2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход 1 сар орчмын хугацаа үлджээ. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болохоор байгаа. Тодруулбал, биднийг төлөөлж 76 гишүүн бус харин 126 гишүүн их хуралд сууж, саналын хуудсанд ч өөрчлөлт орсон юм. Тиймээс иргэд хариуцлагатайгаар сонгуулиа өгөх хэрэгтэйг СЕХ-оос уриалж байна.
Энэ жил УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн аргаар буюу 13 тойрогт хуваасан. Ингэснээр тойрог томсож, мандатын тооноос хамаарч иргэд нэр дэвшигчдийг сонгоно. Тухайлбал, та Баянзүрх дүүрэгт амьдардаг бол 5 нэр дэвшигчийг сонгохоос гадна, 1 нам, эвслийг сонгох юм.
Зөөврийн санал хураалт сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах юм. Харин гадаадад оршин суудаг иргэд сонгуулийн санал өгөхдөө заавал урьдчилан бүтргүүлэх шаардлагатай. Тодруулбал, зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцоно гэсэн бүртгэлээ цахимаар хийж, мөн сарын 20-ноос 23-ны өдөр саналаа өгөх юм. Нэг онцлог зүйл нь гадаадад оришин сууж буй иргэд зөвхөн нам, эвсэлд саналаа өгнө гэдгийг СЕХ-оос мэдээллээ.
Мөн санал өгөх өдөр ААН, байгууллагууд ажилчдадаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах ёстой. Хэрэв удирдах албан тушаалтан ажилчдаа сонгуулийн санал өгөх боломжоор хангаагүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Сонгуулийн санал авах байрнуудад нэмэлт хэрэгслүүд байршуулна. Тухайлбал, иргэд саналаа нууцлах үүднээс хавтасанд хийж санал тоолох төхөөрөмж рүү авч явах байдлаар бэлтгэлийг хангана. Мөн харааны бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад зориулан томруулдаг шилийг бүх санал авах байруудад байршуулах юм байна.
Энэ талаар СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ " 25 нам, эвслийг бүртгэлээ. Тиймээс саналын хуудасны загварыг баталлаа.
Саналын хуудаст хуульд заасан шаардлага бий. Тодруулбал, саналын хуудаст нам эвсэл, нэр дэвшигчийн дараалал, нэр, овгийг хэрхэн тэмдэглэх тухай хуулийн зохицуулалт бий.
СЕХ-нд зургаан намаас дөрвөн төрлийн шаардлага, хүсэлт ирүүлсэн. Нэгдүгээрт, тойргоос нэр дэвшигчийг сонгох хэсэг, нам эвслийг сонгох хэсгийг тусад нь болгох шаардлага тавьсан. Үүнийг СЕХ хуралдаж шийдвэрлэсэн. Нэр дэвшигч болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас хэвлэнэ. Харин нам, эвслийг сонгох хэсэгт нам, эвслийн даргын нэр бичих, лого оруулах зэрэг шаардлагыг хүлээж аваагүй.
Саналын хуудас нууцлалтай үнэт цаас. Саналын хуудас ил болон далд нууцлал бий. Номын баяр болоод Ялалтын талбайд зургаадугаар сарын 25 хүртэл санал өгөх мэдээллийг иргэдэд нээлттэй өгч байгаа
Саналын хуудаст Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу нам, эвслийн нэрийг бичнэ. Эвслийн хувьд хамгийн эхэнд Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллыг харж, жагсаана" гэсэн юм.
Мөн СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Урьдчилсан байдлаар саналын хуудасны загвар гарсан. Бид тестэлж үзсэн. 10 мандаттай тойрогт 250 нэр дэвшигч өрсөлдөж, 10-ыг нь сонгоход машины уншилт 27 секунд болж байна. 25 нам эвслээс сонгож, уншуулахад 11 секунд болж байна.
Тойрогт нэр дэвшигчийг сонгох саналын хуудас хамгийн ихдээ 78.7 см урттай байна. Нам эвсэлд санал өгөх хуудасны урт ихдээ 27.9 см байна" гэв.
Товчоор хэлбэл, Нам, эвсэлд саналаа өгөх, тойрогт нэр дэвшигчид саналаа өгөх буюу сонгогч өөрийн дэмжиж буй нэг нам эсхүл нэг эвслийн нэрийг дугуйлна. Илүү дугуйлвал хүчингүй.
Саналын хуудасны намаас тойрогт нэр дэвшигчид болон, бие даагчдад санал өгөх хэсэг. Энэ хэсэгт тойргийнхоо мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид саналаа өгнө.
Жишээ нь, 10 мандаттай тойрогт 10 нэр дэвшигчийг дугуйлна. Тэдгээр нь нэг нам, эвслээс байх албагүй!
Мандатын тооноос илүү эсхүл дутуу дугуйлвал хүчингүй.