Сонгууль хаяанд ирлээ. Энэ удаад бид сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Таны хэнд саналаа өгч байгааг таниас өөр хэн ч мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Учир нь сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хуулиар хориглоно.
Ядахдаа бид 126 гишүүний 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Энэ хэрээрээ нэр дэвшигчийн нэр олон, саналын хуудас том байна. Мажоритар болон пропорциональ гэсэн хоёр тэмдэглэгээ хийнэ. Мажоритар тал дээр 78 мандат дээр, пропорциональ тал дээр нэг намыг дугуйлах тэмдэглэгээ хийнэ.
Хоёр хуудас дүүрэн нэрс дундаас танил нэрээ л дугуйлах магадлал өндөр. Иймдээ ч нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүснэ. Энэ үед л нууцаар мөнгө тараах, сонгогчдын саналыг худалдаж авах тохиолдлууд ихэсдэг талаар экспертүүд хэлж байна.
Угтаа бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно хэмээн заасан.
Хуульч, судлаач Д.Бат-Эрдэнийн мэдээлж буйгаар бэлэг сэлт бэлэн мөнгө тараахтай холбоотойгоор тухайн нэр дэвшигч бэлэн мөнгө тараасан гэдгийг баримтаар баталгаажуулж өгсөн мөнгөнийх нь хэмжээг 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авах боломжтой аж. Гэтэл манайхан мэдээлэх нь бүү хэл хав дарж нуудаг. Үүгээр ч зогсохгүй гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр мөнгө авчихаад тухайн нэр дэвшигчдээ саналаа өгснөө баримтжуулах гэж зураг авах, бичлэг хийх тохиолдол ч гарч байсан. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм.
Сонгогч нь санал авах байрнаас саналын хуудас авч гарах, саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулах нь хуулиар хориотой. Хэрэв дээрх үйлдлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу тухайн хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгоно эсхүл 14 хоногоор баривчилна гэж заасан байдаг.
Мөн энэ удаагийн сонгууль томсгосон тойрог тул санал хураах кабинуудын тоог ч нэмнэ. Тоо нэмэхийн хэрээр иргэд, сонгогчид саналаа тайван, нягт няхуур, ул суурьтай хандаж өгөх бололцоо бүрдэнэ гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байгаа аж.
Үүнээс гадна санал авах байрны хяналтын камерыг сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахгүйгээр байрлуулж, сонгогчийг бүртгэх болон санал өгөх орчинд явагдаж байгаа үйл ажиллагааг баримтжуулах юм. Иймд сонгогч таны санал зөвхөн таны мэдлийнх л байх болно. Хэн нэгний нөлөөнд авталгүй, өөрийн сонголтоо хийх нь зөв юм.