Польшийн Полице хотод энэ сарын эхээр зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын даамчид 18 орны 350 тамирчинтай оюунаа сорьсон. Тэднээс “Монгени” цогцолбор сургуулийн 3а ангийн сурагч Н.Хангай хөвгүүдийн 5-8 насныхны ангилалд түрүүлэн, багийнхнаасаа шагналын салхи хагалж, дэлхийн аваргаар тодорсон юм. Тус сургуулийн багш дасгалжуулагч, ОУИМ Ц.Сүхбат дээрх тэмцээнд дөрвөн тамирчин сойж, алтан медалиас атгуулсны нэг нь Н.Хангай. Багшийнхаа удирдлагад нэг жил бэлтгэл базаасан тэрбээр богино хугацаанд ур чадвараа ахиулснаар ДАШТ-ий VIII өрөгт өрсөлдөгчөөсөө дөрвөн онооны зөрүүтэй тасарч, тэргүүн байрт шалгарсан билээ. Монголын тамирчдыг зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль гардаж, багаараа аваргын цом өргөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн түүтэй ярилцлаа.
-ДАШТ-ээс алтан медальтай ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Польшийг ямар бодолтой анх зорив?
-Польш улсын хөгжил, галт тэрэг нь их таалагдсан. Тэндхийн бүх нь зүйл сонирхолтой санагдаж, өөдрөг бодол төрүүлж байлаа. Тэмцээний өмнөх өдөр сэтгэл их догдолсон. Маргааш нь өөр орны тамирчидтай улсаа төлөөлж тоглоно гэхээс нойр хүрээгүй. ДАШТ-ий анхны өдөр эзэн орны тамирчин Стилински Адамтай сонгодог байрлалаар тоглож, цоолох цохилт хийж хожсон. Миний хувьд анх удаа оролцсон болохоор сандарч туршлагагүйтсэн тал бий. Харин хоёр дахь өдрийн тэмцээнд Украины тоглогч Бондар Меколайг эхний тамирчныг ялсан шиг нүүдлээр буулгаж авсан юм. Гурав дахь өрөгт мөн Польшийн даамчин Шиедзевски Филиптэй таарав. Тэрбээр маш удаан бодож, намайг хүлээсэн байдалтай нүүсэн ч анзааргагүйгээсээ болж алдаа гаргаад ялагдсан.
-Хөлөг дээрх өргийг тань хараад Польш, Латви улсын тамирчинтай хамгийн их таарчээ гэж бодсон шүү.
-Тийм ээ. Надтай таарсан тамирчдаас хоёр нь Монгол, бусад нь Польш, Латвийнх. Тэднээс хамгийн хүчтэй өрсөлдөгч нь М.Дөлхүслэн, Э.Эрхэмбаяр нар байв. Би IV өрөгт М.Дөлхүслэнг буулган авч, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэрбээр довтолж тоглодог. Монголд болсон тэмцээнд цөөнгүй таарсан болохоор арга барилыг нь мэднэ. V өрөгт Польшийн Ганкарз Леотой ана мана өрсөлдөж, гурван цаг, 30 минут тоглосон. Түүнтэй удаан тоглосон ч ядраагүй. VI өрөгт Архангай аймгийн тамирчин Э.Эрхэмбаярыг хожиж, VII өрөгт Латвийн Панко Нилсд ялагдсан ч VIII өрөгт мөн Латвийн Панко Паулсыг илүүрхэж, өрсөлдөгчдөөсөө дөрвөн оноогоор илүү байсан тул сэтгэл тайвширсан. Сүүлийн IX өрөгт Латвийн Андерсон Эрнестэд хожигдсон ч Монголынхоо тамирчдаас дэлхийн аваргын болзлыг түрүүлж хангасан юм. Тухайн үед ДАШТ-ий тоглолт Монголд болдгоос өөр байдгийг мэдэрч билээ.
-“Монгени” сургуульд даамын шилдгүүд бий. Та дэлхийн аварга цолтой дөрвөн тамирчны нэг нь боллоо.
-Долоон настайдаа даамаар анх хичээллэсэн. Би тус сургуулийн 3а ангийн сурагч. Анги удирдсан багшийг минь И.Нангилмаа гэдэг. Багш даам тоглодог юм. Тэрбээр нэг өдөр намайг дагуулж яваад ОУИМ Ц.Сүхбат багштай танилцуулснаар шавь нь болж байв. Миний хувьд сургуулийнхаа 30 жилийн ойгоор зохион байгуулсан тэмцээнд анх оролцохдоо “Алтан хүү” клубийн тамирчин М.Оргилд хожигдож, мөнгөн медаль хүртсэн. Дараа нь Баянгол дүүргийн АШТ-д өрсөлдөж, М.Оргилоос даагаа нэхэж түрүүлсэн шүү. Энэ жил УАШТ-ий рапид төрөлд дэд байрт шалгарлаа.