Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд гэхэд нийслэлд 205,531 иргэн газар өмчилжээ. Гэхдээ үе үеийн хотын мээрүүдийн хөлжих нэг гарц нь газар худалдах болоод удаж буй.
Олон хавар нэгэндээ гэгчээр тэдний Улаанбаатар хотын газраас ил, далдаар олгосон нь илэрч, УИХ-ын хаврын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахдаа хүрэв. Тун удахгүй УИХ-аас сонсгол зохион байгуулж, газрын наймааны эл асуудал хэрхэн яаж хувирч, томорч өөрчлөгдөхийг бултаараа харцгаах нь. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гарсан томоохон осол гарахад Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тодотгосноор эцсийн дүндээ газрын наймаатай холбогдож буй учраас нээлттэй сонсгол зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн байдаг.
Тэгвэл энэ газрыг хэн гэдэг эрх дархтан ямар хүнд олгов.
Олгосон газрынхаа хэмжээгээрээ хотын мээр асан М.Энхболд толгой цохиж буй бол түүний араас Э.Бат-Үүл, Г.Мөнхбаяр, С.Батболд нар жагсчээ. Тухайлбал,
- М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777 м2 газар,
- Монгол Улсын баатар Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559 м2 газар, Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129 м2 газар,
- Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
- С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
- Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар,
- Т.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар газар олгожээ.
Хамгийн сонирхолтой нь, хотын мээрээр ажиллаж байгаагүй, зөвхөн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр хэсэгхэн зуур ажиллаж байсан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газрыг зарсан аж. Хамгийн ноцтой нь тэдгээрээс 38 нь амины орон сууцны зориулалттай байгаа юм.
Түр орлон гүйцэтгэгчид ийм хэмжээний эрх мэдэл байдаг эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн албан тушаалтан үүрэг гүйцэтгэгчээр ямар тохиолдолд, хэрхэн ажиллахыг Засгийн газрын хуралдааны дэг болоод Засгийн газрын тухай хуулиар шийддэг.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 43.3 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх үүргийг хэн гүйцэтгэж болохыг зохицуулжээ. Улмаар түр орлон гүйцэтгэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоо буюу эзгүй албан хаагчийг ирэх, хуулийн дагуу томилох хүртэлх хугацаанд албан үүргийг нь гүйцэтгэх. Энэ нь ямар тохиолдолд байхыг Засгийн газар тусгайлан журамлажээ. Тодруулбал,
- Ээлжийн амралттай
- Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй
- Дотоод, гадаад албан томилолттой
- Гурван сар хүртэл хугацаагаар сургалтад хамрагдах
- Удирдах дээд байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тусгай даалгавар, ажил үүрэг гүйцэтгэх
- Жирэмсний болон амаржсаны амралттай
- Албан хаагч өөрийн хүсэлт болон даргын тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцлага алдаж албан тушаалаасаа буурсан, өөр албанд томилогдсон, халагдсан, нас барсан шалтгаанаар албан үүрэг нь түр эзгүй байх тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч түр орлох юм.
Гэвч түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгч нарт газар олголт мэтийн томоохон шийдвэр гаргах эсэхийг ямар ч хуульд тусгайлан заагаагүй буюу тэднийг ямар эрх үүрэгтэй ажиллахыг хуулиар тодорхой зохицуулж өгөөгүй байна. Улс төрийнхөн энэ хуулийн цоорхойг ашиглаж, хүссэн нь дуртай цагтаа газар олгодог болжээ.
Иргэд нь 0,07 га газраа ч авч чадахгүй байхад хотын дарга нар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст зах замбараагүй газар олгож ирснээс авлига цэцэглэж, Улаанбаатар хот хүндээ ээлгүй, цементэн ширэнгэ болсныг өнөөдөр та ч, би ч харж байна.