Сонгууль болоход таван сар гаруйхны хугацаа үлдлээ. Ард иргэд нь сар шинэдээ бэлдээд завгүй байгаа бол дээдчүүл нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад МАН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ж.ЭНХБАЯР
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн улс төрийн нөлөөллөө сулруулахгүйн тулд өөрийн итгэлт хүмүүс болох Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг парламентад тавихаар тохироо хийсэн гэх яриа бий. 2020 оны сонгуулиар ЖДҮ-чин гэх нэр зүүсэн Ж.Энхбаярыг тойргоос бус илүү найдвартайгаар нь жагсаалтаар сонгох магадлал тун өндөр. Тиймдээ ч өнгөрсөн сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөр сонгуульд горилж эхэлсэн гэх. Учир нь горилогч нь ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 29.4 дэх заалт жагсаалтын нэр дэвшигчдэд ч хамааралтай гэнэ. Намын жагсаалтад багтаавал эхний гуравт эрэмбэлэх талаар ч яригдаж эхэлсэн байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН
Туршлагатай улс төрч хэмээгддэг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн жагсаалтын нэлээд дээгүүрт орох сурагтай. Тойргийнхоо ахмадуудтай 20 мянган төгрөгөөр золгодог хэмээн нэг хэсэг хэл аманд ороод байсан тэрбээр сүүлийн үед тойргоо услах гэхээсээ илүүтэйгээр намынхаа ажилд шамдах болсон гэдэг. Түүний хувьд мөн сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийн тоог өөрчлөхөд нам дотроо чамгүй оролцоотой байсан тул шагналд нь жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх эрх авсан бололтой.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
2004 оноос хойш парламентад суусан хууччуулын нэг бол яах аргагүй УИХ-ын дарга Г.Занданшатар. Хоёр ч парламент дамнан даргаар нь ажилласан тэрбээр их хурлын өмнөх дарга нараас өөрийнхөө үйл ажиллагаанд хамгийн их төсөв тавиулж, маркетингдаа их анхаарч чадсан нэгэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын 2022 оны урсгал зардал нь дөрвөн тэрбум давдаг тул өндөр үнэтэй маркетингийн менежерүүдийг зөвлөх, туслахаараа ажиллуулдаг гэх.
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМАА
БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргын охин Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилоход нийгэмд багагүй шүүмжлэл гарсан. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажилладаг байсан түүний хөрөнгө хэдэн тэрбумаар хэмжигдэж байсан юм. Тухайлбал, жилийнх нь орлого 96 сая, 2,1 тэрбумын орон сууцтай, дансандаа 670 сая төгрөгтэй, 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-оо мэдүүлж байж. Хамгийн гол нь 1.1 тэрбум төгрөгийн зээл авч байж. Энэ мэтчилэн хэл аманд “өртсөн” дүүгээ тойргоос бус арай найдвартайгаар нь жагсаалтаар парламентад оруулж ирэх бодол Ерөнхий сайдад байж магадгүй.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛД
Монгол ардын намын гол санхүүжүүлэгч гэх Сү.Батболд нам дотроо хамгийн том фракцыг эзэмшдэг. Иймдээ ч жагсаалтын эхний гуравт найдвартай бичигдэнэ гэх сураг бий. Гэхдээ мөн томсгосон тойрог тул парламентад таван удаа сонгогдож, Ерөнхий сайд болтлоо дэвшиж, “танихгүй хүн” үгүй болсон түүнийг тойрогт ч хуваарилж магад. Учир нь Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь гэсэн дөрвөн аймгийн 47 суманд Сү.Батболд өрсөлдвөл иргэд “таньдаг нэр”-ээ дугуйлах магадлал өндөр юм.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАР
УИХ-ын гишүүнээс хотын мээр хүртэл ажиллаж үзсэн Д.Сумъяабазар сонгуулийн ажилдаа орсон гэх. Түүний хувьд хотын даргын ажлаа хүлээлгэж өгснөөс хойш нэг хэсэг чимээгүй байсан ч саяхнаас циркийн барилгын асуудлаар “попроод” эхэлж. Уг нь түүнийг Сонгинохайрхан дүүрэгтээ нэртэй гэх ч олон мянган хүний саналыг үнэгүйдүүлэн гишүүний суудлаа орхисон учраас тойргийнх нь иргэд түүнд “муу” дүн ч тавьж магадгүй болоод байгаа аж. Иймд тэрбээр илүү аюулгүй замыг сонгож, жагсаалтаар бичигдэх тохироогоо хийгээд авчээ.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ӨНӨРБАЯР
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр буурь сэлгэж, төрсөн нутгаа бараадаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэсэн ч очоод тийм нэр цэвэр байсангүй. Аймгийн Засаг даргаар очсон түүний анхны ажил нь аймгийн төвөөр бэлчиж буй малыг “гадуурхсан” явдал байв. Тухайлбал, өөрийн цахим хуудаснаа “Улиастай хотыг муухай харагдуулж байгаа зүйл бол мал, малын нүүдэл байна. Жилийн дөрвөн улиралд хотын төвд мал сэлүүхэн бэлчдэг юм байна. Ногоон байгууламжуудыг сүйтгэж байна. Энэ байдалдаа дасжээ. Бас Алдархааны малчид аймгийн төвөөр дамжин нүүдэл хийж, хотын гудмыг малын баас, шээсээр дүүргэх нь хэвийн үзэгдэл аж” хэмээн бичсэн нь иргэдийн дургүйг ихэд хүргэсэн аж.
Төрийн албанд олон жил ажилласан тэрбээр өөрийгөө их хурлын гишүүн болгохоор шийдсэн ч өмнө нь нэр дэвшиж байгаагүй түүнийг дөрвөн аймаг байтугай Завханчууд ч сайн танихгүй. Иймд жагсаалтаар оруулж өгөхийг “ах нараасаа” гуйж байгаа сурагтай.