-Угаараар амьсгалж, үерт автаж, түгжрэх гэж татвар төлдөг үү-
Хотын татвар нэрээр худалдан авалт бүрээс хоёр хувийг суутгаж авчихаад зам дээр цацах давсгүй, түгжрэлийг тэгш сондгойгоор аргацааж, хотын иргэд нь “үхлийн хөндийд” “харх” шиг амьдарч байна. Нийслэлийн иргэд татвар төлснийхөө хэрээр үйлчилгээ авах биш аар саархан шалтгаар цагдуулдаг, гэмтдэг, эрүүл мэндээрээ хохирдог жишиг тогтсон билээ.
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Нийслэл хотын албан татварыг нэмсэн. Тодруулбал, НИТХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны хурлаас дээрх татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг байсныг хоёр хувь болгон өөрчлөлт оруулсан гэсэн үг. Улмаар 2024 онд 32 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Энэ татварыг төлснийхөө хэрээр иргэд эрүүл, ая тухтай нөхцөлд амьдрах учиртай. Гэтэл татвар төлөгчид нь хохирдог, эрх нь зөрчигддөг байдал газар авсаар... Ер нь нийслэлийн иргэд 2015 оноос хотын татвар төлж ирсэн. Есөн жилийн хугацаанд 60 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Гэсэн ч нөхцөл байдал улам дордож, хотын асуудал шийдэгдээгүй, иргэд нь ханиаданд дарлуулж, эдгэрдэггүй ханиадыг намжаах гэж эмэнд цалингаа зарцуулж, уушгины өвчлөл, хавдар нэмэгдэхэд хүрлээ. Харин хотын татварт төлсөн мөнгө хаашаа орсон бэ...
Ямар сайндаа Японы иргэн Томоко ийн жиргэжээ. Тэрбээр “Улаанбаатарчуудын тэвчээрийг шүтдэг. Япончууд тэсвэр муутай. Улаанбаатар дахь Япон элчингийн ажилтнууд уурхайн хүнд нөхцөлөөр цалин авдгийг мэдэх үү?” гэсэн байна.
Дээрх жиргээнээс харахад иргэдээ боддог улсын бодлого нь хүртэл ээлтэй. Гэтэл Нийслэлийн иргэд угаараар амьсгалсныхаа төлөө татвар төлдөг гэхэд хилсдэхгүй. Тодруулбал, Нийслэл хотын албан татвар гэдэг нь бүх төрлийн архи, тамхи худалдан авах, баар, ресторан, зочид буудал, авто үйлчилгээ, автомашины угаалгын газруудаас авах үйлчилгээнд оногдуулах татвар юм. Дээрх чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг татвар төлөгчөөр дамжуулан иргэдээсээ төсөв босгож байна. Иргэн та ресторанаар үйлчлүүлэхээс эхлээд машинаа угаалгах бүрд зарцуулсан мөнгөнийхөө хоёр хувийг хотын татварт төлдөг гэсэн үг.
Мөн өөр нэг иргэн “Улаанбаатар хотын татвар гэдэг нь амралтын газар, зочид буудал, баар, ресторанаар үйлчлүүлж, согтууруулах ундаа, тамхи авахад төлдөг татвар юм. Эрх баригчид ийнхүү нэмж болох бүх татварыг өсгөж, иргэд, аж ахуйн нэгжээ шулж, төсвийн орлогыг нэмэгдүүлж байна” гэжээ.
Харин татвар нэмэхийг санаачлагчдын зүгээс “Хотын татвар нэмэгдэх гол шалтгаан нь аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг, өрхийн өдөр тутмын амьдралтай холбоотой татвар биш” хэмээн тодотгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын харж байгаагаар жуулчид ирээд хотын татварыг бүрдүүлэх юм гэнэ. Харин бодит байдал дээр иргэд дээрх татварыг нуруун дээрээ үүрнэ гэдгийг огт тооцоолсонгүй юу эсвэл мэдэн будилсан уу бүү мэд. Татвар нэрээр хүчээр төлбөр төлүүлдэг энэ мэт механизм Улаанбаатар хотыг иргэдэдээ улам ээлгүй болгож байна. Газрын наймаа, “ногоон автобус”-ны хэрэг зэргээс харахад нийслэлчүүдийн төлдөг татвар дарга сэтэртнүүдийн хөрөнгийг зузаатгах мөнгөний суваг болжээ.
Иргэн Э “Дарга сэтэртнүүдийн тансаглал, тэнэглэл, хулгайн мөнгийг дараа нь татвар төлөгчид л төлдөг. Нэгдэж нийлж хариуцлага нэхдэг болмоор байна. Хотын татвар гэх мэт янз бүрийн татвараар иргэдээ шийтгэж байхаар эхлээд ХӨГЖЛИЙН БАНК, ЖДҮ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД-даа хариуцлага тооцож, төсөвт бий болгосон хохирлыг нь төлүүлчихээд дараа нь иргэдээсээ татвар нэх!!!” хэмээн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 2.5.10. Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгох асуудлыг тусгасан байдаг. Гэтэл татварыг нийтээр нь үе шаттайгаар нэмсээр иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ нурууг авлаа. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа хууль, тогтоомжуудаас жишээ татахад, Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө, Нийслэл хотын албан татвар хоёр дахин нэмэгдлээ, Торгууль, төлбөр, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тогтмол (9-18 цагийн хооронд) ажил эрхэлдэг хүмүүс орлогын албан татвар 10 хувийг төлдөг бол хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нэг хувийн татвар төлнө, Автомашины торгуулиа хугацаанд нь төлвөл 50 хувь хөнгөлнө, төлөхгүй бол 50 хувь нэмнэ, Агаарын бохирдлын төлбөр хоёр дахин нэмэгдлээ, Хөрөнгийн орлогод, хөрөнгө борлуулсны, эрх авсны орлогод тус бүр 10 хувиар татвар ногдуулдаг боллоо. Мөн иргэдийн орлогоос нэг хувийн татвар авна. Үүнийг иргэд хүчээр төлнө! Тиймээс төлсөн татвараа хянаж, шаардлага тавьж сурцгаая. Угаараар амьсгалсныхаа нөхөн төлбөрийг Хотын удирдлагаас нэхэцгээе.