“Almighty BJJ & MMA аcademy” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 8б ангийн сурагч Н.Одбаатар жиү жицүгээр хичээллэж, амжилт гаргасан өсвөр үеийн шилдэг тамирчдын нэг. Тэрбээр дасгалжуулагч, олон улсын шүүгч Н.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл хийж, АНЭУ-ын Абу Даби хотод өнгөрсөн жил зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д анх удаа эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Үүнээс гадна МУБИС-иас дөрөв дэх удаагаа зохион байгуулсан “MNUE open 2023” жүдо, жиү жицүгийн АШТ-д их, дээд 31 сургууль болон ерөнхий боловсролын 99 сургуулийн 942 тамирчин оролцоход Н.Одбаатар түрүүлж, аварга болжээ. Түүнийг “Шинэ танил” буландаа онцоллоо.
-Жиү жицүгээр хичээллэхээр дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдөр танд ямар бодол төрсөн бэ?
-Би дасгалжуулагч, олон улсын шүүгч, дэлхийн аварга Н.Мөнхбаяр багшийн удирдлагад жиү жицүгээр гурван жил хичээллэж байна. Дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдрөө хэзээ ч мартдаггүй. Эхэндээ хэцүү юм шиг санагдсан ч өдөр бүрийн сургуулилалтаасаа урам авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Өнгөрсөн хугацаанд үеийнхээ тамирчидтай дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцлоо.
-Та АНЭУ-ын Абу-Даби хотод болсон ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн санагдана.
-Тийм ээ. Тус хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-д анх удаа өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн минь мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Тэнд хөл тавихад олон зүйл таалагдсан болохоор “Ямар гоё хөгжсөн орон бэ” гээд өөрийн эрхгүй бахархаж билээ.
-ДАШТ-ий дэвжээнд хүч сориход хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байв?
-Тэмцээнд оролцохоор ирсэн гадаадын өндөр, биерхүү тамирчдыг харчхаад “Тэд ур чадвар, туршлагаар надаас илүү байхдаа” гэж бодон их сандарсан. Дэвжээнд зодоглосон тамирчдаас Казахстаны бөх хамгийн амаргүй өрсөлдөгч байв. Түүнийг багшийнхаа заасан давхар хамж, өчих мэхээр ялсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд клубийнхээ найз А.Алтанбаганатай учраа таарч, хожсон юм. Намайг медаль хүртэхэд багш “Шавьдаа баяр хүргэе, улам их хичээгээрэй” гэж урам хайрласан. Шагналын тавцанд зогсож байхдаа багшаараа, бас өөрөөрөө их бахархсан шүү. Тэр үед өмнөхөөсөө илүү хичээж, дараагийн тэмцээнд медалийнхаа өнгийг заавал хувиргана гэж бодож байлаа. Абу-Дабигаас медальтай ирэхэд ангийн багш, хамт олон минь сэтгэл өндөр хүлээж авсан.
-Монголд зохион байгуулсан тэмцээнүүдэд хэрхэн оролцож, шагналынхаа салхийг ямар медалиар хагалж байсан бол?
-Өсвөр үеийнхний УАШТ-ээс хүрэл медаль зүүж, шагналынхаа салхийг хагалсандаа баярладаг. Үүнээс гадна нэрэмжит тэмцээнээс хоёр ч медаль хүртсэн. Биодоо 43 кг-ын жинд барилддаг. Дотоодын тэмцээнд А.Алтанбагана миний хүчтэй өрсөлдөгч. Багш тэмцээний дараа бидэнд барилдааны үед ямар алдаа гаргасан, дутуу зүйлээ бэлтгэл хийхдээ хэрхэн засаж, ур чадвараа ахиулахыг зөвлөдөг юм.
Миний хувьд энэ спорттой нөхөрлөөд тэвчээр хатуужилтай болж, үг дааж сурлаа. Тамирчин болсноор аливаа зүйлд нягт нямбай, үүрэг, хариуцлагатай ханддаг болсон доо.