“Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөхөөр улс бүрийн тамирчид эрх авах, эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнд оролцож буй. Өмнөд хөршийн Хонконгод энэ сарын 18-21-нд зохион байгуулсан, 19 дэх удаагийн марафон гүйлтийн Азийн АШТ-д хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийнхнаас ОУХМ Д.Гантулга, Г.Хишигсайхан нар хурд сорилоо. Эмэгтэйчүүдийн марафонд Г.Хишигсайхан түрүүлснээр Азийн аваргаар шалгарсан Монголын анхны эмэгтэй тамирчин болов. 2009 оноос энэ спортоор хичээллэн 2017, 2019, 2023 онд ДАШТ-д өрсөлдсөн тэрбээр Японд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 19-нд болсон олон улсын хагас марафонд нэг цаг 10 минут 32 секундээр тэргүүлж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Мөн Тайванийн Тайпэй хотод болсон, олимпын эрх олгох олон улсын тэмцээнд хувийн амжилтаа хоёр цаг 28 минут 33 секунд болгон, дөрвөн минутаар ахиулан мөнгөн медаль хүртэж, чансааны эхний 76 дугаар байрт бичигдэв. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо чансаагаараа эхний 80 байрт жагссан тамирчинд олимпын эрх олгож буй. Манай эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Ж.Олонбаяр нар Парисыг зорих болзлоо биелүүлээд байна.