Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар өнгөрсөн долоо хоногийн байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сарынхаасаа 0.8 хувиар өсжээ. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ энэ мэтчилэн тогтмол өссөөр, иргэдийн орлого “цаас”-наас ялгаагүй болсоор байна. Цалингаа ахуйн хэрэгцээндээ зарцуулаад л дуусаж байгаа талаар иргэд ярьдаг. Тэгвэл бодит байдалд иргэдийн худалдан авах чадвар ямар байгааг сурвалжиллаа.
“ЦАР ТАХЛААС ХОЙШ ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЭРС БУУРСАН”
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд өнгөрсөн лхагва гаргийн 16.00 цагт хүн багатай байлаа. Үйлчлүүлэгчдийн олонх нь хүнсний ногооны хэсэгт төвлөрсөн байв. Иргэд “Энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ, үүнээс хямд бий юү. Хямд байвал авъя даа” гэж хэлэх нь хааяагүй сонсогдох аж. Жимс, ногооны тасгаас ганц, хоёр ширхгээр нь бүтээгдэхүүн худалдан авах хүн цөөнгүй харагдав. Мах, махан бүтээгдэхүүний худалдагч“Иргэд махаа долоо хоногийн хэрэгцээндээ тааруулж авдаг. Ихэнхдээ граммаар нь авдаг” гэв. Хонины бүхэл мах авах хүн тун ховор гэнэ. Нарийн ногооны худалдагч“Өнгөрсөн сараас монгол ногооны нийлүүлэлт багассан. Элбэг үед үнэ нь харьцангуй хямд байдаг. Одоо импортын ногоо л борлуулж байна” гэлээ. Худалдаачдын хэлж буйгаар “Ковид-19”-өөс хойш иргэдийн худалдан авах чадвар эрс буурчээ. Бараа, бүтээгдэхүүнийг жижиглэнгээр авах нь ихсэж, өдрийн хоолны материалаасаа илүүг авч дийлэхгүйд хүрсэн аж.
МАЛЫН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ӨДӨРТӨӨ Л ДУУСЧИХДАГ ГЭВ
“Хүчит шонхор” захын хашааны үүдэнд хоёр иргэн суух агаад урдаа гурван ууттай яс тавьжээ. Энэ нь нохойн хоол гэнэ. Нэг тор нь 10 000 төгрөг. Тэд өдөрт 10-20 торыг борлуулдаг байна. Тус захад хонины ястай мах 9500, цул нь 10 500 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн үхрийн ястай мах 11 500, цул нь 13 500, адууных 9500, ямааных 9000 төгрөгийн үнэтэй байв. Эдгээр нь бусад худалдааны төв, дэлгүүртэй харьцуулахад хямдавтар дүн юм. Тус захад мах нийлүүлэгч нь ихэвчлэн малчин. Тэд махаа борлуулахаар 03.00 цагаас эхлэн дугаарлаж, урт цуваа үүсгэн зогсоод, зах үүдээ нээх хүртэл хүлээдэг байна.
Тус захад бараа, бүтээгдэхүүний төрлөөс хамаараад тус тусдаа барилгад байрладаг. Байрнуудынх нь баруун захад цагаан идээний худалдаа төвлөрсөн аж. Цагаан идээний тасагт үйлчлүүлэгч цөөн байлаа. Худалдагчдаас иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа талаар асуухад “Зөрөх зайгүй шахам байдаг захад өдгөө маш цөөн хүн орж ирдэг боллоо. Уг нь иргэдийн идшээ бэлдэх цаг нь болчихсон. Гэвч хүн цөөн хэвээрээ л байна” хэмээв. Иргэд цагаан идээг ихэвчлэн граммаар нь авдаг гэнэ. Ташрамд дурдахад, шар тос нэг кг нь 40 000, аарц 5000 төгрөгийн үнэтэй аж.
“Хоногийнхоо махыг ч авч чадахгүй хүмүүс л байна шүү дээ. 1000-2000 төгрөгт тааруулж мах авах нь бий. Ихэвчлэн 200 граммыг л авдаг даа. Өр тавих нь ч их. Тэтгэвэр, тэтгэмж нь буухаар төлцгөөдөг. Ядарсан хүмүүс зээлээр өгөөч гэж гуйхад яаж үгүй гэж хэлэх билээ. Боломжоороо зарим нь төлнө, өрөө 1-2 жил төлж чадаагүй хүмүүс ч бий” гэсэн юм.
Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бараа, бүтээгдэхүүний үнэ төдийлөн нэмэгдээгүй ч худалдан авагч цөөрсөөр буй талаар худалдагчид ярьж байлаа. Малын дайвар бүтээгдэхүүнийг хэдэн зуугаар нь нийлүүлдэг ч тухайн өдөртөө л дуусчихдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд мах төдийлөн авч чадахгүйгээс дайвар бүтээгдэхүүн сонгох нь элбэг болжээ. Иргэд бүтээгдэхүүн худалдаж авахдаа чанар гэхээс илүүтэй үнийг нь л лавлаж байв.
“ЦАЛИНГАА ХҮНСЭНДЭЭ Л ЗАРЦУУЛДАГ”
19.00 цагийн үед хичээлээ тарж яваа бололтой хүүхдүүд гудамж өгсөн алхацгааж байлаа. Тэднийг даган “Хүчит шонхор” захаас хойших гэр хорооллын зам дагуу алхахдаа ойролцоох зургаан нэрийн дэлгүүрээр орж, иргэдийн худалдан авах чадварын талаар лавласан юм. Худалдагч“Манайх “Хүчит шонхор” захтай ойрхон болохоор үйлчлүүлэгч цөөн. Тэгээд чзургаан нэрийн дэлгүүр болохоор архи зардаггүй. Архи, согтууруулах ундаа зардаг бол үйлчлүүлэгч олшрох биз” гэлээ. Түүнээс цааш Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд байрлах дэлгүүрээр ороход 300 граммын савлагаатай мах, хагас кг дайвар бүтээгдэхүүн борлуулж байв. Эдгээрийг иргэд байнга авдаг гэнэ. Мөн хүнсний ногоогоо иргэд тухайн өдөр хэрэглэхээр буюу 2-3 ширхгээр нь авдаг аж. Тус дэлгүүрээр үйлчлүүлэгч“Манайх өдөрт ойролцоогоор 30 000 мянган төгрөгт хүнсээ цуглуулдаг. Цалингаа хүнсэндээ л зарцуулж байна” гэж ярив. Тус дэлгүүрт өр тавьсан хүн олон гэнэ. Зээлээ төлсөн хүмүүс бараг маргаашаас нь л дахиад өр тавьдаг. Өдрийн хоолтойгоо хонохын тулд аргагүйн эрхэд зээл өгөхийг гуйдаг байна. Ургамлын тосыг граммаар зарахыг хориглосон тул иргэд хамгийн жижиг савлагаатайг нь авдаг аж. Тус дэлгүүрээр дүүргээс хуваарилж өгсний дагуу 70 өрх талоноор үйлчлүүлдэг юм билээ. Өрхөд сард олгох хүнсний талоны үнийн дүн 0-16 хүртэлх насны гишүүнд 5000, 16-гаас дээш насныханд 10 000 төгрөг.
Баянхошууны эцсийн автобусны буудлын орчимд 19.00 цагт хоёр, гурваараа хэлхэлдсэн согтуу хүн цөөнгүй. Гудамжинд зогссон хүн бүр л согтуу гэхэд хилсдэхгүй. Ойролцоох “Мах, махан бүтээгдэхүүний төв” гэсэн бичигтэй байр луу орвол дотроо жижиг зайтай байв. Зориулалтын нөхцөлд махаа хадгалдаггүй бололтой эхүүн үнэр хамар цоргино. Худалдагч“Хоногийнхоо махыг чавч чадахгүй хүмүүс л байна шүү дээ. 1000-2000 төгрөгт тааруулж мах авах нь бий. Ихэвчлэн 200 граммыг лавдаг даа. Өр тавих нь чих. Тэтгэвэр, тэтгэмж нь буухаар төлцгөөдөг. Ядарсан хүмүүс зээлээр өгөөч гэж гуйхад яаж үгүй гэж хэлэх билээ. Боломжоороо зарим нь төлнө, өрөө 1-2 жил төлж чадаагүй хүмүүс ч бий” гэсэн юм. Хотын зах руу дөхөх тусам жижиглэнгээр борлуулах махны хэмжээ багасаж, хүнсний ногоог цөөнөөр савласан байв. Зарах байцай нь хүртэл атгасан гарны хэмжээтэй болж жижгэрсэн байлаа. Дундаж цалин өссөн ч инфляцын нөлөөгөөр иргэдийн бодит худалдан авах чадвар буурсаар байгаа нь ийнхүү хэдхэн дэлгүүр, худалдааны төвөөр ороход л илт мэдэгдлээ.
“ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАДАГ УЛС РУУ ЯВНА”
Тогтмол орлогогүй, суралцаж яваа оюутан, залууст үнийн өсөлт хүнд сорилт учруулж байгааг зарим нь ярилаа. Тэд цагийн ажил хийж хэрэглээнийхээ мөнгийг олох нь түгээмэл. Зуны улиралд гадаадын улс орнуудад ажиллаж, сургалтын төлбөрөө олдог залуус ч нэмэгджээ. Дотуур байранд амьдардаг оюутнуудаас худалдан авах чадварынх нь талаар асуухад “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр болохоор хоёр ширхгээр нь авдаг байсан зүйлээсээ ганцыг лавч байна. Бид төгсөөд ажилд ороход Монголд хөдөлмөрийг маань үнэлэхгүй. Ээж, ааваасаа мөнгө гуйхгүй гэсэндээ өдөрт 12 цаг ажиллаж, маш бага цалин авдаг. Олсон хэдэн төгрөгөө ахуйн хэрэглээний зүйлсдээ л зарцуулж байна. Цалин маань ахуйн хэрэглээндээ ч хүрэхгүй үе бий. Энд сард ажиллаад авдаг цалингаа БНСУ-д хоёр өдөрт олсон. Цаашид ийм нийгэмд амьдрахыг хүсэхгүй байна. Иргэнийхээ төлөө шийдвэр гаргадаг улс руу явна” гэлээ.
Эдийн засагч Г.Батзориг “Иргэдийн худалдан авах чадварыг инфляц тодорхойлдог. “Ковид-19”-ийн дараа барааны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэвч цалин хөлс бага хэмжээгээр өслөө. Орлого нь бага болохоор иргэдийн зарлага нь түүнээс давахад хүрч байна. Тиймээс худалдан авах чадвар буурлаа. Манай улс чинь импортын хамааралтай. Тиймээс валютын ханшийн уналт иргэдийн худалдан авах чадварт асар хүчтэй нөлөөлдөг” гэсэн юм.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн