Сонгууль хаяанд ирлээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь мэдээж олон гишүүн. Ард түмэн түүхэнд байгаагүй их төлөөлөлтэй болно гэсэн үг. Хувь тэнцүүлсэн тогтолцооны хувьд улс нэг тойрог болдог бөгөөд сонгогч дэмжихийг хүссэн нам, эвслийнхээ төлөө санал өгч, таван хувийн босго давсанд нь суудал хуваарилах юм.
Тодорхой хэлбэл, энэ удаа сонгуулийг холимог тогтолцоогоор сонгоно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 78 гишүүнийг мажоритар буюу олныг төлөөлөх, 48 гишүүнийг пропорционал буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. 2012 оныхоос ялгаатай нь гишүүдийн тоо нэмэгдсэн, тойргийг анх удаа бүсчилсэн байдлаар тогтоосон. 78 гишүүнийг 13 тойргоос тухайн тойрог тус бүрийн мандатын тоотой тэнцүү хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-д сонгогдсонд тооцно. Харин 48 гишүүн нь нам, эвслийн жагсаалтаар сонгогдох бөгөөд тодорхой шалгуур хангасан нам, эвсэлд хуульд заасан аргачлалын дагуу суудал хуваарилна. Шалгуур нь хоёр янз. Нэгдүгээрт, тухайн нам, эвсэл нь тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нэр дэвшүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, 39 ба түүнээс дээш тооны нэр дэвшигчийг 13 тойрогт нэр дэвшүүлэх ёстой. Хоёрдугаарт, санал хураалтаар нам, эвсэлд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилна. Ингэхдээ хоёр нам бүхий эвсэл тав, гурван намтай бол долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байхыг шаардах юм. Ингээд бодохоор жижиг нам, эвслүүдэд боломж маш бага.
Уг нь анх Улс төрийн намын тухай хуулийг боловсруулахдаа залуучуудын оролцоог хангаж, жижиг нам эвслүүдийг сонгуульд оролцуулах боломжоор хангана хэмээж байсан. Бүсчилсэн тойргоор сонгууль явуулна гэдэг маш том өөрчлөлт. Гэтэл сонгууль болохоос зургаахан сарын өмнө, цагийг нь тулгаж байгаад хийчихлээ. Үүнээс хойш эрх баригч намыхан "манай улс бүсчилсэн тойргоор мандан бадрах" тухай яриад байгаа юм. Ардын нам бол олон жилийн түүхтэй, судалгаа тооцоо сайтай. Гэвч энэ оны сонгуульд оролцоход гишүүд нь хулгай, дээрмээс эхлээд олон асуудалтай холбогдчихсон. Тиймд сонгуулийг зөв шударга зарчмаар явуулна гэхээс илүү яавал ялах талаар л бодсон байж болзошгүй.
Намууд яагаад эвсээгүй вэ?
Сонгуулийн тухай хуульд,
74.2-д: Хоёр нам бүхий эвсэл байвал ТАВАН хувийн санал.
74.2.4-д: Гурав ба үүнээс дээш нам, эвслийн ДОЛОО буюу түүнээс дээш хувийн санал авсан байхаар тусгасан.
Энэ бол 2023 оны хаврын чуулганаар баталсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж нэмэлт өөрчлөлт оруулсан Сонгуулийн тухай хууль юм. Тоон утгаар тайлбарлавал, сонгуульд 1.6 сая иргэн саналаа өгнө гэж үзвэл тэдгээрийн дөрвөн хувь буюу 64 мянган саналаар АН, МАН парламентад жагсаалтаар суудалтай болох боломжтой.
Хоёр нам эвсвэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болох юм. Тэгэхээр жижиг намуудын хувьд эвсэх тусам тэдний цуглуулах нийт саналын хувь хэмжээ ихсэх тул нэгдэх нь шууд амиа хорлосонтой ижил үзэгдэл болно. “УИХ-ын гишүүний тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулиа холимог тогтолцоогоор явуулснаар парламентад илүү олон намын төлөөлөлтэй болно” гэх үгээр эрх баригчид жижиг намуудыг “хошгоруулсан". Гэвч үнэндээ ийм чанга шалгуурыг тэдэнд хуульчлаад тулгачихсан билээ.
Тэгэхээр эцсийн дүндээ гол өрсөлдөөн хэний дунд өрнөх вэ гэвэл МАН болон АН-ын дунд өрнөнө. Тэд дангаараа ороод, нийт сонгогчдын гурван хувийн босгоо даваад л жагсаалтаар суугчдаа парламент руу чихэх боломж нь шууд бүрдэх юм. Энэ утгаараа тойрогт ялалт нь олшрохын хэрээр тэдний жагсаалтын жин нэмэгдэнэ.
УИХ-д суудалгүй жижиг намуудад энэ удаагийн сонгууль бүрхэг, ээлгүй байгааг ингэж харж болох юм. Нөгөө талд жижиг намуудад тойргийн 78 мандатаас багадаа 50 хувьд нь нэр дэвшигч илгээх, өрсөлдөгч бүрийн аудитаар зөвшөөрөгдсөн нэг тэрбум гаруй төгрөгийн зардлыг хувиасаа гаргах зэрэг чангахан сорилтууд хүлээж буй.