Зэсийг барилга, электроник, мэдээллийн технологи, цахилгаан эрчим хүч, тээврийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн салбарт түгээмэл ашигладаг. Цахилгаан бараа, машинаас авхуулаад тог цахилгаан, дэд бүтэц, үүрэн холбоо, интернет сүлжээнд хүртэл хэрэглэнэ. Тиймээс бидний өдөр тутмын амьдралд зэс үнэ цэнэтэй.Зэсийн жилийн хэрэглээ өдгөө 22 сая тоннд хүрсэн. Томоохон эдийн засагтай орнуудад хотжилт, аж үйлдвэржилт хөгжихийн хэрээр зэсийн эрэлт хэрэгцээ 12 жилийн хугацаанд зургаан сая тонноор өсжээ. Мөн цахилгаан машины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн эрэлт 2035 он гэхэд нийлүүлэлтээс давж, 1.6 сая тонноор өсөх таамаглалыг мэргэжлийн байгууллагууд гаргалаа.
Олон зуун жилийн турш зэс нь дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байсныг эргэн сануулъя. Уян, бат бөх, зэвэрдэггүй, эрүүл ахуйд тохирсон, дулаан болон цахилгааныг сайн дамжуулагч зэс та бидэнд хамгийн ашигтай, хамгийн өргөн хэрэглээтэй металл болжээ. Тодруулбал, Эртний Египетийн Фараонуудын барьсан зэс хоолойноос эхлээд олимп, параолимпийн тоглолтын үеэр гардуулдаг медалиуд ч зэс болон зэсийг дахин боловсруулах технологиор бүтсэн байдаг. Тиймээс орчин цагт ногоон технологийн шинэчлэлийг тэргүүлэх металл нь зэс гэхэд хилсдэхгүй. Холимог болон цахилгаан хөдөлгүүрт машин, нарны эрчим хүч, салхины цахилгаан станц, дулааны болон усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд мөн л зэсээс хамааралтай болсон. Ийм тохиолдолд нарны хураагуур, цахилгаан утас, кабель зэрэг зүйлд ашиглах зэс бол ирээдүйн иргэдийн салшгүй хэсэг.
1985 оноос хойш Азийн орнуудад уул уурхайн салбарын хөгжил 140 гаруй хувийн өсөлтийг үзүүлж, Хятад, Энэтхэг, АСЕАН-ы улс орнуудын эдийн засгийн гол хөдөлгүүр болж ирсэн. Дээрх үйлдвэрлэлийн 25 хувийг БНХАУ-д үйлдвэрлэж, 70 гаруй бүтээгдэхүүнийг олборлож, нэмүү өртөг шингэсэн байдлаар худалдаж байна. Тэр дундаа экспортоор жишээ татахад, 2022 онд Чили улс 5.2, Конго улс 2.4, Перу улс 2.2, БНХАУ 1.9 сая тонн зэс экспортолжээ. Харин манай улсын зэсийн экспорт 0.3 сая тонн. “Оюутолгой” ХХК үйлдвэрлэлийн оргил үедээ жилд 0.5 сая тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. /Дээрх нөөцөөр 1580 салхин сэнс, 16400 цахилгаан автомашин үйлдвэрлэнэ/
БНХАУ-ын хувьд зэсийн олборлолтоо нэмэхгүй, зэсийн импортоо өсгөхөөр байна. 2021 онд зэсийн олборлолт 8.9 хувьтай байсан бол 2035 онд 8.3, 2050 онд 7.8 хувь болж буурах таамаг бий. Өнөөдөр дэлхийн зэсийн зах зээлд дээрх гол тоглогчдоор Чили, Конго, Перу улсууд нэрлэгдэж байгаа бол Хятад улс өөрийн байр сууриа хадгалсаар байх нь ээ. Монгол Улс ч дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх “Оюутолгой” ордын нөөц баялгаа ашиглаад зэсийн тоглогч болох зах зээл бий.
2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Тэдний амьжиргааг хангах хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэхэд одоогийнхоос 47 хувиар илүү ажиллах шаардлага үүснэ. Үүнийгээ дагаад зэсийн эрэлт өндөр байх нь зэс экспортлогч бидний хувьд ашигтай. Мөн БНХАУ зэсийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч орон. Тус том зах зээлтэй хил залгаа оршиж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь гол давуу тал болно. Гэхдээ шинээр хүч түрэн орж ирж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсыг мартаж болохгүй. Дэлхийн хамгийн том экспортлогч улс болох Чилийн дараа тус улс эрэмбэлэгдэж байна. Урд нь Латин америкийн 2 улс дэлхийн зэсийн зах зээл дээр гол тоглогчид байсан бол Перу улс дахь улс төрийн нөхцөл байдал, төслүүдийн хугацаа дуусгавар болсон зэргээс шалтгаалан Африк тив рүү хөрөнгө оруулалт чиглэх болсон.
Конго Улс нь “Айвенхоу Майнз” компанийн олборлож буй Камоа-Какулад оршдог зэсийн өндөр агуулгатай хүдрийн уурхайн нөлөөгөөр зэсийн зах зээл дээрх гол тоглогч болохоор хүч үзэж байна. Тус улсын экспорт 2018 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 2.4 сая тоннд хүрчээ. Энэхүү статистик Перу улсын экспортын дүнтэй ойролцоо байгаа ч цаашид өсөн нэмэгдэнэ. Ирээдүйд дэлхийд тэргүүлэхүйц зэсийн уурхайны нэг болох Камоа-Какулаг Конгогийн Засгийн газар 20, Айвенхоу Майнз 39.6, Зижин Майнинг 26.1, Ситик Металл 13.7 хувийг эзэмшдэг.
Эдгээр уурхайн экспорттой өрсөлдөх зэсийн орд монголд бий. Дэлхийн зэсийн батлагдсан нөөц 900 сая тонн бөгөөд жилдээ 22 сая тонныг үйлдвэрлэдэг. Харин Монгол Улс дэлхийн зэсийн батлагдсан нөөцийн 7 хувийг бүрдүүлж, 2022 оны жилийн эцсийн байдлаар дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.4 хувийг эзэлжээ. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспорт жил бүр өссөөр байх юм.