Энэ сарын 27-нд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсаны гурван жилийн ой тохионо. Улс төрийн тогтворгүй нөхцөлтэй манай улсад энэ бол урт хугацаа. Тэгвэл эл хугацаанд түүний Засгийн газар юу хийж, бүтээв.
Удахгүй болох сонгуулийг бид холимог тогтолцоогоор зохион байгуулж, парламентад 126 гишүүн сонгох гэж буй. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг хангахын тулд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх гишүүдийн тоог нэмж, сонгуулийн дэвшилт тогтолцоотой болох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас санаачлан, өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд УИХ-д өргөн барьсан юм. Нэг нам үнэмлэхүй олонх болсон цаг үед л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүрддэг. УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурав нь дэмжиж байж өөрчилдөг учраас тэр. Энэ эрхээ МАН найман жилийн хугацаанд хоёр удаа эдэллээ. Сүүлчийнх нь сонгуулийн тогтолцоо, эрх мэдлийн тэнцлийг хангах реформын шинж чанартай түүхэн өөрчлөлт болж байна.
Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн хүн амын тоонд үндэслэн УИХ-ын гишүүдийн тоог тогтоожээ. Улмаар нэг хүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөд хангалттай хэмээн үзсэнээр парламентыг 76 гишүүнтэй байхаар хуульчилсан юм. Үүнээс хойших 31 жилд улсын хүн ам өссөн, нөхцөл байдал ч өөрчлөгдөж. Тиймээс парламентад 126 гишүүн сонгож, нэг хүн 45 мянган иргэнийг төлөөлөхөөр болгов. Тэдний 78-ыг тойргийн, 48-ыг нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгоно. Гишүүдийн тоог 50-иар нэмсний хариуд эмэгтэйчүүд, нийгмийн бусад бүлгийн төлөөлөл парламентад сонгогдоно хэмээн тооцож буй.
Монгол Улс 1992 оноос хойш нийт найман удаа парламентын сонгууль зохион байгуулсан. Үүний долоог нь дан мажоритар тогтолцоогоор явуулсан учраас сул талыг нь хангалттай мэдэрсэн. Энэ нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхлыг улс орныхоос өндөрт тавих, олон нийтэд танигдсан, хөрөнгө, санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал бий болгодог сөрөг талтай. Мөн 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог ашигласан туршлага бидэнд бий. Гэвч тухайн үед зөвхөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд л өөрчлөлт оруулж шийдсэн юм. Тиймээс дараагийн сонгуулиар уг хуулийг дахин өөрчилж, өнөөх ололтоосоо ухарсан. Харин энэ удаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулснаараа онцлог болж байна. Ингэснээр дөрвөн жил тутамд Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилдөг түүх төгсгөл болж, тогтолцоо илүү тогтвортой байх нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн холимог тогтолцоо нь олон намын төлөөллийг парламентад сонгох боломжийг олгодог учир нэг нь үнэмлэхүй олонх болдог жишгийг халах давуу талтай.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдын санаачилгаар сонгуулийн тойргийг томсгон бүсчилж, нийт 13 тойрогтой байхаар УИХ-аас батлаад байна. 2023 онд Үндсэн хуульд оруулсан дээрх хоёр гол нэмэлт, өөрчлөлтийг амьдралд нийцүүлэх, жалга довны үзлээс салган, аймгуудыг бүсчилж хөгжүүлэх, томоохон төслүүдийг урагшлуулах замаар эдийн засгийн үр ашиг авчрах, сонгодог парламент бүрдүүлэх шийдэл ийнхүү нэг цогц болж байгаа юм. 126 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлнө гэдгээ мартаж болохгүй. Зөвхөн хүн амдаа харьцуулж тэдний тоог нэмээгүй, парламентын чадавхыг сайжруулах, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг нэмэгдүүлэх нүд, чих болж ажилла гэж үүрэг өгч буй.
Дэлхийн улс орнууд сонгуулийн холимог тогтолцооны давуу талыг хэдийн туршаад, хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс Үндсэн хуулийн түвшинд анх удаа холимог тогтолцоог баталгаажуулсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачлан батлуулсан хамгийн гол ажил хэмээн дүгнэж болохоор байна. Сонгуулийн тогтолцоо тогтвортой байхын хэрээр цаашид намууд төлөвшиж, шударгаар өрсөлддөг болохоос эхлээд олон давуу тал бий болно.