УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй горилогчид төрийн ажлаа хүлээлгэн өгч эхэлжээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө тэд шийдвэрээ гаргаж, ажлаа цэгцлэх учиртай юм. Сонгуулийн тухай хуулийн 29.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд үүнд хамаарна. Үүний дагуу хүмүүс түрүүчээсээ сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Хоёр удаагийн сонгууль дараалан МАН үнэмлэхүй олонх болсон учир төрийн өндөр, дээд буюу дээрх ангилалд хамаарах албан тушаалд тус намын гишүүд ажиллаж буй юм. Тиймээс ажлаа өгч буй горилогчид бүгд МАН-аас ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүс гэж ойлгоход болно.
УЛС ТӨРД ХУУЧИН “БУРХИНУУД”
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй улс төрд хуучин “бурхинууд” 2024 оны сонгуульд дахин хүч үзэх нь. Ж.Энхбаяр 2008, 2012, 2016 онд гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Говь-Алтай аймгаас хэдэнтээ УИХ-д сонгогдсон тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдлээ далимдуулан зээл авсан гишүүдийн нэг болсноор 2020 оны сонгуулийг өнжсөн юм билээ. Тухайн үед МАН-ын дарга байсан У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн юм даг. Ийнхүү “виз” олгоогүйдээ бантсан уу, тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Ж.Энхбаярыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилж, “шагнасан” байдаг. Нэг сонгуулийн дөрвөн жилийг өнжиж, төрийн хариуцлагатай албанд ажилласан тэрбээр “эргэн ирэх”-ээр горилж буй нь энэ. Гэхдээ энэ удаа тойргоо сольж, Сэлэнгээс нэр дэвших сурагтай байна.
Н.Цэрэнбатын хувьд 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байв. Тэрбээр 2020 оны сонгуулиар дахин Увс аймагтаа нэрээ дэвшүүлсэн ч сонгогдож чадаагүй юм. Ахин үнэмлэхүй олонхын суудал авсан МАН түүнийг 2022 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилж, “бялуу” хүртээжээ. Тэрбээр 2024 онд Увс аймагтаа нэрээ дэвшүүлэхээр ажлаа өгч буй аж.
“ГАНДАН БУУРАХГҮЙ”
Улс төрийн сонгуульд “од”-гүй хүмүүсийн нэг бол “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийн захирал Л.Наранбаатар. 2022 онд дээрх үйлдвэрийн даргаар томилогдсон Л.Наранбаатар уг нь АН-ын угшилтай. Тэрбээр 2016 онд Төрийн ордонд болсон “Эдийн засгийн чуулган”-ы үеэр УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, улмаар АН-аас хөөгдсөн түүхтэй. Үүнээс хойш “оймс” хэмээх хочтой болсон тэрбээр 2016 оны парламентын сонгуульд бие дааж, 2020 онд “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс Баянзүрх дүүрэгт З.Энхболдтой өрсөлджээ. Ялж биш, ялагдаж үзсэн туршлагатай гэсэн үг. Ингээд амжилт олохгүйгээ мэдсэн тул МАН-ын хаяаг бараадаж, дээрх үйлдвэрийн даргаар томилогдож чадсан, нэлээд “хэл амтай” нөхөр. Тэр гандан буурахгүй, сонгуульд ахин хүч үзэхээр бэлдэж буй юм байна. Цөөнгүй удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшдэг ч сонгогдож чаддаггүй түүн шиг хүмүүсийг энэ хэсэгт багтааж болно.
БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРЫНХАН
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралХ.Алтай, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат тэргүүтнийг энэ “бүлэг”-т оруулж болохоор байна. Тэд өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаагүй, улс төрд бол шинэ хүмүүс.
Б.Лхагвасүрэнг 2019 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон билээ. Төлөвлөгч эдийн засагч мэргэжилтэй, уг банкандаа олон жил ажилласан туршлагатай тэрбээр улс төрд хөл тавихаар шийдэж, Архангай аймагт нэр дэвших гэнэ. Харин Г.Энхтайваныг 2020 онд уг албан тушаалд томилсон юм. Тэрбээр өөрийн төрсөн нутаг Төв аймагт нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Рейтингийн судалгаагаар эдгээр хүн сонгогдох магадлал өндөр гарсан учраас ийнхүү шийджээ.
Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлсэн, энэ салбартаа мэргэшсэн хүн гэж үнэлдэг аж. Тэрбээр 2016 оноос СЗХ-ны дэд дарга, 2019 оноос даргаар нь ажиллаж буй бөгөөд ирэх сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.
Харин Х.Алтайн хувьд Ерөнхий сайд асан С.Баярын шадар туслах байсан гэдгээрээ улс төрд арай ойр, мөн энэ хүрээлэлд танигдсан нэгэн. Эрх зүйч мэргэжилтэй энэ залуу 2011-2014, мөн 2017 оноос өнөөдрийг хүртэл МХБ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм. Тэрбээр нийслэлийн тойрогт өрсөлдөхөөр төлөвлөж буй сурагтай.
Д.Занданбатын хувьд татварын салбарын хүн. Тэрбээр 1991 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагчаар ажлын гараагаа эхлүүлж, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга, Зам, тээврийн яаманд хэлтсийн дарга хийж байгаад 2019 онд ҮАГ-ын даргаар томилогджээ. 2008-2009 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажилласан юм билээ. Одоо УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаас өрсөлдөхөөр төлөвлөж, ажлаа өгөхөөр бэлтгэж буй гэнэ.
ТӨРД ХЭРЭГТЭЙ “ЗАЙРАНГУУД” ЗЭРЭГ НЭМЭХ ҮҮ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх нар мөн ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэхээр горилж байна. С.Магнайсүрэнгийн хувьд насаараа төрийн хариуцлагатай алба хашсан, төрийн албаны мэргэшсэн боловсон хүчин юм. УИХ-ын Тамгын газарт туслахаас эхлээд нарийн бичгийн дарга, Сүхбаатар дүүргийн ЗДТГ, ХХААЯ, Сангийн яаманд ажиллаж байсан. Мөн гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан, төрд хэрэгтэй “зайран” аж. Энэ оны есдүгээр сараас хойш тэрбээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу шилжин томилогдоод ажиллаж байна. Сонгууль бүрээр шахам нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд түүнийг оруулдаг ч 2024 онд анх удаа парламентад хүч үзэх гэж буй юм билээ. Тэрбээр төрсөн аймаг болох Говь-Алтайдаа өрсөлдөх магадлал өндөр.
Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэх ирэх сонгуульд Налайх, Багануур дүүргээс өрсөлдөхөөр зэхэж буй гэнэ. Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр Багануур дүүргийн цахилгаан станцаас ажлын гараагаа эхлүүлсэн, бас Засаг даргаар нь ажиллаж байжээ. Тиймээс “төрсөн” дүүрэгтээ нэрээ дэвшүүлэхийг илүүд үзэж буй бололтой. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед тэрбээр Эрчим хүчний, одоо Л.Оюун-Эрдэнийн танхимд салбарынхаа дэд сайдаар ажиллаж буй. 2008-2012 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байжээ.
Намын удирдлагатайгаа ярьж тохирсон, нэрээ дэвшүүлэх тойргоо тодорхойлчихсон, эсвэл жагсаалтад багтах нь баараггүй болсон хүмүүс л төрийн өндөр албан тушаалаасаа татгалзаж буй нь мэдээж. Харин тэдэнд зэрэг нэмж парламентад сонгох, эсэхийг сонгогчид шийднэ. Хуульд заасан дээрх албан тушаалтнууд ажлаа хүлээлгэн өгч, сонгуульд өрсөлдөх, эсэх шийдвэрээ гаргахад ажлын тав хоногийн хугацаа л үлдсэн. Тиймээс ирэх долоо хоногт дээрх жагсаалт үргэлжлэх биз ээ.