Даамын насанд хүрэгчдийн УАШТ-ий алт, өсвөр үе, залуучуудын тив, дэлхийн аварга, “Монгени” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин Польшийн Полице хотод өнгөрсөн сарын сүүлчээр болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оюунаа сорьсон. 18 орны 350 тамирчин хөлөг дээр ана мана “тулалдсан” тус тэмцээнд тэрбээр үндсэн тавил дуусахаас нэг өргийн өмнө түрүүлж, Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргасан билээ. Түүний хувьд энэ спортод гаргасан амжилтаараа олон улсын мастер цолны болзлыг хангаж, залуучуудын ангилалд дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Тэрбээр өмнө нь Эстонийн Таллин хотод 2014 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-ээс мөнгөн медальтай ирж, даамын хорхойтнуудыг баярлуулж байв. Зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголоос шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд ур чадвараараа өрсөлдөн зургаан алт, тус бүр гурван мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт жагсахад тэрбээр ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Миний мэдэхээр та өсвөр үе, залуучуудын ДАШТ-д оролцох бүртээ медальтай ирсэн. Энэ удаа ч гэсэн олны итгэл, найдварыг даалаа.
-ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцлоо. Анх 10 настай байхдаа 2014 онд Эстони улсыг зорьж, ДАШТ-ээс мөнгөн медальтай ирсэн баярт мөчөө дурсах сайхан байна. Би Польшид хоёр удаа хөл тавьсан. 2017 онд зохион байгуулсан ДАШТ-д ихэртэйгээ хамт оролцохдоо туршлага хуримтлуулах зорилгоор 17- 19 насныхны ангилалд тоглож, турк даамын төрөлд дэлхийн аварга болсон юм. Түүнээс хоёр жилийн дараа Туркт болсон ДАШТ-ий хамгийн сүүлийн өрөгт ихэр Б.Анужинтайгаа таарна гэж огт төсөөлөөгүй. Хэн хэн нь медаль авах боломжтой байсан тул бид нэгэнтэйгээ тоглохыг үнэхээр хүсээгүй л дээ. Би түүнийг хожмоор байсан ч чадаагүй. Б.Анужин намайг хожиж мөнгөн медаль хүртсэн юм. Миний хувьд залуучуудын ангилалд сүүлийн удаа өрсөлдөж, дэлхийн аварга боллоо. Ирэх жилээс насанд хүрэгчдийн ангилалд тоглоно. Насанд хүрэгчдийн ДАШТ-д тив, дэлхийн шилдгүүд өрсөлддөг. Тиймээс одоо хийж буй бэлтгэлээсээ хэдэн дахин илүү базааж байж амжилт гаргана шүү дээ.
-Хөлөг дээр нутгийн тамирчинтай таарах бол байдаг л зүйл. Медалийн төлөөх шийдвэрлэх тэмцээнд ихэртэйгээ таарч өрсөлдөх нь төсөөлснөөс ч амаргүй санагдсан биз.
-Ихрийнхээ тоглох арга барилыг сайн мэднэ. Медалийн шийдвэрлэх өрөгт таарах дарамттай санагддаг тал бий. Миний хувьд Б.Анужинтай нэг ширээнд суухдаа ихэр биш өрсөлдөгчийн нүдээр харж байлаа. Надаас хүү аваад илүү болоход уур минь хүрсэн. Ялагдчхаад гар бариад боссоныхоо дараа л энгийн үеийнх шигээ болж танхимаас гарсан. Туркт болсон ДАШТ-д ээж бидэнтэй хамт явсан юм. Блиц (түргэвчилсэн) тоглолтод ОХУ-ын даамчдыг хожиж, Беларусийн тамирчинтай тэнцээд тун дориун үзүүлэлттэй урагшилж байсан би сүүлийн өрөгт ихэртэйгээ таарсан оноолтыг харах хэцүү байлаа. Ээждээ хэлтэл царай нь сонин болчихсон зогсож байв. Өмнө нь биднийг дотоодын тэмцээнд таарахад “Өөрсдөө хичээж тогло. Хэн нь ч хожиж болно” гэдэг байлаа. Тэр тэмцээнд аль аль нь өөрт байгаа бүхнээ шавхан гаргаж тоглосон. Намайг ихэртээ ялагдаж, шарандаа уйлаад тоглолтын танхимаас гарч ирэхийг харах ээжид тун хэцүү байсан шүү. Тэр үед нэгийг нь аргадаж, нөгөөд нь баяр хүргэх амаргүй санагдсан биз ээ.
-Та хоёр тамирчны замналаа “Шавь” цогцолбор сургуулийн “Шавь” клубээс эхлүүлсэн юм билээ.
-Эмээ минь биднийг даамаар хичээллүүлэхээр тус клубт хөтлөөд оруулж билээ. Тухайн үед чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх маягаар анх сонирхож хичээллэсэн юм. Хоёр сар хичээллээд даамаа орхисон. ХаринIII ангид орох жил Р.Нармандах багш анги удирдсан багшийг таньдаг тул биднийг сураглаж “Ангид тань даамын сайн суурьтай ихэр охин байгаа. Хичээллээд хоёр сар болсон гэхэд бодлого боддог, хурдан сэтгэдэг. Тэдэн шиг хүүхэд ховор. Чи тэднийг надтай холбоод клубт нь заавал явуулаарай” гэж захисан юм билээ. Нэг өдөр ангийн багш бидэнд “Та хоёр клубтээ үргэлжлүүлээд хичээллээрэй” гэж зөвлөснөөр даамын спортод эргэн ирсэн юм. Тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэх бүртээ эмээ минь ямар азаар даамын клубт хичээллүүлэхээр оруулсан юм бэ гэж боддог. Эмээгээ 2019 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээс гурав хоногийн өмнө Б.Анужин өсвөр үеийнхний УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлж, улсын аварга болсноо дуулгасан. Бид тамирчин болох замнал, амжилтад хүрэх жимд хөтөлсөн эмээгээрээ их бахархдаг.
-Б.Анужин ОУИМ Р.Манлай, харин та ОУИМ Ц.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийдэг. Хэн хэнийх нь тоглох арга барил өмнөхөөсөө өөр болсон байх.
-Бид 2019 он хүртэл нэг багшийн удирдлагад хичээллэж, бэлтгэл хийсэн. Тэр үед яаж ч тоглосон тэнцдэг байв. Би Б.Анужингийн хэрхэн нүүхийг бодлыг нь уншиж буй мэт мэднэ. Миний хувьд өнгөрсөн жилээс ОУИМ Ц.Сүхбат багшийн удирдлагад хичээллэсэн. Өөр багшийн удирдлагад бэлтгэл базаах болсноор бидний тоглох арга барил ч өөрчлөгдсөн юм. Миний мэдэхгүй зүйлийг ихэр, түүний мэдэхгүйг би мэддэг болсон. Өмнөх жилүүдэд тоглодог байснаа ана мана үзэлцдэг гэж одоо хэлэхгүй. Харин хоёр өөр төлөвлөгөөгөөр тоглох жинхэнээсээ үзэлцэж буй мэт урамтай. Бид “Хасу мега старс” клубийн дасгалжуулагч, ОУИМ Д.Баттулга багшийн удирдлагад 2016- 2019 он хүртэл хичээллэсэн. Түүний тоглолтын тактикт Б.Анужин дурлаж, “Багшаа, та ямар гоё тоглодог юм бэ. Тан шиг тоглож сурмаар байна” гэж байв. Эмэгтэй даамчид “Б.Анужингийн тоглохыг ер ойлгодоггүй юм. Яаж тоглоод байдаг юм бол. Онолоор ингэж нүүдэг шүү дээ гээд бодоход тэр тэс өөрөөр нүүсэн байдаг. Та хоёр яагаад өөр тоглодог юм бэ” гэдэг. 2016 оноос хойш өөрийн арга барилыг мэдэрсэн түүний өргийн нүүдлээс Анужингийн гэх өвөрмөц тоглолтыг олж харах болсон нь надад ч урамтай санагддаг. Тэрбээр өдгөө миний хүчтэй өрсөлдөгч, хамгийн сайн зөвлөгч болсон. Сүүлийн үед бид тус тусын клубээ төлөөлж тэмцээнд оролцож байгаа. Б.Анужинг хүүхдүүдтэй ярьж байхад нь дөхөхөөр “Цаашаа, “Алтан хүү” клубийнхэн чухал зүйл ярилцаж байна” гэнэ. Харин би түүнийг манай клубийн Б.Есүйтэй ярилцаж байхыг харвал ”Монгени”-ийнхээ охиныг авъя гэдэг юм.
-Тамирчид шагналынхаа салхийг хагалсан медальдаа илүү хайртай байх юм.
-“Шавь” цогцолбор сургуулийн АШТ-д оролцож, би мөнгө, Б.Анужин хүрэл медаль хүртсэн юм. Тэр үед аварга болоогүйдээ сэтгэл гонсойход ээж “Мөнгө, хүрэл медаль араасаа шагнал дагуулдаг юм” гээд урам өгч билээ. Жилээс жилд ур чадвар ахих тусам алтан медаль хүртэх гэж тэмүүлдэг болсон. 2014 онд болсон ДАШТ-ээс мөнгөн медальтай ирснээс хоёр жилийн дараа Монголын бүх ард түмний спортын XIV их наадамд 12 настайдаа насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль зүүсэн минь миний хувьд том амжилт байв. 2018 онд 14 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, алтан медаль авахдаа тамирчин болжээ гээд өөрийгөө дүгнэж билээ.
-Гэрийнхнээс тань хэн нь хамгийн цоглог, эрч хүчтэй нь вэ?
-Б.Анужин. Хүмүүс “Б.Анужин бусадтай ярилцахдаа илүү нээлттэй болов уу” гэдэг. Нээрээ тэр тийм л байдаг. Зан чанарын онцлог, байдлаа тоглолтдоо харуулж, хурдан, зоримог, эрс шийдэмгий нүүдэл хийдэг юм. Миний хувьд хөлөг дээр тайван тоглолт өрнүүлдэг. Хөлөг дээрх өргийн маань нүүдлийг хараад зарим хүн “Б.Мөнхжин нь даруухан байх” гээд ярьдаг.
-Даамын спортод Б.Анужин, Б.Мөнхжин хэмээх нэр дуулдсан цагаасаа хүмүүсийн анхаарлыг ихэд татах болсон. Олон дасгалжуулагч клубтээ хичээллүүлэхийг урьсан биз?
-Манай клубт хичээллээч гэсэн хүмүүсийн саналыг хүлээж авч, бэлтгэл хийсэн. Энэ утгаар нь яривал бид олон багштай. Ахисан түвшинд хичээллэх, ур чадвараа дээшлүүлэх зорилгоор клубээ сольсон ч багш нартаа хүндэтгэлтэй ханддаг. Р.Нармандах, Д.Баттулга, Р.Манлай багш нар клубтээ хичээллэх санал тавихад урилгыг нь хүлээж аваад очиж байлаа.
-Польш улс Монголын тамирчдад ээлтэй санагддаг. Та санал нийлэх үү?
-Тийм ээ. Тэнд болсон өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын тамирчид багаараа түрүүлж, алтан цом гардлаа. Энэ нь олон оронд Монгол Улс оюуны ямар өндөр чадавхтай ард түмэнтэй вэ гэдгээ харуулсан гэж боддог. Тэнд өмнө нь очиж байсан болохоор нэг л танил, дотно мэдрэмж төрсөн шүү. 2017 онд болсон ДАШТ-д турк даамын төрлөөс анхны алтан медалиа тус улсад гардсан болохоор их бэлгэшээдэг. Тэр үед би залуучуудын ангилалд өрсөлдөхдөө хэрвээ тэмцээн болбол дахиад аварга болно гээд бодож байсан юм. Энэ удаа зорилгоо биелүүлж, үндсэн төрөлд алт, блиц төрлөөс хүрэл медаль хүртлээ.
-ДАШТ-ий товлосон хугацаа ойртох тусам сэтгэл тань хэр догдлов?
-Тэнд хөл тавиад эд зүйлсээ алдсан тул сэтгэлээр унаж, үг ч дуугарах тэнхэлгүй болсон байв. Аав, ээжтэйгээ холбогдоход “Зүгээр дээ, миний охин. Алдсан зүйлийнхээ оронд алтан медаль аваад ирэхгүй юүдээ” гэхэд нь тайвширсан. Тэмцээний өдрүүдэд олон зүйл бодохгүйг хичээж, “Нэгийг алдсан, одоо дахиж илүүг алдахгүй” гэж бодсон. Үндсэн тоглолтын есөн өргийн долоод нь юу ч бодохгүй, өөртөө итгэлтэй, маштайван тоглосон шүү. Польшманайхаас долоон цагийн зөрүүтэй. Тэмцээн эхлэхээс өндөрлөтөл лайваар шууд дамжуулах өрөгт би тоглосон юм. Намайг найман өрөг тоглотол аав, ээж ихрийг амраахгүй “Дүү нь одоо яасан бол. Хэрхэн нүүсэн бол. Энэ нь зөв үү, эсвэл буруу юу” гээд байн байн асуугаад л байсан гэнэ лээ. Намайг ирсний дараа ихэр “Чи яг миний бодсоноор нүүгээд байсан. Бидэнд ихрийн холбоотой олон зүйл байна шүү” гэж байв.
-Дэлхийн аварга болсон мөчид олон зүйл бодогдсон байлгүй. Тэр үед гэрийнхнээсээ хэнтэй нь түрүүлж холбогдсон бэ?
-Тэмцээнд хамт оролцсон Б.Есүй дүүгийнхээ утсаар гэрийнхэнтэйгээ холбогдож байлаа. VIII өрөгт өрсөлдөгчөө хожиж, медалийн болзол хангаснаа мэдсэн. Тоглолтын танхимаас гараад л Б.Есүй бид хоёр хашхиралдаад тэврэлдсэн. Дэлхийн аварга болчхоод багшийнхаа утсаар ихэр лүүгээ залгатал баярлаад өөдөөс бүр орилж байлаа. Баярт мэдээг гэрийнхэндээ дуулгасан тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэмээргүй санагддаг. Намайг 2014 онд ДАШТ-ээс медаль хүртэхэд ээж “Охиноороо бахархаад” гээд уйлсан юм. Тэр үед хүүхэд байсан болохоор “Намайг уйлаагүй байхад ээж яагаад нулимс дуслуулаад байгаа юм бол” гээд гайхаж билээ. Харин энэ удаа ээжид төрж байсан тэр мэдрэмжийг өөрөө мэдэрсэн дээ.
-Өмнө нь тантай тоглосон тамирчдаас энэ удаа хэн таарав?
-2014 онд болсон ДАШТ-д би Нидерландын тамирчин Луис Габбертийг V өрөгт хожиж байв. Надтай энэ удаа IV өрөгт дахин таарахдаа гар бариад “Бидний тоглолтын харьцаа 1:0 байгаа шүү” гэж хэлэхэд нь би дуугүй толгой дохиод өргөө эхлүүлж, “Хоёулаа нэг өдөр тоогоо тэнцүүлэх байлгүй дээ” гэж хэлээд тоглолтоо дуусгасан. Өмнөх тэмцээнд түүнийг төрсөн өдрийнх нь баяраар хожсоныг марталгүй олон жил сэтгэлдээ тээж явсныг сая л мэдсэн. Өрсөлдөгчтэйгөө есөн жилийн дараа эргээд уулзах надад тун сонин байлаа. Тэрбээр хүүхэд байх үеийнхээсээ төрөл арилжсан мэт өөр болсон байв.
-Энэ удаагийн тэмцээн өмнөхөөс юуг илүү мэдрүүлсэн бол?
-Эхний өрөгт Эстони улсын тамирчин Эмиллиа Келлотойтаарахдаа их сандарсан. Түүнийг нас өгсөж, миний тоглох ангилалд өрсөлдөнө гэж огт төсөөлөөгүй. Миний хувьд хол зам туулж, ядарч очсон болохоор цагийн зөрүү сайн гараагүй байв. Бид нэгэндээ аль аль нь шинэ танил байсан. Тиймээс өөрийнхөө мэдрэмжээр, мэддэг зүйлээрээ тоглохоор шийдсэн. Тэрбээр надтай анх удаа тоглосон болохоор төлөвлөгөөг миньсайн ойлгохгүй байсаар тактикт маань хожигдсон доо.
-Б.Анужин ДАШТ-д яагаад оролцоогүй юм бэ. Польшийг зорьсон бол медальтай ирэх байсан шүү дээ.
-Тэрбээр ШУТИС-ийн Интерьер дизайны ангийн II дамжааны оюутан. Энэ жил анх удаа чухал дадлага хийж байгаа тул зав ховор гарах болсон. Тиймээс өнжихөөр шийдсэн юм. Би МУИС-ийн Америк орон судлалын хөтөлбөрийн I дамжаандсурдаг. Оюутны УАШТ болоход бид сургуулиа төлөөлж оролцоно шүү дээ. ШУТИС-ийнхан тус тэмцээнд хэдэн жил дараалж аваргаар шалгарсан юм. Б.Анужин өнгөрсөн жил сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж түрүүлсэн. Харин би энэ жил МУИС-иа төлөөлж, тоглоод хожсон. Тэрбээр надад аваргын түрүүгээ алдах амаргүй л байсан болов уу. Тэр үед ШУТИС-ийн тоглогчдыг МУИС-ийнхан илүүрхлээ гээд ярьж байлаа. Биднийг ихэр гэдгийг тэмцээний үед хоёр сургуулийн оюутнууд мэдсэн байх.
-Гадаадын тамирчид та хоёрыг тэмцээний үеэр их андуурдаг гэж сонссон. Үүнтэй холбоотой дурсамж бий юү?
-БНХАУ-ын Шаньдун мужийн Шинтай хотод 2018 онд болсон Азийн АШТ-ий үеэр хөгжилтэй зүйл тохиолдож билээ. Бидэнтэй Хятадын тамирчид таарч тоглосон юм. Тэд ус уухаар зэрэг босож, буцаж суухдаа ширээгээ андууран надтай тоглосон нь Б.Анужинтай, Б.Анужинтай тоглосон нь миний өмнө ирж суусан. Тэд өрөг солигдсон байгааг ч анзааралгүй шууд нүүж эхлэв. Тоглолтын үед тамирчдыг хоорондоо ярихыг хориглодог. Тэдэнд ойлгуулахын тулд бие бие рүүгээ зааж, ширээн дээрх цаасан дээр бичсэн нэрээ харуулахад бүр гайхаж, царайг минь таньж ядан нэг минут хэртэй суусан. Надтай таарсан тамирчны өрөг тааруухан, харин ихэртэй таарсан тоглогчийнх сайн байв. Биднийг гадаадын тэмцээнд оролцож байхад тамирчид их андуурдаг. 2017 онд ДАШТ-д оролцохдоо би 13 настай хэрнээ 17 насныхны ангилалд тоглосон юм. Б.Анужин тэр үед насныхаа ангилалд өрсөлдсөн. Түүний тэмцээний заал I, минийх III давхарт байв. Б.Анужинг өрсөлдөгчөө хожиж гарч ирээд I давхарт утсаа оролдож суусныг манай хэсгийн шүүгч андуураад намайг торгож байлаа шүү дээ.