НҮБ-ын шүүгч, хуульчдын хараат бус байдлын асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт манай улсад энэ сарын 6-15-нд ажиллаж, хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд хийсэн урьдчилсан дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Тэрбээр 2004 оноос хойш манай улсад ажиллаж буй 12 дахь тусгай илтгэгч бөгөөд багийнхны хамт төрийн өндөр дээд албан тушаалтнууд, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчид, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагынхантай уулзаж, Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэг, Сэлэнгэ аймгийн зарим шүүхэд очиж ажиллан, нөхцөл байдлыг үнэлсэн байна.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийж буй шүүхийн тогтолцооны шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлэхэд их цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг тусгай илтгэгч онцлов. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн барьсан шүүгчийг томилох тухай саналыг Ерөнхийлөгч буцааж болохоор буй нь түүний бүрэн эрх хэтэрхий өргөн цар хүрээтэй гэж үзэхэд хүргэж байгааг дүгнэлтдээ дурджээ. Үүнээс гадна 2013, 2017, 2019 онд шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн хэд хэдэн тохиолдол гарсан ч заримыг нь өнөөг хүртэл дахин томилоогүйд эмзэглэж буйгаа илэрхийлээд, эдгээрийг нягтлан судална гэв. Тэрбээр “Шүүгчийг хууль ёсны дагуу албан тушаалаас нь огцруулсан байлаа ч тэдний шударга шүүхээр шүүлгүүлэх, шүүхээр хэргээ хянан хэлэлцүүлэх эрхийг хангах ёстой” хэмээсэн юм.
Үүнээс гадна шүүхийн төсвийг хангалттай бөгөөд хараат бус байлгах ёстойг хэдэнтээ онцоллоо. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн төсвийн талаарх саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор дамжуулан уламжлахаар хуульчилсан ч бүрэн хэрэгжүүлдэггүйг тэмдэглэв. Тусгай илтгэгч “Монголд ажиллах хугацаанд хамгийн их яригдсан зүйл нь шүүхийн төсөв туйлын хангалтгүй байгаа явдал. Хурлын танхимууд нь халаалт, агааржуулалтгүй, шүүх үйл явцыг олон нийт ажиглах нь битгий хэл хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгчид суух зай алга байгааг харлаа. Сүүлийн 10 гаруй жилд улсын хэмжээнд шүүхийн дэд бүтцэд хөрөнгө оруулаагүй, шүүгчдийн цалинг нэмээгүй байна. Энэ нь тэдний ажиллах нөхцөл, шүүхээр дамжуулан шударга ёсыг эрэлхийлж буй хүмүүст үлэмж сөргөөр нөлөөлжээ” хэмээв.
Мөн прокурорын байгууллагыг зүй бус хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалахын тулд хуулийг нь өөрчлөх шаардлагатайг дурдахын сацуу улсын ерөнхий прокурорыг томилох үйл явцыг эргэж харахыг эрх баригчдад зөвлөлөө. Ингэхдээ тэрбээр “Прокурорын сонгон шалгаруулалт явуулж байгаа шалгалт одоогоор үгүй, томилгоо, сахилгын шийдвэр гаргах бие даасан бүтэц дутагдаж байна” гэв. Түүнчлэн шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа бүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамааруулан нэрлэхийн сацуу “ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэргүүд нь хуулийн хэт ерөнхий томьёоллоос болж шүүхийн шатанд хүрдэггүй. Шүүхийн ажилтнуудад нэмэлт сургалт шаардлагатай. ЛГБТ иргэдийг зохих ёсоор хамгаалж, шүүхэд хандах эрхийг нь хангах зорилгоор холбогдох хууль дахь ялгаварлан гадуурхахаас хамгаалах заалтуудыг олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй” хэмээсэн юм.
Дүгнэлтийнхээ төгсгөлд тэрбээр “Шударга ёсны тогтолцооны бат бөх байдал нь олон нийтэд найдвартай, хууль ёсны, үр дүнтэй гэж хүлээн зөвшөөрөгдөхөөс хамаарна. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын хийсэн судалгаа нь шүүх засаглалд итгэх итгэл тааруухан байгааг харуулж байна. Нийгмийн сүлжээ нь шүүгчдийг дайрах, мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх гол суваг болсныг мэдээд ихээхэн санаа зовж байлаа. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсээс ийм дайралт ирж байгааг сонсоод их эмзэглэсэн” хэмээгээд УИХ шүүхийн өндөр албан тушаалд нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулах нь Үндсэн хуульд нийцэж байгаа, эсэх талаар Үндсэн хуулийн цэц ямар дүгнэлт гаргахыг хүлээж буйгаа хуваалцав.
Тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт дүгнэлтээ танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Сүүлийн үед манайд цөөнгүй хийх болсон хаалттай шүүх хуралдааны талаар та мэдээлэл авав уу. Тухайлбал, гадаадын тагнуул гэх үндэслэлээр хаалттай шүүх хурал хийж, шийдвэрийг нь богино хугацаанд гарган, тухайн хүнийг олон жилээр ялласан явдал нэг бус удаа боллоо.
-Тусгай илтгэгчийн зүгээс хувь хүнтэй холбоотой хэргүүдийн талаар өөрийн бодол, байр суурь илэрхийлдэггүй. Шүүх хуралдааныг хаалттай явуулж буй талаар яг одоо хариулах боломж алга. Хүмүүстэй уулзах явцад цөөнгүй нь өмгөөлүүлэх эрхээ эдлэх, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах, нотлох баримтаас хуулбарлах боломж маш хязгаарлагдмал байгааг хэлж байсан. Хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй. Энэ эрхийг нь хангахгүй байгаа бол шалтгааныг нь нарийвчлан судлах болно. Тайлангаа эцсийн байдлаар гаргахдаа үүнийг авч үзнэ.
-Шүүхийн төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг та зөвлөмждөө дурджээ. Бусад орон төсвийнхөө хэдэн хувийг үүнд зориулдаг юм бол?
-Яг төдөн хувийн санхүүжилт олгох ёстой гэсэн тогтсон ойлголт байхгүй. Улс орон бүр харилцан адилгүй төсвийг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Монгол Улсын төсвийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийг шүүх тогтолцоонд зориулах нь зохистой гэсэн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасныг дэмжиж байна.
-Манай улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд улс төрийн нөлөөлөл хэр зэрэг байна гэж хэлэх вэ?
-Хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах бодлого, дүрэм л аливаа тогтолцоог хамгаалдаг. Ийм хууль, дүрэм, журмаа ягштал мөрдвөл шүүх, прокурорын байгууллагад хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж ирэх орон зай үлдэхгүй.
-Төрийн өндөр албан тушаалтнууд шүүх рүү дайрч байгаад эмзэглэж буйгаа та илэрхийллээ. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүгч нарыг ажиглаж байна, ямар шийдвэр гаргахыг нь харна гэх мэтээр удаа дараа мэдэгдсэн. Энэ байдал нь ямар үр дагавартай талаар та туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Монголд төдийгүй өөр олон оронд ийм явдлыг ажиглаж байлаа. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч үүнийгээ буруугаар ашиглаж мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад нууц, худал мэдээллийг олон нийтэд цацсан тохиолдолд хариуцлага хүлээх учиртай. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйн тодорхой хэм хэмжээг мөрдөж ажиллах ёстой. Тэд ёс зүйгээ баримталж чадвал ийм үйлдэл гаргахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийн өмнө юуг ярьж болох, болохгүй вэ гэдгээ мэддэг байх шаардлагатай. Энэ талаарх олон улсын туршлагыг ирэх оны зургаадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах эцсийн тайландаа оруулахаар төлөвлөж байна.
-Цэцийн гишүүн, улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж Цэц шийдвэрлэсэн. Үүнийг УИХ хүлээж аваагүй ч Цэц их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр гаргана. Таны хувьд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахыг дэмжиж буй бололтой. Албан тушаалтнуудыг томилохдоо ийм сонсгол зохион байгуулахын ач холбогдлыг хэлэхгүй юү?
-Үндсэн хуулийн цэц энэ маргааныг дахин хэлэлцэх учраас байр сууриа илэрхийлэхээс болгоомжилж байна. Ямар шийдвэр гаргахыг нь хүлээж байгаа. Гэхдээ ямар хүн өндөр албан тушаал хаших гэж буйг олон нийт мэдэх эрхтэй. Тухайн ажлыг хийх туршлага, ур чадвар, ёс зүй тэр хүнд байна уу гэдгийг мэдэх эрх нь иргэдэд бий.
-Таны гаргах дүгнэлт, тайлан олон улсад эзлэх Монголын байр суурь, үнэлгээнд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Шууд нөлөөлнө гэж хэлэх боломжгүй. Учир нь тусгай илтгэгч нар тухайн улсын талаарх үнэлгээ, байр суурьт нөлөөлөх байдлаар зөвлөмж гаргадаггүй. Хамгийн гол нь тогтолцоонд үүссэн асуудлуудыг илрүүлж, хэрхэн засаж, залруулж болох вэ гэдэгт манай зөвлөмж чиглэдэг.
-Монголчууд шударга шүүхээр шүүлгэж чадаж байна уу. Үүнийг та 1-10 хүртэл оноогоор үнэлж хэлж болох уу?
-Оноо өгч үнэлэхээс болгоомжилж байна. Үнэлгээ өгдөг тооны болон чанарын олон аргыг дэлхий дахинд ашигладаг. Хамгийн гол нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал тэнцвэртэй, үр дүнтэй ажилладаг байх ёстой.