Энэ онд тонн зэсийн ханш 9500 ам.доллар болж өсөж магадгүй хэмээн таамаглаж буйгаа “Ivanhoe mines” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дурдлаа. Дэлхийн зах зээлд эл таваарын хомсдол нүүрлэж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал эрэлт нь нэмэгдэхэд нөлөөлнө хэмээн үзэж байгаагаа тэрбээр мөн хэлжээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны байдлаар манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнд зэсийн баяжмал нүүрсний дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Тодруулбал, 1.52 сая тонн зэсийн баяжмалыг 2.62 тэрбум ам.доллароор нийлүүлсэн дүн бий. Монгол Улс 2021 онд 1.28, дараа жил нь 1.45 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн үнэ 8312.15 ам.доллартой тэнцэж байлаа.
Бэлтгэсэн Б.Сонор