Өмнөговь аймгийн Даланзадгад сумд таеквондогийн “Пүмсэ-2024” УАШТ боллоо. Уг тэмцээнд 700 гаруй тамирчин ур чадвараа сорьж, ангилал тус бүрд аваргуудыг тодруулав. А ангилалд өрсөлдсөн тулаанчдаас “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүлж, Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клубийнхэн удаалан, “Кёнхи”-гийн тулаанчид III байр эзэллээ. В ангилалд өрсөлдсөн орон нутгийн таеквондочдоос эхний гурван байрт Өмнөговь аймгийн “Дайчин”, “Эхлэл”, “Олимп” клубийнхэн орсон юм. Тэгвэл С ангилалд “Ирээдүйн Монгол” сургалтын төвийнхөн алтан цом өргөж, “Идэр”, “Эхлэл” клубийнхэн мөнгө, хүрэл цомтой буцсан.
Тамирчдаа улсын тэмцээнд амжилттай оролцуулсан дасгалжуулагчдаас У.Ханд (“Эхлэл” клуб) шилдгээр шалгарчээ. Шилдэг шүүгчээр олон улсын шүүгч С.Янжинлхам, шилдэг эмэгтэй тамирчнаар Ц.Цолмон (“Нүүдэлчин” клуб), шилдэг эрэгтэй тамирчнаар Т.Тэмүгэн (“Алдар” спорт хороо) тодорсон байна.