Монгол Улс 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуультай болсон. Уг хуулийн дагуу Засгийн газар энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааныхаа үр дүнг УИХ-д хоёр жил тутам тайлагнах ёстой. Гэвч дээрх хуулийг баталснаас хойш 10 жилийн дараа буюу 2021 онд анх удаа эл тайланг парламентаар хэлэлцүүлсэн байдаг. Улмаар өнгөрсөн оны сүүлчээр хоёр дахь удаагаа танилцуулахдаа жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт 50 хувь буюу “хэрэгжих шатанд байна” хэмээн үнэлжээ. Мөн анхны тайланг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцээд, хэрэгжилтийг нь сайжруулах зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд үүнийг 54 хувьтай буюу “эрчимжүүлэх шаардлагатай” гэж дүгнэсэн байна.
АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРЭГ, СУМЫН ЭМЭГТЭЙ ЗАСАГ ДАРГА НАРЫН ТОО КВОТДОО ХҮРЭХГҮЙ БАЙНА
Эдгээрээс Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10.1-т заасан эрэгтэй, эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал эрхлэх тэгш эрх бодитой хэрэгжих боломж нөхцөлөөр хангах бодлого хангалтгүй байгааг онцолжээ. Тухайлбал, улс төрийн албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг, нийслэлд 15, дүүрэгт 20, сумд 25, хороонд 30 хувиас доошгүй байх ёстой. Одоогоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яамтай болон яамгүй 21 сайдтай ажиллаж байна. Үүний дотор эмэгтэй сайд гурав буй нь Засгийн газрын нийт гишүүний 13.6 хувийг эзэлж байгаа бөгөөд дээр дурдсан 15 хувийн квотод хүрэхгүй байна гэсэн үг. 2016 оноос хойших буюу сүүлийн найман жилийн томилгооноос харвал 2020, 2021 онд гүйцэтгэх засаглалын танхимд дөрвөн эмэгтэй сайд ажиллуулсан үед л хуульд заасан хүйсийн босгыг давж байж. Харин дэд сайдын хувьд 2016-2019 онд таван эмэгтэйг томилсон нь 38.5 хувьд хүрч, квотын шаардлагыг хангасан юм. Мөн өдгөө дэд сайдаар гурван бүсгүй ажиллаж буй нь 20 хувь буюу хуулийн босгыг давсан хэрэг.
Үүнээс гадна аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарын тухайд бас л квотод хүрсэнгүй. 2023 оны байдлаар Ховд аймаг, Сүхбаатар дүүрэг болон 56 сумыг эмэгтэй Засаг дарга удирдаж байгаа нь хуулийн шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Харин аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тоо хуулийн квотод хүрч буй аж. Өмнөх жилүүдэд ч Засаг даргын орлогчоор ажилласан эмэгтэйчүүдийн тоо дээрх квотыг хангаж байжээ. Мөн 96 хороог бүсгүйчүүд удирдаж байгаа нь 30 хувийн шалгуурыг давсан үзүүлэлт болж байна.
Түүнчлэн төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын 15, бусад төв байгууллагын удирдлагын 20, яамдын газар, хэлтсийн даргын 30, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байх заалт тус хуульд бий. Сүүлийн найман жилийн томилгоог харвал Төрийн нарийн бичгийн даргаар хамгийн ихдээ гурван эмэгтэй ажиллаж байсан нь өнгөрсөн онд аж. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн өнгөрсөн сард Төрийн албаны зөвлөлийн гишүүн болсноор өдгөө эл албыг хашиж буй хоёр л бүсгүй байна.
Яамдын газар, хэлтсийн дарга нарын түвшин дэх хүйсийн тэнцвэртэй байдалд ахиц гарч буй ч хуульд заасан квотын хэрэгжилт 30-35 хувьтай байгааг “хангалтгүй” хэмээн тус тайланд үнэлжээ. Өөрөөр хэлбэл, нийт дүнгээрээ квотыг хангаж буй мэт харагдах ч зарим яамны газар, хэлтсийн даргаар ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Тиймээс аймаг, нийслэлийн Засаг дарга нараас гадна Төрийн нарийн бичгийн дарга нарт Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх хүчин чармайлт бага байна гэж үзэж, ажлаа эрчимжүүлэхийг зөвлөмж болгожээ.
ОРХИГДСОН ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ
Дотооддоо өөрсдийгөө үнэлсэн эл тайлангийн зэрэгцээ олон улсын байгууллагаас гаргасан үзүүлэлтүүд ч бидэнд дохио өгч буй. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр зарладаг жендерийн ялгаатай байдлын индексээр манай улс 2021 онд 156 улсаас 69, 2022 онд 145 улсаас 70, 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэв. Тус тайланд тусгасан дэд үзүүлэлт болох боловсрол, эрүүл мэндийн салбарын индекс тогтвортой байгаа ч эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин, тэр дундаа парламент дахь төлөөлөл, оролцоог илтгэсэн өнөөгийн үзүүлэлт нь биднийг байр ухрахад голлон нөлөөлж буй. Тиймээс ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг 2024 оны сонгуулиар 30, 2028 онд 40 хувь байхаар тусгав. Мөн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхдээ шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хэд хэдэн зохицуулалтыг оруулсан нь ирэх жилүүдэд үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Гэхдээ санамсаргүй, магадгүй санаатайгаар орхигдуулсан нэг зүйл нь орон нутгийн түвшинд хүйсийн квотыг нэмэгдүүлэн хуульчлах явдал байв. Уг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, эл асуудлыг шийднэ гэж эрх баригчид хэлж байсан ч түүнд гар хүрч болох хугацаа нь хэдийн өнгөрөв.
Тус хуульд “Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн ганцхан зохицуулалт бий. Орон нутгийн сүүлийн гурван удаагийн сонгуулиар аймаг, нийслэлийн ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн төлөөллийн дундаж нь 15 хувьтай байна. Тухайлбал, 2012 оны орон нутгийн сонгуулиар ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо нь 20-иос дээш хувьд хүрсэн ганцхан аймаг байсан нь Булган юм. Тухайн үед ИТХ-ын 33 төлөөлөгчийн 10 нь буюу 30.3 хувийг бүсгүйчүүд эзэлж байв. Харин 2016 онд Баянхонгор, Завхан, Ховд, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо хуулиар тогтоосон квотыг давсан ч дараагийн сонгуулиар эл үзүүлэлт буурсан билээ. Өнгөрсөн сонгуулиар Архангай, Дорноговь, Төв аймгийн ИТХ-д л төлөөлөгчдийнх нь 20-иос дээш хувьд бүсгүйчүүд сонгогдсон түүхтэй. Ингээд ерөнхийд нь хэлбэл, Архангай (6-23 хувь), Баян-Өлгий (2-12), Дорнод (8-13), Дорноговь (1-21), Өвөрхангай (9-17), Сүхбаатар (8-18) гэсэн зургаан аймагт сүүлийн гурван удаагийн сонгуулиар сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсжээ. Гэсэн хэдий ч 20 хувиас давсан аймаг ердөө хоёр байгааг анзаарч буй биз ээ. Харин Увс аймгийн ИТХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн тоо 2012 оноос тасралтгүй буурсаар 2016 онд 12.2, 2020 онд 9.7 хувьд хүрэв.
Сум, дүүргийн ИТХ-ын хувьд ч энэ хүйсийнхний эзлэх хувь доошилж, 2012 онд 29.3 хувь байсан нь өнгөрсөн сонгуулиар 28.6 боллоо. 2020 онд гэхэд Баян-Өлгий аймгийн нийт сумын ИТХ дахь 329 төлөөлөгчөөс 51 нь буюу 15.5 хувь нь эмэгтэй байсан нь 20-иос бага хувьтай ганц аймаг юм. Цаашлаад сумдын ИТХ дахь эмэгтэй төлөөлөгчдийн тоогоор Говь-Алтай, Ховд аймаг сүүл мушгих болов. 2012 оны сонгуулиар нийт 12 аймгийн сумдын ИТХ-д 30-аас дээш хувьд нь эмэгтэй төлөөлөгч сонгогдсон бол 2016, 2020 онд эл тоо буурч, ес болжээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шат ахих тусам энэ хүйсийнхний төлөөлөл буурч байхад эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлд эрх зүйн орчныг нь сайжруулж, квотыг нь өсгөхөд яагаад анхаарал хандуулсангүй вэ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлнэ гэдэг нь зөвхөн парламентаар хязгаарлагдахгүй. Харин ч цогцоор нь зохицуулахыг зорьсон бол жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд илүү ахиц гарах нь лавтай.