Амташсан хэрээ 13 дахина аа гэж. Үнэн ч үг юм даа. Дөрвөн жилийн өмнөх мөрийн хөтөлбөр нь биелээгүй байхад дахиад баахан амлалт, мөрөөдлийн жагсаалт биччихээд Үндэсний аудитын газар хүргүүлэх эрх баригч МАН. Өмнө нь олон ч удаа эрх бариад улс орноо сайжруулж чадаагүй байж энэ удаа дахиад л эрх барихаар санаархаж буй АН. Үүний хажуугаар бидэнд ч бас боломж байгаа болов уу хэмээн горьдох жижиг намууд. Тэд бүгд улсаа хөгжүүлэх мөрөөдлийн листээ аудитад хүргүүлэв.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авсан. Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар 2024 оны гуравдугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд хүлээн авсан юм.
Тус мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж мөн сарын 12-17-ны өдрүүдэд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах учиртай. 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Ингээд албан ёсоор ард иргэдэд таниулах ажлаа эхлүүлэх юм.
Хамгийн гол нь тэдний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр бодитой хэрэгжихүйц, тооцоо судалгаан дээр үндэслэсэн байх учиртай. Намуудын мөрийн хөтөлбөрүүд Аудитаар ороод зарим биелэх боломжгүй популист заалтуудын зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэхгүй байвал хасагдаж таарна. Учир нь улс төрийн намын мөрийн хөтөлбөр бол бодлогын баримт бичиг. Бодлогын баримт бичгийг санаагаараа биччихдэггүй, тодорхой тооцоо, судалгаанд үндэслэсэн байдаг. Мөрийн хөтөлбөр боловсруулахад хамгийн чухал зүйл нь санхүүгийн тооцоо. Тус тооцоо нь Аудитад тэнцэхийн тулд олон шалгуур давсан байх ёстой. Жишээ нь, эдийн засгийн өсөлт, төсвийн орлогыг хамгийн боломжит хувилбараар тооцох зэрэг шалгууруудыг хангасан байх шаардлагатай.
Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ гаднын зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэдэг заалт оруулсан байлаа гэхэд энэ нь амлалтын шинжтэй харагдах тал ч бий. Хэрэв тэгвэл Үндэсний аудитын газраас буцаах эрхтэй. Жишээлбэл, УИХ-ын 2020 оны сонгууль дахь эрх баригч намын мөрийн хөтөлбөрт бичил өрхийн бизнесийг дэмжиж, хүү болон барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн заалт байсан. Энэ заалтад Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу өөрчлөлт оруулсан байх жишээтэй.
Үүнээс гадна намууд сонгуулийн тогтолцоондоо тохируулаад оновчтой, үзэл баримтлалдаа нийцсэн бодлого мөрийн хөтөлбөртөө дэвшүүлдэггүй. 2024 оны УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдана. Энэ тохиолдолд жалга дов гэхгүйгээр бүсийн түвшний бодлогууд яригдана. 2012 оноос эхлэн зөвхөн улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг нэр дэвшигчид ярина гэж хязгаарласан боловч бодит байдалд сонголтыг хувь хүнээр нь хийдэг. Сонгуульд хэн, хэн нэр дэвших үү гэдэг нь мөрийн хөтөлбөрөөс чухал болчихсон. Тиймээс сонгогчид бодлогын сонголт хийх боломжгүй учраас найдах хэрэггүй л болов уу.
Намууд бодлогоо боловсруулж олон нийтэд танилцуулж саналыг нь авч улмаар намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалтайгаа уялдуулж асуудлыг яаж шийдэх вэ гэдэг хөгжлийн бодлого юм. Бид улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хөгжлийн бодлого гэж харах ёстой. Харамсалтай нь, тэгж харж чадахгүй, ялсан намын дөрвөн жил хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого гэж үздэг. Тэр утгаараа хэтэрхий богино настай бодлого дэвшүүлдэг. Энэ жил ч мөн дээрх явдал давтагдах магадлал өндөр. Ер нь улс төрийн намууд сонгогчдыг яаж хуурч санал авах уу гэдэгт төвлөрсөн болохоос биш сонгогчдын боловсролд чиглэсэн бодлого огт харагддаггүй нь бодит үнэн. Хэдийгээр сонсоход сайхан боловч бодит байдалд сонгуулийн шоу. Хэрэв мөрийн хөтөлбөртөө ажилгүйдлийг бууруулж, цалинг нэмэгдүүлж, орон сууцжуулах гэж байгаа бол яаж хэрэгжүүлэх гэдгээ сонгогчдод тайлбарлаж өгөх ёстой. Тэгж байж сонгогчид боловсрол авна, мөрийн хөтөлбөрийг нь уншина шүү дээ.