Улс орон даяар сонгуулийн кампанит ажил явагдаж эхлэхэд сонгогчдод саналаа худалдахгүй, сонголтоо зөв хийхэд уриалсан “Би Саналаа #ХудалдахҮГҮЙ, #ХууртахҮГҮЙ” гэх мэт хөдөлгөөнүүд өрнөж эхэлдэг. Энэ жил ч гэсэн давтахгүй гэх баталгаа үгүй. Ялангуяа сонгогчид энэ жил томсгосон тойргоор саналаа өгнө. Тэгэхээр нэг тойрогт маш олон нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнийгээ дагаад их хэмжээний мөнгө сонгуульд зарцуулагдана. Нэр дэвшигчид хэдийгээр бодлогоороо өрсөлдье гэж байгаа боловч сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөний уралдаан өрсөлдөөний суурь болсон нь ажиглагдаж байна.
Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна.
Дэлхийн жишигт сонгуулийн болон сонгуулийн бус үед тухайн улсын парламентын болон бусад түвшний төлөөллийн байгууллагын гишүүн эсвэл нэр дэвшигч сонгогчдод бэлэн мөнгө эсвэл ямар нэгэн эд материал өгөх, ажилд зуучлах, сонгогдсоныхоо дараа маш олон давуу боломжийг тэдэнд олгосон амлалт өгөхийг хуулиар хориглодог. Гэтэл манай жишиг үүний эсрэг байгаа. Тодруулбал, манай улсад сонгуулийн бус үеийн санал худалдан авалтыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэрх санал худалдан авалтыг хориглосон хэдий ч ийм эрх зүйн зохицуулалт байхгүй мэтээр зарим нам, нэр дэвшигчид сонгогчдын саналыг худалдаж авдаг, түүнд тавих хяналтын тогтолцоо ч сайн биш байна.
Манай сонгогчдод “Энэ нэр дэвшигч надад мөнгөө өгч л байг. Мөнгөө тарааж л байг. Би мөнгийг нь авчихаад сонголтоо өөрөөр хийнэ” гэх хандлага хамгийн түгээмэл байдаг. Энэ нь улс төрчдийг өөгшүүлэх, санал худалдан авалтыг сонгуулиас сонгуульд даамжруулах зэргээр маш хор хөнөөлтэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид санал худалдан авалтад зарцуулж буй тэр санхүүжилтийг бий болгохын тулд ямар эх үүсвэрээс мөнгө босгож байна гэдэг чинь өөрөө эргээд асуудал болж байгаа гэсэн үг.
Яг одоо тараагдаж ногдол ашгийн мөнгө ч үүнтэй холбоотой. Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр мөнгө тарааж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ “Үндсэн хуулийг зөрчсөн олон зохицуулалттай байна. Үндсэн хуульд заахдаа байгалийн баялгийн үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ноогдох эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн. Тэгэхээр ямар харилцаа энд орж ирээд байгаа юм бэ? Мөн хувьцааг эзэмшүүлнэ гэж ямар ойлголт вэ? Хувьцааг буцаагаад авчих юм уу? Өмчлөх биш юм үү? Өмч биш юм үү? Сонгуулийн өмнө дансан дээр бичилт хийдэг, мөнгө хийдэг завхралаас бид сургамж аваагүй байна шүү дээ. Хэтрүүлэхэд залилан. Хуулиараа зохицуулна гээд байхад л ингээд байх юм. Энэ тогтоол дээр ямар ч зүйлт заалт алга. Улс төрийн шинжтэй л юм байна. Ногдол ашиг өгнө эхэллээ. 12 жилийн өмнөх түүхийг л давтана. Баялгийн сангийн тухай хууль орж ирэх ёстой. Баялгийн сан гэдэг зүгээр данс биш. Баялгийн сан бол менежмент хийх ёстой, ирээдүйд өвөө ашиглаж, иргэд өгөөжөө авах ёстой. Энэ бүх харилцаа алга. Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр мөнгө тарааж байна. Энэ компани үнэндээ ногдол ашиг олгох хэмжээний ч биш. Өртэй, алдагдалтай байна л гэж байна” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан удаатай.
Үүгээр зогсохгүй өндөр түвшний авлигатай холбогддог, төсвийн мөнгийг очих ёстой газруудад хуваарилахгүй өөр зүйлд зарцуулдаг, дундаас нь ашиг хонжоо хайдаг. Ингэхээр тэр улс орон ч хөгжихгүй, ард иргэд нь улам ядуурч, улам боловсролгүй болж, амьдрал нь дорддог. Сүүлд нь бүр хамгийн үнэ цэнтэй зүйл болох ардчиллын зарчмууд хэрэгжихээ болино, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл ч байхгүй болох уршигтай.