Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин У.Сүрэнжавт 2023 он амжилт далласан онцгой жил байлаа. Тэрбээр өмнөд хөршийн Тайюун хотод зохион байгуулсан олон улсын гран при тэмцээнд аваргалж, Мексикийн Веракруз хотод болсон ДАШТ, Азийн зуны спортынIV пара наадмаас тус бүр мөнгөн медальтай эх орондоо ирсэн нь тулааны спорт сонирхогчдыг огшоож баярлуулав. БНХАУ-ын Ханжоуд болсон Азийн наадмын өдрүүд үзэгчдэд ялалт, баяр, бахдалыг мэдрүүлж, нийгмийн таагүй уур амьсгалаас түр боловч холдуулсан. Олныг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэйгээр уясан дээрх наадамд тэрбээр Монголын багийн шагналын салхийг хагалж, медалийн тавцанд зогсохдоо тамирчдад урам, зориг төрүүлж, амжилт гаргах эрч хүч өгсөн юм.
-Ямар ч тэмцээний эхэнд гарч тамирчдадаа урам зориг өгөх нь нэг бодлын томоохон үүрэг хариуцлага шиг санагддаг биз?
-Тэгэлгүй яах вэ. “Ханжоу-2022” Азийн IV пара наадамд оролцож, улсынхаа тамирчдаас шагналын салхи хагалж, анхны мөнгөн медалийг авсандаа баяртай байна. Үүрэг хариуцлага гэхээс илүү миний хүсэл, зорилго, мөрөөдлийн минь нэг хэсэг болохоор зоригтой байсан. Медалиа зүүгээд тамирчны хотхонд ирэхэд манайхан сэтгэл өндөр хүлээж авсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Бүгд баяр хүргэж, тойрч зогсох үед ах, эгч нарт минь медаль хүртэх сэн гэх хүсэл төрж байгаа нь нүднийх нь харцнаас харагдсан даа.
-Та Азийн пара наадам эхлэхээс сарын өмнө Тайюун хотыг зорьж, пара таеквондогийн гран при тэмцээнд түрүүлсэн шүү дээ. Тэндээс эрч хүч авч, амжилттай оролцох урам зоригтой ирсэн болов уу?
-Тийм ээ. Гран прид түрүүлж, аварга болчихоод медалийн тавцанд зогсох үнэхээр сайхан байсан. Үгээр илэрхийлэхэд ч багадмаар тэр гоё мэдрэмжийг дахин дахин авмаар санагдсан шүү.
-Энэ удаагийн наадамд өмнө нь тулалдсан тамирчдаас эзэн орны Шиан Шаотой онооны хол зөрүүгүй тулаан өрнүүлсэн. Хойшид ч өрсөлдөж мэдэх түүний арга барил, тулалдах онцлог, техник, тактикийн талаар сонирхуулж яриач?
-Миний хувьд түүнтэй өмнө нь тэмцээнд хоёр удаа таарахдаа онооны илт давуугаар ялж байлаа. Энэ удаа ч хожих өндөр магадлалтай байсан. Гэсэн ч хөгжөөн дэмжигчдийн хашхирч, орилох чимээ шуугианд сандарч, жаахан алдаа гаргасан тал бий. Бид дараагийн тэмцээнд таарна. Тэр үед заавал ялна гэсэн бодолтой Ханжоугаас ирсэн.
-Аваргын төлөөх тулаан ширүүхэн өрнөсөн. Тулалдахаар гарахын өмнө багш тань юу гэж зөвлөсөн бэ?
-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш нараас гадна ах нар минь намайг дэмжин, урам өгч “Амжилт гаргаж чадна аа” гэж зоригжуулсан. Н.Эрдэнэбаатар багш “Энэ бол бага олимп. Тиймээс яг олимпын наадмын мэдрэмж аваад од шиг гялалзаад гараад ир, охин минь” гэж хэлээд гаргасан.
-Мөнгөн медаль хүртчихээд шагналын тавцанд зогсож байхдаа багшаараа бахархсан биз?
-Тэмцээний үед миний найдвартай ар тал болж, хаана ч явсан багш нар минь үргэлж хамт байдаг. Намайг шагналын тавцанд зогсоход тэд минь надаас илүү баярладаг юм.
-Ираны тамирчин Хоссейни Махдиа Садат ч бас шилдгүүдийн эгнээнд жагсдаг юм билээ. Түүнийг 20:12- оор ялахын тулд дасгалжуулагчтайгаа ямар төлөвлөгөө боловсруулав?
-Түүнтэй анх удаа тулалдсан. Бие халаалт хийж байхад багш хойш татаад “Хойд хөл нэг, хоёр, гурав гээд яваарай. Няхуур байж, анхаарлаа төвлөрүүлээд, хэлэх үгийг минь сайн сонсоорой” гэж хэлээд тулааны дэвжээнд гаргасан.
-Тамирчин хүнд амжилт гаргахад нь нөлөөлдөг жин бий. Багш тань к44 ангиллын -52 кг-ын жинд тулалд гэж зөвлөв үү?
-Би өмнө нь 57 кг-д тулалддаг байв. Багштайгаа ярьж байгаад энэ жилээс 52 кг-ын жинд тулалдаж байгаа. Таеквондогоор хичээллэхээ 2018 онд хэсэг хугацаанд завсарлаж, эргэн ирэхдээ эл жинд оролцох болсон юм.
-Ялж, ялагдахаас илүү туршлага хуримтлуулах чухал биз?
-Тийм шүү. Туршлага маш чухал гэж боддог. Тулааны дэвжээнд дахин гарснаар олон тэмцээнд оролцож, сургамж авлаа. Багш, хамт олны минь заасан бүхэн, харамгүй хэлсэн зөвлөгөө нь туршлага хуримтлуулахад хэрэг болж байгаа.
-Та нэг хэсэг шил дарсан тэмцээнүүдэд оролцож завгүй өнгөрүүллээ. Есдүгээр сард пара таеквондогийн шигшээ багийнхан Мексикийн Веракруз хотод болсон ДАШТ-д оролцоход хүрэл медаль гардсан. Медалийн төлөөх тулаан хэр хүнд байв?
-Өнгөрсөн долдугаар сараас эхлээд нийт найман тэмцээнд оролцжээ. Мексикт болсон ДАШТ-д нутгийнх нь тамирчинтай таарч, 5:6 онооны харьцаатай ялагдсан.
-Тамирчны гараагаа эхлүүлсэн он жилүүдийн дурсамжаар таньаялъя. Завхан нутгийн охины сэтгэлийг тулааны спорт бүхнээс илүү татсан нь сонирхолтой санагдах юм.
-Би багадаа хурдан хөдөлгөөнтэй, хөвгүүдтэй нийлж, сагсан бөмбөг, волейбол тоглох сонирхолтой байлаа. Ангийн маань хоёр эрэгтэй найз “Таеквондогоор хичээллэж байгаа. Хамт явъя” гээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын У.Ядамсүрэн багшийн удирдлагад бэлтгэл хийв. Тэдэнтэй долоо хоног хичээллээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Тэр тэмцээнд түрүүлж, хошой алтан медаль хүртсэнээр урамавч, тууштай хичээллэсэн.
-Таеквондо таныг хөгжүүлж, олон зүйлээр өөрчилж чадсан гэж боддог уу?
-Таеквондо намайг баг, хамт олноороо бахархах хүндлэлд сургаж, тэсвэр, хатуужил, сэтгэлийн хаттай болгосон. Өөрийг минь нээж, олон талаар хөгжүүлэхийн зэрэгцээ зоригтой, зорилготой болгож, тэмүүлэл, амжилтаар шагнасан. Одоо энэ спорт миний амьдралын салшгүй хэсэг болсон шүү дээ. Энэ ташрамд, намайг амжилтад хөтөлсөн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, мөн багшдаа, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр ах, багийнхаа тамирчдад, Монголын таеквондогийн холбооны удирдлага, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хамт олонд их баярлалаа.
-Шигшээ багт хөл тавьсан эхний өдөр тамирчдын уур амьсгал юуг их мэдрүүлсэн бэ?
-Би одоо ч ах нараасаа үлгэр дуурайл авдаг. Шигшээ багт шилдэг олон тамирчин бий. Тэд “Чи тэмцээнд оролцохдоо ингээрэй. Өрсөлдөгчийн чинь тулалдах арга барил, онцлог, техник тийм байна шүү” гэж зөвлөөд, мэдэх, чадах зүйлээ харамгүй зааж өгдөгт нь баярладаг. Шигшээ багийн босгоор алхсан эхний өдрөөс бэлтгэл хамт хийхдээ тэдний ур чадвараар бахархсан. Тэр үед багаараа нэгдмэл зорилготой, нэг зүг рүү харж, тэмүүлэх ямар гоё юм бэ гэж бодож байлаа.
-Гадаадад очсон үедээ хамгийн түрүүнд олж хардаг зүйл таньюу бол?
-Хамгийн түрүүнд жингээ үзүүлчихээд тэмцээн зохион байгуулах спорт ордны заалыг харах сайхан байдаг.
-Та хилийн дээс алхаж, олон оронд хөл тавилаа. Ямар улс таатай бодол, сайхан дурсамж үлдээв?
-Францын Парис хот. Миний амьдралд мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн.
-Аав, ээж тань охиноо шилдэг тамирчдын нэг болсонд бахархдаг байх.
-Намайг таеквондогоор хичээллэх үеэс аав, ээж минь өнөөг хүртэл дэмжиж ирлээ. Ээж минь тэмцээнтэй өдрүүдэд охиноо, бас багийнхныг минь сайн оролцож, амжилт гаргаасай гэж орой бүр долоон бурхан одонд сүү өргөдөг.
-Тамирчны замналаа эхлүүлэхдээ ойр дотнынхоо хүмүүсийн эсэргүүцэлтэй хэр тулгарч байв?
-Гэрийнхнээс гадна эмээ “Чи хичээлээ сайн хийж, ширээний ард, компьютер сайн мэддэг мэргэжилтэй бол. Гар муутай хүн тулааны спортоор хичээллэх дэмий” гэдэг байв. Одоо бол намайг бүх талаар дэмждэг үнэн ч хөгжөөн дэмжигч болсон шүү.
-Улаанбаатарт ирсэн анхны өдрөөс эхлээд тэмцээн, бэлтгэл гэж гүйхэд оюутны дөрвөн жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн үү.
-Оюутан байх хугацаандаа хичээлдээ анхаарал хандуулан, спортоос түр завсарлаж, сургуулиа амжилттай төгссөн.
-Амьдралдаа зөв алхам хийжээ гэдгийг хэзээнээс мэдрэв. Танд үүнийг маш сайн ойлгуулсан зүйл юу байдаг вэ?
-Дуртай спортоороо хичээллэж, өдөр бүр чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийх сайхан. Хүсэн хүлээсэн тэмцээндээ оролцож, зорилгоо биелүүлчихээд медалийн тавцанд зогсох мөч сэтгэл догдлуулсан хамгийн гоё агшин байдаг. Мөн дасгалжуулагч багш, багийнхаа ах нараас “Сайн байна, чи чадна. Амжилт” гэсэн урмын үг сонсох бүрд зөв алхам хийснээ илүү мэдэрдэг.