Горилогчид сонгуульдаа бэлдээд, хурга ишиг “үнсээд” тун завгүй. Бид энэ удаад УИХ-ын сонгуулийн VIII тойрог буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдөх магадлал өндөр улс төрчдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
Баянзүрх дүүргийг өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр тойрогт хувааж, нийт таван мандат хуваарилж байсан. Харин энэ удаад нэг тойрог болгож, 5 мандаттай байхаар зохицуулсан.
Тус тойргоос 2020 оны сонгуулиар сонгогдсон төрийн түшээд болох Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нарын рейтингийн судалгаа намыхан дундаа муу гарчээ. Саяхан тэдний ажлаа тайлагнасан сэтгүүл тойргийхонд нь тараагдсан ч эцэстээ хогийн сав руу “шидэгдсэн”. Хогийг хогийн сав руу л гэгч нь болсон доо. Дөрвөн жилийн турш бараа сүрээ ч харуулаагүй эрхэм гишүүд сонгууль дөхөхөөр л хайр “зарлаж” буй нь сонгогчдод нь таалагдаагүй хэрэг. Үүнээс гадна сайн, муу нэрээрээ олонд танигдсан Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг сонгуульд Б.Энхбаяр гишүүнийг “амлан” авч, нэр дэвшихээ мэдэгдээд буй. Үүнээс ч болсон уу эсвэл тус тойрогт явуургүйгээ мэдсэн үү ямартай ч Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар тойргоо орхиж буй. Тэдний оронд шинэ кандитатууд орж ирэх магадлалтай байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд говийн бүс буюу VII тойрогт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй.
Харин ч ковид 19-ын цар тархалтын үеэр нэр хүнд олж, сонгогдсон ч эцэст нь элдэв булхай нь илэрсэн Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн үйлчилгээгээр сонгогчдоо барихад анхаарч, идэвхийлэн ажилласан хэдий ч нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч одоо дүүргийн Засаг даргаар ажиллаж буй Н.Баярмөнх нэр дэвших квотоо авсан мэдээ бий. Шинээр тус тойрогт Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа, НИТХ төлөөлөгч Д.Энхбаяр, П.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын горилогчдын нэрс яригдаж байна.
Харин АН-ын тухайд УИХ-ын 2020 оны сонгуульд З.Энхболд, Т.Батцогт, Ж.Баясгалан, Д.Пүрэвдаваа, Ц.Одонтунгалаг нар нэр дэвшиж, өвдөг шороодсон байдаг. Т.Батцогт энэ удаад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн бол хуучин НИТХ-д байхдаа "Би хувиасаа тойрогтоо 2 тэрбум зарлагадсан" хэмээн уйлах шахдаг М.Тулгат дүүрэгтээ дахин өрсөлдөх агаад Х.Баттулга талаас сэтгүүлч Ж.Баттуул өрсөлдөх магадлалтай болоод байна.
АН-аас Ж.Батзанданг Австралиас урьж залж авчирч, уг тойрогт дэвшүүлэх тохироо хийгдсэн гэх бор шувуу жиргэж эхэлсэн бол МАН нэр дэвшигчдээ хараахан тодруулаагүй байгаа гэх.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг тойрогт нэг эмэгтэй нэр дэвшигч өрсөлдүүлэх чигтэй байгаа ч А.Энхзул, Ж.Нинжжамц нарын сэтгүүлчийг МАН-ын залуу удирдлагууд дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Ардын намын Бага хурал болон Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Хөдөлмөрийн үндэсний намын хурал энэ сарын 20-нд болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм.