Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглодог. Гэтэл тун удахгүй буюу Цагаан сарын дараахан “Дүнжингарав” уралдаан зохион байгуулахаар товлосон нь олон хүний шүүмжлэлд өртөөд буй билээ. Учир нь Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” хэмээн заасан юм. Ийнхүү хориглосноос хойш таван жил өнгөрч, олон нийт ч өвөл, хаврын цагт хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэдгийг хэдийн ойлгочхоод байгаа. Гэтэл дээрх шийдвэрийг уландаа гишгэж, морь болон хүүхдүүдээр наадахыг санаархагчид байсаар.
“Дүнжингарав” уралдааныг дээд гурван нас, сонгомол гэсэн ангиллаар зохион байгуулах бөгөөд 11-ээс дээш настай хүүхдүүдийг морь унуулна гэсэн зарыг нийгмийн сүлжээнд тавьжээ. Бас энэхүү уралдаанд “Өв соёлын наадам” гэсэн хэтэрхий гоёдсон нэр өгсөн байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрынхны мэдээлснээр уралдааныг санаачлан зохион байгуулагч нь Н.Дэлгэрсайхан гэх иргэн аж. Уг газрынхан тухайн иргэнд уралдааныг хойшлуулах албан бичиг хүргүүлээд буйгаа мэдээлсэн. Ямартай ч өчигдрийн байдлаар уралдааныг үнэхээр хойшлуулсан, эсэх нь тодорхойгүй байв.
“Хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр бий. Гэтэл эрх баригчид удаа дараа “Дүнжингарав” болон өөр нэртэй уралдаануудыг зохион байгуулсаар байна. Өвөл, хаврын уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь үрэгдсэн гэх тоо байдаг. Орлого багатай, малчин айлын хүүхдүүд баячуудын зугаа цэнгэлийн төлөө морь унаж, улмаар амиа алдсан. Хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдлын төлөө өвөл, хавар хурдан морины уралдааныг зогсоох ёстой” гэж зарим иргэн өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм.
Хурдан морь унуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцогддог. Ялангуяа өвөл, хаврын цагт буюу хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулах нь тэдний эрхийг олон талаар зөрчиж, аюулгүй байдлыг нь алдагдуулж, аминд нь ч халдах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, олон улсын гэрээ, конвенцуудыг хэрэгжүүлэх шаардлагын хүрээнд Засгийн газраас дээрх тогтоолоо гаргаж байв. Гэтэл гаргасан тогтоол нь байсаар атал 2024 оны аялал жуулчлалын цаглаварт “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахаар оруулсан нь хачирхалтай.
Тодруулбал, 2024 онд зохион байгуулах аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн хуваарьт энэ сарын 17-18-нд “Дүнжингарав” хаврын морин уралдааныг зохион байгуулахаар тусгажээ. Уг цаглаврыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гаргасан гэнэ. Энэ нь ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэх үүрэгтэйгээр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “даалгавар”-аар ажилладаг. Гэтэл Засгийн газрын тогтоолын эсрэг үйл ажиллагааг аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн доор ийнхүү зохион байгуулахаар төлөвлөсөн нь харамсалтай.
Бэлтгэсэн М.Оч