Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ өчигдөр батлав. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өнгөрсөн оныг дуусталх хугацаанд төрсөн, Монгол Улсын харьяат болсон иргэн бүрд дээрх компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх нь. Үүнд нэг сая 5000 хүн хамрагдах бөгөөд тус компанийн нийт хувьцааны 27 хувь нь иргэдэд очих юм байна.
Уг нь эл тогтоолд 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх, эсэхтэй холбоотой заалт байхгүй ч хэлэлцүүлгийн явцад парламентын гишүүдийн яриа үүн рүү чиглэж, УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө мөнгө “тараах” нь үндсэндээ тодорхой боллоо.
Намрын чуулганыг хаасан ч удахгүй ээлжит бусыг зарлан хуралдуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хууль тэргүүтнийг батлах замаар үүнийгээ хийх эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг гэж хэр хэмжээний мөнгө өгөх нь одоогоор тодорхойгүй ч энэ оноос өмнө мэндэлсэн, өдгөө амьд сэрүүн байгаа бүх хүнд өнөөгийн эрх баригчид төрийн нэрийн өмнөөс хэдэн цаас атгуулаад, сонгуулиар саналыг нь худалдаж авна гэсэн үг.
Үүгээр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх нь буруу, байгалийн баялгийнхаа орлогоос ард түмэн нь хүртэж болохгүй гэж хэлж буй юм биш. Харин ч өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Иргэдийн хувьцааных нь ногдол ашгийг нүдээ аниад ч болов өг. “Эрдэнэс Тавантолгой”-н мөнгийг төрийн нэрээр төмөр замын төсөл гэх мэт баахан зүйлд хэдэн их наядаар нь зарцуулчхаад, иргэддээ ногдол ашиг өгөхөөр дампуурна гэж ярьж болохгүй. Энэ компанийг дампууруулах ажлыг төр, Засгийн газар өөрөө хийсэн” хэмээн шүүмжилсэн нь үнэн, үүнтэй санал нэг байна. Гагцхүү сүүлийн хэд хэдэн удаагийн сонгууль бүрээр эрчээ авч, илүү боловсон хэлбэрт шилжиж буй мөнгө тараадаг “жүжиг”-ээ үргэлжлүүлж байгаа нь харамсалтай. Уг нь өмнөх буюу 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ 2019 онд Үндсэн хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд нийцүүлэн органик хуулиудаа шинэчлэх нь одоогийн парламентын хийх гол ажил байсан гэхэд болно.
Тухайлбал, Үндсэн хуулийн 6.2-т нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэх заалтыг амилуулахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлах ёстой. Энэ хуулийг батална гэж чуулган бүрээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ирсээр дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзлээ. Эрх баригч МАН-ынхан газрын хэвлийн баялаг ашигласны орлогоос Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, үүгээр санхүүгийн үр ашиг бүхий төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, үнэт цаас гаргах зэргээр арвижуулах нь бүү хэл хуулийг нь ч батлалгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгах нь. Харин одоо дахин сонгогдохын төлөө, 1072 хувьцааны ногдол ашгийг тараахын тулд халаагаа өгөх гэж буй парламент ээлжит бус чуулган зарлан байж эл хуулийг хэлэлцэх гэж байгаа нь “уламжлал”-аа давтаж буй хэрэг гэлтэй.
Сануулбал, дөрвөн жилийн өмнөх өдий үед 1072 хувьцааг эзэмшигч иргэн бүрт 96 480 төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэснээ Засгийн газраас зарлаж байв. Ингээд 2016 оны тавдугаар сард буюу сонгуулийн санал хураалтаас өмнө иргэдийн эзэмшиж буй хувьцааны тоо, хэмжээнд дүйцүүлэн багадаа 47 130, ихдээ 96 480 төгрөгийг данс руу шилжүүлсэн юм. 1072 ширхэг хувьцааг 2011 онд Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлснээс хойш 10 жилийн дараа анх удаа ногдол ашиг тараасан нь тэр.
Бүр эртний түүхийг сөхвөл, 2008 оны сонгуулиар МАХН буюу өнөөгийн МАН “Эх орны хишиг” нэрээр 1.5, АН “Эрдэнэнийн хувь” тодотголтойгоор нэг сая төгрөг хүн бүрд амлаж, нэлэнхүйд нь өгч байлаа. Ингэхдээ эхлээд 2008 оны сонгуулиар УИХ-д олонх болсон МАН, С.Батболдын Засгийн газар иргэн бүрд500 мянган төгрөг өгсөн. Иргэн бүрд их хэмжээний бэлэн мөнгө тараах эл ажлыг 2010-2012 онд буюу дараагийн сонгууль хүртэл хийсэн гэхэд болно. Ингээд амласнаа хүн бүрд бүтнээр нь өгч дийлэхгүйд хүрэнгүүт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн сая төгрөгийг нь хүртээсэн юм. Улмаар Ардын намынхан бүх иргэнд тараасан 500 мянга, заримд нь өгсөн 1.5 саяараа сайрхаж, 1072 хувьцаа эзэмшүүлснээрээ шоудах тактикийг 2012 оны сонгуулиар баримталсан.
Өнөөгийн эрх баригчдын айсуй сонгуулиар ярих үндсэн сэдэв нь ч 1072 хувьцааны ногдол ашиг байх биз. Харамсалтай нь, энэ бүхний эцэст тухайн үеийн эрх баригчдын балгийг үүрч, зээлж аваад тараасан мөнгийг нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас төлсөн. Улс төрчдийн урьдчилж аваад, сонгогчдын саналыг худалдан авахад зориулсан 300 сая ам.долларын зээлийг хаахад хилээр гаргасан нүүрс болгоны төлбөрийг зарцуулж, компани нь өдөр тутмын үйл ажиллагаандаа ч зарцуулах мөнгөгүй хоцорсныг “Эрдэнэс Тавантолгой”-г удирдсан бүх дарга “нүүрсний” сонсголын үеэр хэлсэн шүү дээ. Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэж амласандаа “зөв харж инээн, буруу харж уйлан” байж хүрэхийн тулд хийсэн “ажил” нь эл хувьцаанаас л эхэлсэн гэсэн үг.
2012 оны сонгуулиар олонх болсон АН-ынхан аанай л Тавантолгойг ашигласан. Тэд зарим иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, оюутны сургалтын төлбөрийг суутгах замаар 1072 хувьцааг нь “амилуулсан” юм. Улмаар 2016 оны сонгуулийн өмнө З.Энхболдын тэргүүлсэн УИХ, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэрээр АН-ынхан “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлж, зарим иргэнээс “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны 30 хувь буюу 323 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авсан түүхтэй. Энэ нь ч ялгаагүй сонгуулийн өмнө сонгогчдод мөнгө “тарааж”, саналыг нь худалдан авах гэсэн заль байв.
Ингээд харвал 16 жилийн зайтай болж буй эдгээр үйл явдалд ямар ч ялгаа алга. Тухайн үед их мөнгөний үнэр авсан улс төрчид хуулийн хязгаарлалт, хориглолтгүйг далимдуулан амандаа орсноо бурж байсан бол өдгөө хийдэл, цоорхойг нь ашиглан сонгогчдын саналыг худалдан авах ажиллагааг эрх баригчид илүүтэй явуулж байна. Уг нь мөнгө, эд хөрөнгө, эдгээртэй холбоотой эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбоотой аливаа амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгахыг улс төрийн намууд, нэр дэвшигчдэд хориглосон заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд бий.
Цаашлаад нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан ажил, амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг зөрчиж буй, эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулахаар хуульчилсан. Нөгөө талаас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хишиг, хувь, хувьцаа өгөх, мөнгө, эд зүйл тараах”-ыг хориглосон заалт уг хуульд байгаа.
Харамсалтай нь, мөрийн хөтөлбөрөөс гадуур, сонгуулиас өмнө энэ мэтээр сонгогчдыг татах ажлыг хийх “цоорхой”-г үе үеийн эрх баригчид овжин ашигласаар ирсэн. Засгийн газар, УИХ-ын нэрээр кампанит ажил өрнүүлж, сонгогчдын санал худалдаж авахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг нь аливаа эрх баригчдын нийтлэг төрх. Сонгогчдоос санал авах гэж сайхан зүйл ярьж, түүнийгээ албажуулан шийдвэрлэсэн болгох гэж хөнгөн хуумгай хандан, хөрөнгө мөнгөөр “зодож”, хүчээр хэрэгжүүлэх гэдэг нь аль ч сонгуулийн өмнө моодонд орсон хэвээрээ. Тэгсэн атлаа Засгийн газрын үйл ажиллагаа мэт харагдахаар өнгөлөн далдалж, сонгуулийн шоу хийж буй тэд сонгуулийн өрсөлдөөн гарааны тэгш байдлаас эхлэх ёстой гэж энд, тэнд ярьж явдаг нь ичмээр.