэрэгт зургаан гишүүн болон бусад хөтөлбөртэй холбоотой УИХ-ын зарим гишүүн нэр холбогдсон. Гэтэл мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэнэ гэж заасан.
Энэ удаад ч Мянгуужингийн үлгэр үргэлжлэх нь. Намууд дахиад л ард түмнийг хуурахаар ээлжит худал хуурмаг зүйлээ ярьж эхэллээ.
Дэлхийд шинээр аж үйлдвэржсэн гэгддэг Азийн бар улсуудын төр засаг, Засгийн газрууд ийм үл гүйцэлдэх юм ярьж яваагүйг бид бүхэн түүх, ном судраас сайн мэднэ. Далай шиг энэ том газар нутагтай, 70 сая мал сүрэгтэй, ийм их байгалийн баялагтай энэ улсыг эдгээр нам хөгжүүлж чадахгүйг шоолж байна. Харин улстөрчдөд улсаа өгжүүлэх хүсэл сонирхол ч алга. Иргэдийн тархийг аль болох “цагаан цаас шиг” байлгах сонирхол тэдэнд бий. Иймдээ ч улам ядуу, өлөн зэлмэн амьдруулаад байх шиг. Тухайлбал, сар шинийн өмнөхөн 1072 хувьцааны ногдол ашиг хэмээн “шүлс” хаяж өгчихөөд өөрсдөө шимийг нь хүртсэнийг бид нүүрсний сонсголоос харсан.
Ийм байтал тэд дахиад л өнөөх улигт юмаа ярьж иргэдийг тархи толгойг угааж, Засгийн эрхэнд гарахаар улайрч явна. Ингэж явсаар байгаад Монгол Улс хэдхэн тооны олигархууд болон улс төр бизнесийнхэнтэй нягт холбогдсон мафийн бүлэглэлийн гарт ороод дуусах нь. Ийм бүлэглэлүүд удирдаж байсан улс орнуудын сүйрсэн жишээ өчнөөн төчнөөнөөрөө бий. Биднийг ч тийм ирээдүй хүлээж буйг үгүйсгэх аргагүй. 2020 оны сонгуулиар УИХ-ын тухай хуулийн 38.3-т заасан хориглосон заалтууд буюу амлалтын шинжтэй заалтуудыг нам, эвслүүд ирүүлж байсан удаатай. Цалинг хоёр, гурав, таван сая төгрөг болгоно гэсэн намууд ч байсан. Эдгээр нь амлалтын шинжтэй төсвийн зарлагыг нэмэгдүүлж байгаа. Үүнийг нь шалгаад үзэхээр ямар эх үүсвэрээр яаж олгох нь тодорхойгүй байна. Мөн “Үнэгүй орон сууцанд оруулах”, “Зээлийг хүүгүй, барьцаагүй болгох”, “Уул уурхайгаас хишиг хувь хүртээнэ”, “Үнэ төлбөргүй төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн амлалтын шинжтэй зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулж хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн буцааж байсан удаатай. Энэ удаад ч мөн хөрсөн дээр буугаагүй мөрийн хөтөлбөрүүдийг буцааж, иргэдийн амьдралд өөр зорьмог, шинэлэг санал гарч ирээсэй хэмээн иргэд битүүхэндээ горьдон суугаа нь лавтай.