Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулиар гадаадын иргэдэд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр өгөх гэж байгааг эсэргүүцэж УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Энэ талаараа тэрбээр “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан хүний хувьд Ч.Хүрэлбаатар сайдын өргөн мэдүүлээд байгаа Хөрөнгө оруулалтын гэх хуулийн талаар нийтийн сонсгол зохион байгуулж, олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт тавьлаа. Учир нь тус хуулинд газартай холбоотой заалт орсон болохоор хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам олонхи байгаа үед тус хуулийг батлах бус 2024 оны сонгуулиар батлагдсан 126 гишүүнтэй байх үед хэлэлцүүлээч гэсэн шаардлага тавьсан. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 100 мянган ам.долларыг 2013 оны үеийн 100 мянган ам.доллар гээд олон нийтийн толгойг эргүүлж байна. 100 мянган ам.долларын босго байхгүй бол гадаадын ямар ч хамаагүй хүн орж ирээд манай газар нутгийг эзэмшээд гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг бий болгосон хуулийн цоорхойг бий болгоно" гэв.