Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Г.Сэр-Од аавынхаа удирдлагад ширээний теннисээр хүүхэд байхаасаа хичээллэж, өсвөр үеийнхний УАШТ-д таван удаа түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард болсон, нийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сард Дундговь аймгийн Мандалговь сумд зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль атган шилдгүүдийн эгнээнд нүүр бардам жагссан юм. 2021 оны УАШТ-ий багийн төрөлд аваргалж, лигийн тэмцээнээс алт, хүрэл медаль хүртсэн түүний Катарын Доха хотод тэр жил болсон Азийн АШТ-д Монголын эрэгтэй тамирчдаас амжилтын анхны шанг татан, шилдэг 32-т шалгарсан тоглолтыг спортын хорхойтнууд одоо ч бахархан ярих дуртай. Түүнд тэр тоглолт нь амжилтаа ахиулах боломж өгч, “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадам, “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох урам зориг хайрлажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Үндэсний шигшээ багийнхан ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ?
-Бид “Ханжоу-2022” Азийн наадмаас ирээд дотооддоо зохион байгуулсан хэдэн тэмцээнд оролцлоо. Улсаа төлөөлж оролцох гадаадын тэмцээн одоогоор товлогдоогүй. Жил бүр болдог лигийн АШТ удахгүй эхэлнэ. Миний хувьд өмнө нь 2021 онд “Итгэлт санхүү” клубийнхэнтэй нэгдэж тоглоод аварга болсон. Өнгөрсөн жил “Өсөх зоос, Өсөх од” багт тоглож, хүрэл медаль хүртсэн юм. Шигшээ багийнхан БНСУ-аас ирсэн Ким Хён Со дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж байгаа. Тэрбээр арга барилын хувьд өмнөх Кан Дон Хүн дасгалжуулагчаас арай өөр. Улсынхаа ширээний теннисний ахлах сургуулийн шигшээ багийн дасгалжуулагчаар олон жил ажилласан туршлагатай. Тиймээс үндэсний шигшээ багийг хурдтай залуу тамирчдаар хүч сэлбэсэн. Өндөр шаардлага тавьж, бэлтгэл шаргуу хийлгэдэг ч энгийн үед найз, нөхөд шиг байдаг. Шигшээ багийнхнаас ОУХМ Б.Болор-Эрдэнэ солонгос хэл сайн сурч байгаа тул түүний орчуулагчаар ажиллан, зөвлөсөн бүхнийг нь хүргэж байгаа. Бид Кан Дон Хүн багштай одоо ч холбоотой байж, баяр ёслолын үеэр мэндчилгээ дэвшүүлдэг. БНСУ-д өнгөрсөн есдүгээр сард болсон ширээний теннисний Азийн АШТ-ий үеэр тэрбээр биднийг зорьж ирэхэд дотнын найзтайгаа уулзсан мэт санагдсан шүү.
-Та энэ жил өмнөд хөршид болсон томоохон тэмцээнүүдэд өрсөлдлөө. Тэндээс ямар бодол өвөртөлж ирсэн тань сонин байна, сонсъё.
-Өнгөрсөн зун “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадамд багийнхантайгаа оролцсоны дараа Ханжоу хотыг зорьсон юм. Надад аль аль нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Чэндүд болсон тэмцээнд 100 гаруй орны тамирчин өрсөлдөхийг хараад Азийн наадмыг иймэрхүү болох болов уу гэсэн төсөөлөлтэй байлаа. Гэтэл Азийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг дуу, дүрс, техник, технологийн өндөр түвшинд хийсэн нь таатай сэтгэгдэл төрүүлсэн. Монголын теннисчид Азийн наадамд Зүүн Азийн орнуудаас ширээний теннис өндөр хөгжсөн орны хүчирхэг багтай нэг хэсэгт таарсан. Эзэн орноос гадна Япон, БНСУ, Тайвань, Хонконгийн шилдэг тамирчидтай тоглож, олимпын эрх авах амаргүй л дээ. Миний хувьд Азийн АШТ-д тоглосон Саудын Арабын тамирчинтай Ханжоуд дахин таарсан. Түүнийг өмнөх тэмцээний ганцаарчилсан төрөлд 3:0-ээр буулгаж авсан тул энэ удаа ч гэсэн хожно гэсэн бодлоор тайвширч тоглоод ялагдсан. Тэр үед хэдий ур чадвараар илүү байсан ч өрсөлдөгчөө басаж болохгүйг сайтар ойлгосон доо.
-Та Азийн АШТ-д оролцохдоо шилдэг 32-т шалгарч байсан шүү дээ.
-Надад Азийн АШТ-ий тоглолтууд томоохон туршлага болдог. Би Катарын Доха хотод 2021, БНСУ-д энэ жил болоход оролцож, шилдэг 32-т шалгарсан. Улс бүрийн тамирчид өөрийн гэсэн тоглох онцлогтой. Саудын Арабын шигшээ багийг польш дасгалжуулагч бэлтгэл хийлгэдэг тул тоглолт нь европчуудынхтай төстэй. Ширээнээс хол зайтай тоглодог тэдний бөмбөгний давуулалт, эргүүлэг маш хүчтэй. Тэгвэл Японы тамирчид илүү хурдтай. Тамирчин хүн гадаадын тэмцээнд оролцож байж ур чадвараа өмнөхөөсөө хэрхэн ахисныг мэддэг. Миний хувьд өөрийгөө ганцаарчилсан, багийн төрөлд дэлхийд амжилтынхаа чансаагаар 32-т багтдаг тамирчидтай чамлахааргүй тоглосон гэж боддог.
-Индонез улсад болсон Азийн АШТ-д анх удаа оролцож ирснийхээ дараахан таныг шигшээ багт хөл тавьсан гэж сонссон. Шигшээ багийн дасгалжуулагчдын анхаарлыг тэр үеэс татсан болов уу?
-Тивийн АШТ хоёр жилд нэг удаа болдог юм. 2019 онд болсон тус тэмцээнд 16 настайдаа улсаа төлөөлж анх удаа оролцсон. Би тэр үед Хөвсгөл аймгаас Улаанбаатарт шилжиж ирээд удаагүй байв. Аавыг минь З.Ганхуяг гэдэг. Хөвсгөл аймгийн ширээний теннисний шигшээ багийн дасгалжуулагч. Хүүхэд байхаасаа аавынхаа удирдлагад бэлтгэл хийж, тамирчныхаа гарааг эхлүүлсэндээ баярладаг. Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдэхэд хоёр эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин байсан. Тухайн үед дасгалжуулагчид залуучуудын ангиллын тамирчдаас М.Тэмүүлэн, бид хоёрт санал тавьсан юм. Үндэсний шигшээ багт хөл тавиад ах нартайгаа ойлголцох гэж хэдэн сар болсон. Тэдэнд байнга хожигдох эхэндээ хэцүү санагддаг байлаа.
-Аав тань өсвөр үеийнхний дотоод, гадаадын томоохон тэмцээнд таныг оролцуулдаг байсан нь хожим амжилт гаргахад багагүй нөлөөлсөн үү?
-Тийм шүү. Японд болсонд болсон өсвөр үеийнхний аварга шалгаруулах олон улсын тэмцээнд оролцохдоо Монголын тамирчид өмнөх амжилтаа ахиулж, IX байр эзэлсэн. Тухайн үед Азийн орнуудаас Япон, Хятадын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч болохыг мэдэж билээ. Энэ удаагийн Азийн наадамд ч өмнөд хөршийнхөн ана мана өрсөлдсөн шүү дээ. Тус улсын шигшээ багийнхнаас хүч түрэн гарч ирсэн 17 настай тамирчны цахиур хагалсан тоглолт үзэгчдийг алмайруулсан. Хятадын тамирчдын цохиурынх нь урд талын резин бусад улсынхаас өөр байдаг. Миний ажигласнаар резин нь бөмбөгний ойлтыг багасаж, эргэлтийг нь ихэсгэж харагдсан.
-Тэмцээнд оролцсон орнуудаас ямар улс таатай бодол төрүүлсэн бэ?
-Катар улсын Доха хот сайхан дурсамж үлдээсэн. Тэнд болсон Азийн АШТ-д тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг 32-т үлдэнэ гэж огт төсөөлөөгүй. Тэр тэмцээнд БНСУ-ын тамирчин аваргаар тодорсон ч би Хятадын теннисчдийн тоглолтыг харахыг маш их хүсэж байлаа. Даанч тэд цар тахлын улмаас оролцолгүй өнжсөн юм.
-Таныг бөмбөг, цохиуртай нөхөрлөсөн цагаас гэрийнхнийг тань маш сайн дэмжиж, амжилтад хүргэсэн гэх юм билээ.
-Манайхан хүүхэд байхаас ур чадварыг минь ахиулахад гол анхаарлаа хандуулж ирсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин болоход аав минь баярлаж, урам хайрласан нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Надад нутгаа зорьж очих зав тэр бүр гардаггүй. Жил бүрийн шинэ жил, сар шинийн баяраар гэртээ харьдаг. Би айлын бага хүү, нэг эгчтэй. Эгчийн том охин аавын удирдлагад ширээний теннисээр хичээллэдэг. Аав шавь нараа дагуулаад улсын чанартай томоохон тэмцээнд оролцуулахаар Улаанбаатарт байсхийгээд ирнэ. Аавын удирдлагад бэлтгэл хийдэг байсан тоглогчдоос Ё.Батдэлгэр, Б.Хангайбаатар, Б.Сосорбарам гээд амжилт гаргасан шилдэг тамирчин бий. Дорноговь аймагт болсон залуучуудын УАШТ-д аавын шавь нараас ирж дэмжсэн шүү.
-Сүүлийн үед орон нутагт томоохон тэмцээн зохион байгуулдаг боллоо. Та Дундговь аймагт болсон насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, аваргаар анх удаа шалгарлаа.
-Тус аймгийнхан нутагтаа УАШТ-ийг зохион байгуулахын тулд маш их хичээж, сэтгэл гаргасан нь тэнд очсон анхны өдрөөс мэдрэгдсэн. Тэмцээн болсон заалны орчин нөхцөл, тохижилт, гэрэлтүүлэг нь гадаадад болдог томоохон тэмцээнүүдийн тоглолтыг өөрийн эрхгүй санагдуулж байв. Орон нутгийнхан Улаанбаатар хотын клубүүдийн тамирчидтай эн тэнцүүхэн өрсөлдөж, тэмцээний уур амьсгалыг улам өрсөлдөөнтэй болгон үзэгчдийн анхаарлыг их татсан нь тун сонирхолтой байлаа. Би тус тэмцээний ганцаарчилсан төрөлд хэсгээсээ гарч, шигшээ 16-д Б.Балдорж ахыг 4:2, шөвгийн наймд шигшээ багийн тамирчин байсан, улсын хошой аварга Ч.Эрдэнэбаяр, шөвгийн дөрөвт шигшээ багийнхаа М.Манлайжаргалыг 4:1-ээр хожсон. Аваргын төлөөх тоглолтод улсын дөрвөн удаагийн аварга, Токиогийн олимпод оролцсон Э.Лхагвасүрэн ахтай таарч, 4:0-ээр буулган авсан юм. Багийн тоглолт ганцаарчилсан төрлийн өмнө болоход манайхан Э.Лхагвасүрэн ахын багийнханд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэр ялагдал намайг ганцаарчилсан төрөлд түрүүлэхэд их нөлөөлсөн. Түүнд хожигдсоныхоо дараа тэмцээний бичлэг үзэж, өөрийнхөө алдааг олж хараад, тоглолтдоо анхаарлаа төвлөрүүлсэн. Миний хувьд Э.Лхагвасүрэн ахтай шигшээ багт нэг жил хамт бэлтгэл хийсэн болохоор тоглох арга барилыг нь гадарлана.
-Аав тань УАШТ-ий тоглолтыг зорьж ирээд үзэв үү?
-Үзсэн, үзсэн. Би 2020 онд зохион байгуулсан УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Энэ удаа өнгийг нь хувиргаж алт болголоо. Аав тэмцээн эхлэхээс өндөрлөх хүртэл намайг дэмжсэн. Манайхан миний улсын аварга болохыг харах гэж олон жил хүлээсэн дээ. Тэднийхээ хүслийг биелүүлж, аваргуудын эгнээнд жагссандаа сэтгэл өндөр байна. Өрсөлдөгчдөө хожих бүрт аавын баярлаж суугааг харах сайхан байлаа. Аваргын төлөө ОУХМ Э.Лхагвасүрэн ахтай тоглохын өмнө аав “Битгий аргуулаад байгаарай. Өөрт байгаа бүх зүйлээ гаргаж, зоригтой тогло” гэж зөвлөсөн.
-Хэзээ нэгэн цагт тамирчны карьераа өндөрлүүлбэл аав шигээ дасгалжуулагч болох уу?
-Хүүхэд байхаасаа аавынхаа ажлын амаргүйг бусдаас илүү мэдэрч өссөн. Би ч бас өсвөр үеийн тамирчдыг хэдэн сар дасгалжуулахдаа халширч, аавыгаа бүр илүү ойлгосон. Миний хувьд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн аялал жуулчлалын ангид сурдаг. Энэ жил Азийн АШТ, “Чэндү-2021” дэлхийн оюутны спортын унирверсиад наадам, “Ханжоу-2022” Азийн наадам гээд томоохон тэмцээн дараалж болсон тул бэлтгэлдээ анхаарал хандуулж, сургуулиасаа чөлөө авсан. Монголд намар спортын олон тэмцээн болдог тул есдүгээр сард хичээлдээ суух зав гардаггүй. Ангийнхан нэгэнтэйгээ хэдийн найз болсон байхад би ганцаараа танилцаж амжаагүй байдаг юм.
-Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж байдаг. Та энэ жилийн оролцсон тэмцээн бүрээсээ медаль атгасан байх юм.
-Миний хувьд 2023 он амжилтаа ахиулсан, зорилгоо биелүүлсэн өөдрөг жил байлаа. Би энэ жилийн эхний хэдэн тэмцээнд маш муу тоглосон. Тиймээс өөртөө дүгнэлт хийж, алдаан дээрээ ажиллан, оролцохоор төлөвлөсөн гол том тэмцээнүүдэд анхаарал хандуулсан. Монголын бүх ард түмний спартакиад наадамд хоёр ч удаа шигшээ 16 хожигдож, медальгүй хоцорсон юм. Тэр үед үнэхээр халширч, спортоос хэсэг завсарлах талаар аавтайгаа ярилцахад “Нэгэнт зорьсон зүйлийнхээ ард тууштай зүтгээд гарах хэрэгтэй. Аль ч үгүй үлдэнэ” гээд зөвшөөрөөгүй. Аавын шийдвэр зөв байсан. БНСУ-д болсон Азийн АШТ-д оролцохдоо шилдэг 32-т үлдэж, энэ эрчээрээ тогловол хойшид ч амжилт гаргаж болохоор байна гэж өөрийгөө үнэлсэн. Тэр тэмцээнээс ирээд насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүллээ. Туузанд өлгөсөн медалиудын маань олонх нь алт, хүрэл байдаг юм. Намайг тэмцээнээс алтан медаль хүртэхээр аав гэр лүүгээ авч яваад хоймортоо залдаг юм. Миний амжилтын талаар шавь нартаа сонирхуулан ярьж, хүртсэн медалийг минь харуулж, урам өгдөг юм билээ.
-Ширээний теннисээр амжилт гаргаагүй он жилүүдэд шантарч, спортоос холдох тухай боддог байв уу?
-БНСУ-аас ирсэн өмнөх Кан Дон Хүн дасгалжуулагч шигшээ багийнхныг өдөрт дөрвөн удаа бэлтгэл хийлгэхэд өөрийн эрхгүй ядарч, шантарсандаа больдог ч юм бил үү гэж боддог байлаа. Түүний ачаалал өндөртэй бэлтгэл хийлгэсний үр дүн ч гарсан. Ер нь бэлтгэл хэтрүүлж хийх биед минь зохидоггүй. Дундговь аймагт болсон УАШТ-ий өмнө хэд хоног амарч байгаад оролцлоо. Спортоор замнасан цагаасаа бэлтгэл, тэмцээн гэж явсаар гарын таван хуруунд багтах найзтай. Хүүхэд байхаасаа нөхөрлөсөн арван жилийн найзуудтайгаа ойр дотно байдаг. Тэд намайг завгүй байсан ч ирээд уулзана, сураг тавина, анхаарал хандуулна, томоохон тэмцээн болбол дэмжиж үздэг юм.