Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай тогтоол баталж, энэ хүрээнд “5Ш” хэмээх цогц ажиллагаа хэрэгжүүлж буй. Эдгээрийн нэг болох “Шүгэл” ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.
Мөрдөн шалгах ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, улмаар авлигын хэргийг илрүүлэхэд үр дүн гарсан бол урамшуулах зохицуулалтыг ч тусгасан. Шүгэл үлээсэн мэдээлэл, баримтын дагуу авлигын гэмт хэрэг илрүүлээд, түүнийг шүүхээр шийдсэн нөхцөлд уг урамшууллыг өгөх юм. Ингэхдээ тухайн авлигын гэмт хэргийн үнийн дүнгээс хувь тооцно, дээд хэмжээг нь хуулийн төсөлд тусгасан.
-“Авлигатай тэмцэх жил”-ийн хүрээнд “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж эхлээд есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ ажиллагааны үр дүн хэр байна, авлигын эсрэг тэмцэлд ямар ахиц гарсан бол?
-Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжиж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь “5Ш” ажиллагааны гол зорилго юм. “Шүгэл” ажиллагааны хүрээнд бид авлигатай тэмцэхэд хувийн хэвшил, иргэдийн дэмжлэгийг авах, шүгэл үлээхийг дэмжих, цаашлаад УИХ-аас байгуулсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэгтэй хамтрах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш иргэдтэй биечлэн уулзаж, мөн иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөр дамжуулан бичгээр, утсаар санал, гомдол хүлээж авч буй. Энэ хугацаанд 1000 орчим гомдол, мэдээлэл ирүүлснийг бид цагдаагийн байгууллага, АТГ-т шилжүүлж, иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа. Иргэд “Шүгэл” ажиллагаатай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргээс гадна өөрсдөд нь тулгамдсан газрын харилцаа, өмчлөх эрх зэргээр бүх л салбартай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн. Судалгаагаар авлигын эрсдэл өндөр гэж үздэг гаалийн байгууллага, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, гомдол ихээр ирсэн зарим дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай мөн уулзлаа. Ирүүлж буй санал, гомдлыг харахад хууль тэгш хэрэгжихгүй, гомдол, маргааныг шийдвэрлэхгүй олон жил болдог нь иргэдийг ихээхэн чирэгдүүлж, эрхийг нь зөрчиж байна.
-Суурь арга хэмжээгээ авч байгаа гэж ойлголоо. “Шүгэл” ажиллагааны хүрээнд ирүүлсэн санал, гомдлын мөрөөр шийдсэн тодорхой хэрэг байгаа юу?
-АТГ, ЦЕГ-т шилжүүлсэн санал, хэргүүд бий ч мөрдөн шалгах ажиллагаа өрнөж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ бид удахгүй статистик мэдээллээ нэгтгээд, энэ ондоо багтааж Засгийн газрын хуралдаанд танилцуулан, олон нийтэд мэдээлнэ.
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д жил гаруйн өмнө өргөн барьсан. Батлахгүй хүлээгдэж буйн шалтгаан нь юу юм бол?
-Манай яамнаас уг хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн. УИХ-аас Ц.Мөнхцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг хуулийг батлахын ач холбогдол их. Нууц, далд үйлддэг авлигын хэргийг илчилж, ил тод болгоход шүгэл үлээгчдийн оролцоо маш чухал юм. Боловсролын зээлийн сангийн асуудлаар О.Сийлэгмаа гэдэг төрийн албан хаагч анх шүгэл үлээсэн. Авлигын өөр хэргүүдийг илчилж, холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж буй иргэд ч бий. Намрын чуулганаар уг төслийг хэлэлцэж батлах болов уу гэж хүлээж байна.
-Авлигын том хэргүүдийг шүгэл үлээн мэдээлсэн хүнийг хамгаалах нь маш чухал. Амь насаа ч золиослох эрсдэлтэй байж мэднэ. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн тусгав?
-Иргэд, олон нийтээс мэдээлэл авч, санал гомдлыг нь сонсоход нууцлалыг хадгалах, хамгаалах нь чухал гэдгийг хэлдэг. Зориг гарган шүгэл үлээж буй иргэдээ дэмжих, хамгаалах зохицуулалтыг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд оруулсан. Хуультай болсноор тодорхой баталгаа, хамгаалалт бий болно гэсэн үг. Шүгэл үлээгчдээ хамгаалах нь энэ хуулийн гол зорилго. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, улмаар авлигын хэргийг илрүүлэхэд үр дүн гарсан бол урамшуулах зохицуулалтыг ч тусгасан. Шүгэл үлээсэн мэдээлэл, баримтын дагуу авлигын гэмт хэрэг илрүүлээд, түүнийг шүүхээр шийдсэн нөхцөлд уг урамшууллыг өгөх юм. Ингэхдээ тухайн авлигын гэмт хэргийн үнийн дүнгээс хувь тооцно, дээд хэмжээг нь хуулийн төсөлд тусгасан.
Төрийн албан хаагч шүгэл үлээхэд учрах эрсдэл, дарамт бодитой байна. “Шүгэл” ажиллагааны хүрээнд бид төрийн албан хаагчидтай уулзахад мэдээлэл өгч буй хүний нэрийг нууцлахаас эхлээд ажлын байранд дарамтлахгүй, албан тушаал, цалинг нь бууруулахгүй байхад анхаарах хамгаалалт шаардлагатай гэсэн санал их хэлсэн. Тиймээс хувь хүнд ирж болзошгүй энэ мэт эрсдэлээс хамгаалах тодорхой баталгааг төсөлд тусгасан. Одоо иргэд шүгэл үлээгч гэдэг ойлголтыг сайн мэддэг болжээ. Гэхдээ хуулийн хамгаалалтад ямар хүнийг хамруулах талаар бодит шаардлага тавих нь зүйн хэрэг. Авлигын гэмт хэргийг бодитой илрүүлсэн нөхцөлд дэмжин хамгаалж, хуульд заасан шаардлагыг хангасан бол урамшуулах юм.
-Энэ чиглэлээр өөр ямар ажил хийж байна вэ?
-Манай улсын хувьд төрийн үйлчилгээний анхан, дунд шатны гэхээс илүү төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон, том үнийн дүнтэй авлигын хэргүүд олон нийтийн анхааралд өртөж, Авлигатай тэмцэх газрын ачааллыг нэмэгдүүлж байна. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чадавхыг сайжруулж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй илүү үр дүнтэй тэмцэх шаардлагатай. Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх бодлого баримталж, тодорхой төсөл, хөтөлбөр санаачлан ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагатай хамтран энэ чиглэлээр хоёр жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр болсон. Тус байгууллага төлөөлөгчийн газар, салбараа манай улсад нээхээр төлөвлөж буй. Ингэснээр хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг болно. Мөн мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох албан хаагчдын чадавхыг сайжруулах, гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломж бүрдэх юм.
Авлигын гэмт хэргийг нууц, далд хэлбэрээр үйлддэг. Төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон том үнийн дүнтэй хэргүүдийн арга хэрэгсэл илүү нарийсаж, боловсронгуй болж байна. Цахим төлбөрийн хэрэгсэл, криптовалют хөгжиж буй учраас эдгээрийг ашиглаад авлигаас олсон орлогоо гадаад улс руу шилжүүлж, нуух нь нэмэгдлээ. Тиймээс Засгийн газраас АТГ-ын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих хэд хэдэн ажил хийж байна. Өнгөрсөн зургаадугаар сард Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа. Одоо уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй. Авлигатай тэмцсэнээр нийгэмд өдөр тутам тулгамдаж буй олон асуудлыг шийдэж чадна. Хүн бүр сэрэмжтэй байж, авлигатай нийтээрээ тэмцсэнээр л үр дүн гарна. Буруугийн хажуугаар нүдээ аниад өнгөрөөд байж болохгүй.
-Засгийн газраас авлигатай тэмцэж, тодорхой үр дүн гарч байна гэж буй ч сөрөг хүчний зүгээс Монгол Улс авлигын индексээр улам л ухарлаа гэж шүүмжилсэн. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?
-Өнөөдөр манай улсын хөгжлийг чөдөрлөж буй гол хүчин зүйл болсон авлига, албан тушаалын гэмт хэргийн тогтолцоо, сүлжээ улс төр тогтворгүй, засаглал сул байснаас улбаатай. Мөн Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт хамааралтай байдаг нь ч нөлөөлсөн. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, “нүүрсний хулгай” зэрэг олон жил үргэлжилсэн хулгай, авлигын хэрэг сүүлийн хоёр жилд ил боллоо. Хөгжлийн банк байгуулагдсан цагаас л улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрсдөдөө давуу тал бий болгон, хөнгөлөлттэй зээл авсан жишээ олон байна. Боловсролын зээлийн сан ч адил. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үүссэн тогтолцоо, сүлжээтэй тэмцэхэд хугацаа хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэхэд улс төрийн хүсэл зориг гаргаж, манлайлал үзүүлж байгаа нь өмнөх Засгийн газруудаас онцлог, давуу тал юм. Тиймээс л Засгийн газрын авлигын эсрэг хийж буй тэмцэлд нэгдэхийг иргэдээсээ хүсэж буй. Бидний илүү таатай нөхцөлд амьдрах байсан боломжийг авлигачид хулгайлж байна.
Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөгжлийн банкны хэргээс харахад иргэдэд илүү хүртээмжтэй, тэгш нийгэм бий болгоход зарцуулах байсан төсвийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд авчихсан байгаа нь харамсалтай. Үүнийг өөрчлөх ёстой. Улс төрд хөл тавьж буй хүмүүс өөртөө давуу тал бий болгох гэж биш, улсаа хөгжүүлэх, иргэдэд тэгш боломж бүрдүүлэхийн төлөө ажилладаг болсон цагт энэ байдал өөрчлөгдөнө. Авлигатай тэмцэлгүйгээр бидний ирээдүй сайн сайхан болно гэж хүлээх утгагүй юм. Олон жилийн турш бий болсон авлигын тогтолцоо, сүлжээг нэг мөр өөрчлөх ёстой. Ингэж л ажил явдаг гэсэн сэтгэлгээнээс салж, ирээдүй хойч үеийнхээ өмнө нүүр бардам хийсэн бүтээсэн зүйлтэй байж, үнэ цэн, өв үлдээх нь бидний үеийнхний үүрэг, хариуцлага шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаа ирэх онд ч мөн үргэлжилнэ. Тиймээс тодорхой үр дүн гарч, төрийн худалдан авах ажил, төсвийн зарцуулалт илүү ил тод, шилэн, нээлттэй болно. Үүнд иргэдийн дэмжлэг, шаардлага чухал байгаа юм.