Сонгууль болоход гурван сар гаруйхны хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд ард иргэд нь шинэлээд, алба горилсон улстөрчид нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй шахам явж. Тухайлбал, Ардчилсан намынхан Сар шинийн баярыг гайгүй сайн “ашиглаад” авчээ. Тэд телевизүүдээр “Бүрэн ардчилал” гэдэг нэвтрүүлэг цацаж, сошиалыг жинхэнэ утгаар нь ашиглав.
Үүний хажуугаар жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь нударга дотроо үнэ хаялцаж, тойрог олж авахаар зүтгэж буй. Бид энэ удаад АН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр
Мэдээж жагсаалтын нэгдүгээрт намын дарга Лу.Гантөмөр бичигдэхээр байна. Учир нь тэрээр МАН-тай өрсөлдөх том сөрөг хүчнийг удирдаж яваа хүн. Нөгөө хувилбар нь, тэрбээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тойрогт нэр дэвших сонирхолтой ч сонгууль дөхөх үед бодлоо өөрчлөн жагсаалтад бичигдэх болсон сурагтай.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир
Л.Гантөмөрийн араас Х.Баттулга гол нөлөөлөгчдийн нэг байхаар байна. Үүн дээр Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Н.Ганибал зэрэг фракциудын төлөөллүүд хүнээ шургуулахаар ажиллаж байна. Үүгээрээ ч Х.Баттулга өөрийн баруун гар болох Ө.Шижирийг жагсаалтад шигтгэхээр ажиллаж байгаа гэх. Гэвч тэрбээр тийм ч нэр цэвэр нэгэн биш. АТГ-аас нэрлэсэн нүүрсний хэрэгт шууд ба шууд бусаар холбоотой 17 сэжигтний нэг нь Ө.Шижир. Нүүрсний хэрэгтэй холбоотой дуулиан дэгдээхээс өмнө түүнийг гэр бүлийнхэнтэйгээ хамт гадаад руу зугтсан гэх мэдээлэл ч бий. Ямартай ч сонгуулиар түүнийг дахин харах нь ээ.
Генсек Э.Одбаяр
Арав гаруй дэд даргатай Ардчилсан намын “гал тогоог” барих хүнээр гэнэтхэн Э.Одбаяр гэгч залууг томилсон нь олныг нэлээдгүй гайхшруулсан. Улс төрийн намын генсек бол аливаа улс төрийн сонгуульд намаа удирдан чиглүүлэх гол ажлыг хариуцдаг, чухал албан тушаалтан билээ. С.Эрдэнийн хүүтэй ижил нэртэй энэ залууг олон нийт төдийлөн танихгүй. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Туваан нарын хүн гэдэг. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр “АН-ын дарга С.Эрдэнийн нэрийг барьж, түүний бие муудсан эмчилгээний мөнгө хэрэгтэй байна, сонгуулийн зардалд нь хандив өгөөч” гэх зэргээр худал хэлж Кёкүшюүзан Д.Батбаяр болон гэргий Т.Баясгалан нарт итгэл төрүүлэх замаар тэднээс 600 орчим сая төгрөгийг нь залилсан байж болзошгүй асуудлаар шалгуулж байсан намтартай нэгэн.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц
ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр горилж байгаа ажээ. Гэхдээ илүү найдвартайгаар нь жагсаалтад ч бичигдэж магадгүй. Учир нь УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү “Б.Хурц бид хоёрын нэг нь жагсаалтад бичигдэнэ” хэмээн ярьж яваа сурагтай. Хэрэв тийм дээрээ тулвал бэл бэнчинтэй, томчуудын сул талыг “атгаж”, цааш нь ярих уу, байх уу хэмээн “сүрдүүлдэг” генерал Б.Хурц жагсаалтад бичигдэх магадлал тун өндөр.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нарыг АН-аас Хан-Уул дүүрэг буюу 12 дугаар бүсэд нэр дэвшүүлэх асуудал яригдаж байгаа ч эцсийн шийдвэр нь хараахан гараагүй аж. Х.Тэмүүжингийн хувьд Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт нэр дэвшиж магадгүй гэдгээ ил тод илэрхийлсээр байгаа ч намынхан нь жагсаалтыг санал болгоод байгаа хэмээн улс төрийнхөн ярьж байна.
Ардчилсан намын дэд дарга С.Баярцогт
С.Баярцогтын хүч бүдгэрсэн ч мандат хуваарлилтад голлох дүрүүдийн нэг болж, тоглоомд оролцох нь. Л.Гантөмөр С.Баярцогтыг улс төр хариуцсан тэргүүн дэд даргаар томилсон нь нэг ёсондоо түүнд мандат хуваарилалтад оролцох үнэмлэхүй эрх олгож буй хэрэг. Энэ ч утгаараа жагсаалтын дээгүүрт С.Баярцогт бичигдэх нь гарцаагүй. Улс төрийнхний дунд АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэсэн яриа ч бий.