"Найрах арга чинь бууруудаад байна" гэдэг шиг МАН-ын хар пиарын армийн "Ноцтой мэдээ" технологи хуучраад, үйлчлэхээ байжээ бүр. Тодруулбал, “Ачит ихт” ХХК-тай холбоотой асуудлаар цагдаагийхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарын вайбер чатыг олонд дэлгэсэн юм. Угтаа бол иймэрхүү мэдээллийг цагдаагаас биш тагнуулын байгууллага дэлгэмээрсэн. Үүнээс өмнөхөн Зориг агсны хэргээр түүний гэргий Б.Булган “Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог” гэх агуулга бүхий ярилцлага өгсөн. Тус нэвтрүүлгийг зохион байгуулалттайгаар 14-15 телевизээр удаа дараа цацсан. Энэ нь нэг ёсондоо “ногоон автобусны” гэх хэрэг, төрийн нууцлалын гэрээ, утаа, түгжрэл, Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаа мартагнуулах тактик юм уу даа.
Ер нь иймэрхүү тактик 2023 оноос эхлэн удаа дараа явагдлаа. Хөгжлийн банкны хэргийг Хянан шалгах түр хорооны хэлэлцүүлэг нүүрсний хулгайн хэрэг, Улаанбаатар төмөр замын 10 тэрбум төгрөгийн хэрэг хийгээд улс төрийн томчуудын орооцолдсон хэргүүдийг мартагнуулах, гал унтраах нэг арга байсан гээд хэлчихэд хол зөрөхөөргүй байна. Хэлэлцүүлэгт гэрчээр оролцох байсан улс төрийн томчууд, Хөгжлийн банкнаас зээл авч, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ хугацаанд нь төлөөгүй “зугтсан” компанийн жинхэнэ төлөөлөгч нар өөрийн бие төлөөлөгч гэх хэдэн “хурган” дарга нараа явуулж, өөрсдөө хаалганы цаана мултарч үлдсэн. Хянан шалгах түр хорооны гишүүд ч “Муу муудаа жанжин, муна гадсандаа жанжин” гэгчээр мэдүүлэг өгч, тайлбар хийхээр ирсэн компанийн төлөөллийн хэдэн ажилчдыг камерын өмнө даналзтал загнаж, тайлбараа ч бүрэн дүүрэн сонсож мэдээллээ авахгүй, олны өмнө ууртай дарга нар байж байгаад л өөрсдөө Хөгжлийн банкны хэргийг илрүүлсэн аятай том том дуугаар ч, зандарсаар эхлүүлсэн ажлаа өгсөн даалгаврын дагуу яг таг гүйцэтгэсэн.
Эндээс харахад эрх баригч намынхан төрд үнэн ч ажиллаж байгаа дүр үзүүлсэн хэдэн гишүүдийнхээ нэр хүндийг нь өсгөх нэг тактик боловсруулж, нөгөө талдаа улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт ажлаа хийж, дарга нарын даалгавар биелүүлсэн компанийн хэсэг ажилтныг төрд тэрсэлсэн хэрэгт буруутгаж, яллаад дараагийн дуулианаа дарах хуучин технологио хэрэгжүүлж байна.
Хөгжлийн банкны сонсгол болохтой зэрэгцээд хүүхдийн мөнгөний бүртгэлийн асуудлаар нийгэм даяар дуулиан тарьсан нь ч учиртай. Угтаа бол Хөгжлийн банкны нийтийн сонсголыг олны анхаарлаас холдуулах нэг арга ч байсан байж мэдэх. Энэ мэтээр нэг хэргийг нөгөө дуулианаар намжаадаг хуучин арга барилаасаа салаагүй л явна даа, эрх баригчид.
Үндсэндээ одоогийн улс төрөөс шударга ёс, ажил хэрэгч байдал, гарц шийдэл юу ч хүлээгээд хэрэггүй гэдгийг хэд хэдэн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголууд батлан харуулсан. Гол нь энэхүү тактикийг гардан гүйцэтгэгчид нь троллууд. “60 тэрбум”-ын хэргийн дуулиан “ЖДҮ”-чдийн сенсацид дарагдсан шиг. Л.Оюун-Эрдэнийн Хэнтийд барьж буй 400 сая жуулчин авах “шавар амбаар”-уудын дуулиан, Х.Нямбаатарын “Сэтгүүлчдийн амыг барих” санаархлын шуугиан хэдхэн хоноод мартагдсан шиг. Троллуудад үргэлж шинэ сенсаци бэлэн байдаг. Өөрсдийх нь талын “но” ил болмогц өөр анхаарал татсан шуугиан гаргаж ирэх нь троллуудын сайн чаддаг зүйл. Энэ аргаараа тэд улсаа худалдсан асуудлыг ч дарж чадна.