УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад дахин сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог хоёр дахь удаагаа удирдаж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга, хариуцлагатай холбоотой гомдлуудыг хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй байнгын хороо ч үйл ажиллагаа явуулдаг, эсэх нь ч мэдэгддэггүй, усанд хаясан чулуу шиг байлгадаг хүн бол удирдлага нь буюу Б.Баттөмөр. Ер нь байнгын хороод, тэр дундаа гишүүдийнхээ ёс зүй, тэдний үйл хөдлөл, үг хэлтэй холбоотой гомдол, шүүмжлэлд хариу өгч, сахилга, хариуцлагыг нь сахиулах үүрэгтэй Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог удирдах хүмүүс өөрөө ёс зүйтэй байж илүү манлайлал, санаачилга, зориг гарган ажиллах ёстой. Б.Баттөмөр гишүүн ингэж идэвх зүтгэл гаргадаггүй ч үнэхээр ёс зүйтэй хүн учраас улиран сонгогдоод байна гэвэл юу л бол.
Өдгөөгөөс жил гаруйн өмнө “нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн албан тушаалтнуудын жагсаалтыг АТГ-аас зарлахад түүний нэр багтаж байв. Мөн 2016 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсоныхоо дараа ЖДҮХС-гаас зээл авсан улс төрчдийн нэг нь тэр болов. Тодруулбал, ЖДҮХС-гаас түүний 80 хувийг нь эзэмшдэг “Мондем” ХХК 2018 оны аравдугаар сард 300 сая төгрөгийн зээл авсан нь ил болсноор жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих санг “томчууд” нь тойрон хүрээлэгчтэйгээ цөлмөсөн хэрэгт холбогдсон улс төрчдийн тоог нэмсэн түүхтэй. Б.Баттөмөр гишүүн хөрөнгө, орлогын 2015 оны мэдүүлэгтээ “Мондем”-ийн 79.7, 2016, 2017, 2018 оныход тус тус 80 хувийг эзэмшдэг гэж дурдсан байдаг. Харин “ЖДҮХС-гийн хулгай”-н дуулиан дэгдсэнээс хойших дөрвөн жилийн мэдүүлэгт нь “Мондем” алга. Илт ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдын боломжийг хулгайлан, өөртөө, ойр дотнынхондоо давуу байдал үүсгэснийг дэлгээд эхлэхээр хөрөнгөө бусдад шилжүүлэн, хувь, эзэмшлээ нуудаг жишгээр “ажилласан” нь тэр биз. Өөрөө хулгайлчхаад “Хулгайлж болохгүй, ёс зүйтэй байгаарай” гэж яаж хэлж чадах билээ. ЖДҮХС, Хөгжлийн банк, нүүрсний гэх тодотголтой том, жижиг энэ олон хулгайд холбогдсон гишүүддээ ёс зүйн хариуцлага тооц хэмээн олон нийт хэчнээн шаардаад ч хөдлөөгүйн шалтгаан нь энэ бололтой.
Н.Алтанхуягийн Засгийн газрын хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс шатахуун импортлогчийнхоо хувиар 7.2 тэрбум төгрөгийн зээл авсныг эх сурвалжууд мэдээлж байв. Нийгмийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх үед ганзагын наймаанд явж, бизнесээ эхлүүлсэн гэх Б.Баттөмөр 2000-аад оноос гаалийн болон татварын байгууллагыг удирдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ ажилласан байдаг. Арилжаа, наймаа хийхээс илүүтэй “гаалийн”, бас “татварын Баттөмөр” хэмээн нэрлүүлтлээ төрийн томоохон хоёр байгууллагыг даргалж явсан түүнийг “Төрөөс төрсөн бизнесмен” гэх нь ч бий. Учир нь тэр “Тэс петролиум” компаниа үүсгэн байгуулж, түүгээрээ овоглодог болтлоо үйл ажиллагаа нь өргөжин дэвжсэн үед төрд дээрх албан тушаалыг хашиж явсан юм билээ.
Ер нь тэрбээр уснаас хуурай гарч, нэр төрөө хамгаалахдаа нэн сайн нэгэн. ЖДҮХС-гаас зээл авсан нь илэрмэгц тэр дор нь төлөөд, “арьсаа” хамгаалчихсан бол “нүүрсний хулгай”-д холбогдонгуутаа “Би Тавантолгойг хаана байдгийг ч мэдэхгүй” хэмээн мэлзэж явсан хууль тогтоогч. УИХ-аас зохион байгуулсан нүүрсний сонсголд гаалийн байгууллагыг удирдаж явсны хувьд дуудагдчихаад “Би болон миний хүү буруугүй, энэ хэрэгт холбоогүй” хэмээн өөрийгөө л өмөөрдөг хүн. Харин хуурамч шатахууны талаар парламентын түвшинд ярилцаж байхад тэрбээр ганц үг ган хийгээгүй. Уг нь “Сэлэнгэ петрол”, “Тэс петролиум”, “Ойн бирж”, “Жэй Эм Ойл” зэрэг нефтийн бүтээгдэхүүний жижиглэн, гадаад болон дотоод худалдаа, шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын эзэн тэрбээр хуурамч шатахуун үйлдвэрлэдэггүй л бол байр сууриа илэрхийлэх ёстой баймаар. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудатай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж, санал хураалтад оролцохгүй байх ёстой.