УИХ-ын 2020 оны сонгуулиар парламентад анх удаа сууж, олны өмнө итгэл хүлээсэн гишүүд олон бий. Тэдний нэг нь Хассуурийн Ганхуяг. Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж, 50 мянган сонгогчийн итгэлийг хүлээн, ялалт байгуулсан тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш олны хэл ам дагуулсан. Хөгжлийн банкны хэрэг сөхөгдөхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран эзэмдэг “Вертекс майнинг партнер” ХХК нь тус банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан нь илэрч, бүрэн эрхээсээ түдгэлзэх, эсэх асуудал ч сөхөгдсөн. Учир нь тус зээл нь 13-14 хувийн хүүтэй. Хүү нь бараг 4.2 тэрбум төгрөг. 2020 онд ковид-ын үед ийм том хүүг төлөөд цаана нь “ашиг хийх” ямар бизнес Монголд байна гэдэг асуулт ард түмний дунд маргаан үүсгэсэн юм. Хэдийгээр зээлээ УИХ-ын гишүүн болоод аваагүй ч улс төрд орохоор бэлдэж байхдаа авсан нь туйлын үнэн. Ингэснээр ийм их хүү төлөн байж сонгуульд оролцох мөнгөө босгосон гэх хардлагыг төрүүлж байгаа нь нууц биш. Гишүүн болсныхоо дараа ч тойргийнхоо иргэдийг үргэлж “тойглож”, үнэтэй бэлэг сэлт өгдөг нь нийтэд ил байдаг. Тухайлбал, намынхаа 100 жилийнхээ ойгоор ахмаддуудаа гарын бэлэг нэрийдлээр жаазтай мэндчилгээ, ил захидал, зөгийн бал, зэс мөнгөн аяга зэргийг бэлэглэсэн. Мөн оны өмнөхөн тойргийнхоо ахмадуудыг “баярлуулсан”. Хэдэн хөгшчүүл маань “Хассуурь сан” гэсэн бичигтэй ганц тор бэлгээ их л нандигнан авч яваа зураг цахим орчинд тархсан. Х.Ганхуяг гишүүн ийм их бэлэг сэлт тараахаас ч аргагүй юм. АТГ-т мэдүүлсэн түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, 2020 онд УИХ-ын гишүүн болсноор орлого нь огцом өсөж, сарын 499 сая төгрөг олж байснаа 2021 онд огцом багасаж, 93 сая тэгснээ 2022 онд 117 сая төгрөгийн орлого олжээ.
Харин гэр бүлийнх нь орлого 113 саяас 688 сая болж зургаа дахин өсөж, 2022 онд 592 сая төгрөгийн орлого олсон байна.
Тэрбээр 5 тэрбум 50 сая төгрөгөөр тоологдох үл хөдлөх хөрөнгөтэй, 130 сая төгрөгийн автомашинтай, 477 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 28 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум төгрөгийн авлагатай, 10 компанийн хувьцааг эзэмшдэг нэгэн.
Түүнийг тойрсон шуугиан үүгээр зогссонгүй. Түүнийг хууль зөрчин хилийн зурваст ашигт малтмал олборлодог гэх баримтууд гарч ирсэн. 2022 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дахь Хилийн 0132-р ангийн 2 дугаар заставын орчим, улсын хилээс 5 хан км-т “Меланж” гэх компани нүүрс олборлож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Хилийн зурваст хөрс хуулах ажил хийсэн “Вертекс майнинг партнер” компани түүнийх гэдгийг дээр дурдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Хассуурийн Хашчимэг ажилладаг. Хилийн тухай хуулийн 26.3.1-д хилийн зурваст олборлолт явуулах байтугай газар эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглодог. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон байх шаардлагатай ч дархан эрхтэй эрхэм гишүүнд Монгол Улсын хууль дүрэм үйлчилдэггүй бололтой. Уг нь түүнийг Хөгжлийн банкны хэрэгт албан тушаалаа урвуулан ашигласан болохыг тогтоосон байдаг. Нэг үгээр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан нийт 45 хүнийг яллагдагчаар татсан мэдээллийг өнгөрсөн оны хоёрдугаар сард шүүхийн байгууллагаас мэдээлсэн. Энэ дунд Хассуурийн Ганхуягийн нэр бий. Өөрөөр хэлбэл, 33 тэрбумын зээл авахдаа Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин, Б.Будхүү, Т.Пүрэвсүрэн, О.Батбаатар нартай үгсэн тохиролцсон. 33 тэрбум төгрөгийн зээл авахын тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, журмын шаардлага хангасан байдлаар бичиг баримт үйлдэж, дэмжсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн.
Гэтэл тэрбээр одоог хүртэл хуулийн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Хэрвээ УИХ-ын гишүүн байгаад хууль зөрчиж, их хэмжээний зээл авсан баримт нь нотлогдсон бол түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах эрхзүйн үндэслэл болох байж. Гэтэл гишүүд болоогүй байхдаа авсан бизнесийн зээл гэдэгт эрдэж, намынхан нь тэднийг өмөөрөөд байгаад гол учир бий. Угтаа бол Хөгжлийн банк улс орныг хөгжүүлэхэд зориулсан зээл олгодог. Гэвч танил тал найз нөхөддөө арилжааны банк шиг бизнесийн зээл гаргуулж өгсөн нь хэр зөв зүйд нийцэх вэ.
Зээл олгосон асуудлаар Х.Ганхуяг "Улсын их хурлын гишүүн болсноос хойш ямар ч зээл аваагүй" гэсэн тайлбарыг хийсэн.
Хамгийн гол нь Хөгжлийн банкны 33 тэрбумыг “завшсан” УИХ-ын гишүүд Зээлийн хүүг 50 хувиар бууруулах тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барьж байсан удаатай. Магадгүй өөрсдийнхөө авсан зээлийн хүүг бууруулж, татвар төлөгчдийн мөнгөөр татаас авахаар санаархсан байхыг үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн ард иргэдийн боломжийг хулгайлж буй улстөрчдөд дахин хулгай хийх боломж олгохгүй байх эрх нь ард түмэнд бий. Иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчидтэй мэддэг хэлээр нь ярих нь зүйтэй. Тэдний халаастай яриад ямар ч нэмэргүй, авсан зээлээ төллөө гээд хотойхгүй баяжигсад. Тэгэхээр үхэн хатан зууралддаг улс төрийн суудалтай нь ярьж, хариуцлага мэдрүүлэх нь зүй ёсны хэрэг.