Парламентын сонгууль дөхөхийн хэрээр нам байгуулах, нэрээ өөрчлөх хүсэлтэд Улсын дээд шүүх “дарагдах” янзтай. Үзэл баримтлалаа чухалчилна хэмээн мэдэгдсэн Либертари намаас гадна хүсэлт нь Дээд шүүх дээр “тоосонд дарагдсан” хоёр ч нам мэндлэх мөчөө хүлээж буй юм билээ. Мөн намынхаа нэрийг илүү сүржин, хүчтэй, эсвэл гоё болгон өөрчлөх хүсэлтэй хүмүүс цөөнгүй байна.
Улс төрийн намын тухай хуулийг парламентаас шинэчлэн найруулж батлахдаа сонгууль болохоос гурван сарын өмнө байгуулагдаж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бол оролцох боломжийг бүрдүүлсэн. Хэдийгээр цаг хугацааг нь ингэж наашлуулсан ч Дээд шүүхийн босгыг шинэ намууд тийм ч амархан давж чаддаггүй. Алтан шаахай сольжөмсөх хүсэлтийг нь ч амар хүлээж авдаггүй байх нь.
Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчлүүлэх хүсэлтээ дарга Л.Аззаяа нь Дээд шүүхэд ирүүлсэн юм байна. Иргэдээ хайрлах гэхээр өөрийнх нь зүгээс ихэд хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гарах гээд байгаа учир шууд тэдний хүчийг ашиглах сонголт руу шилжив үү, яав.
НЭР ДАГАСАН МАНИФЕСТ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 18 жилийн өмнө Ард түмний хэмээх нам байгуулан, Сүхбаатарын талбайд өөрийн биеэр сууж, гишүүн бүртгэж байлаа. Тэр үед Л.Гүндалай “ард түмний хайртай хүү” байв. Тиймээс ч олон хүн түүнд итгэж, дэмжин намд нь элссэн юм даг. Энэ намынхаа ачаар тэрбээр 2006 онд М.Энхболдын эвслийн Засгийн газарт багтаж, Эрүүл мэндийн сайд хэмээх мөрөөдлийн албан тушаалдаа очсон түүхтэй. 2008 онд тэрбээр сайд байхдаа тендер будилаантуулсан хэрэгт холбогдож, “дээлээ нөмрөх”-дөө тулмагц АН-аас аврал эрж гишүүнээр элссэн байдаг. 2000 оноос хойш АН-д орж, гараад л явсан хэрэг. Ингэж эхний “хүүхэд”-ээ тэр хөсөр хаясан юм. Хожим 2015 онд Ард түмнээ хайрлая нам шинээр байгуулсан. Одоо энэ нам түүний эхнэр Л.Аззаяагийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Яаж ийгээд л ард түмэнтэйгээ “хамт” байхыг хичээдэг экс гишүүн маань өнгөрсөн хугацаанд иргэдийг хайрлаж дийлэхгүй гэдгээ ойлгосон бололтой. Энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчлүүлэх хүсэлтээ дарга Л.Аззаяа нь Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Тус намын хоёрдугаар их чуулганаас ийм шийдвэр гаргасан аж. Гэвч бүрдэл дутуу, материал хангалтгүй зэрэг шалтгаанаар шүүх буцаасаар аравдугаар сарын 30-нд гурав дахь удаагаа нэрээ солиулах хүсэлт өгчээ. Ард түмнээ хайрлах гэхээр өөрийнх нь зүгээс ихэд хүчин чармайлт, хөрөнгө мөнгө гарах гээд байгаа учир шууд тэдний хүчийг ашиглах сонголт руу шилжив үү, яав. 2016, 2020 онд Л.Гүндалай уг намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч амжилт олоогүй учир 2021 онд АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээсэн гэдэг. Угаас АН-ын хаалгаар “орж, гарч” сурсан тэрбээр ирэх сонгуулиар эхнэрийнхээ намаас нэр дэвшихийг үгүйсгэхгүй. 2000 оноос хойш гурван удаа парламентад сонгогдож, шоудахаас өөр тоймтой ажил хийдэггүйгээ баталсан түүнийг “гоё” нэртэй намаас өрсөлдвөл иргэд “шинэ хүн” болчихлоо гэж бодоод сонгоно гэж найдаагүй л байлтай.
Мөн Монголын либерал нам энэ оны эхнээс л шинэ нэрээ бүртгүүлэхээр хөөцөлдөж байна. Тэд ээлжит бус зургаадугаар их хурлаасаа намынхаа нэрийг Ардчилсан Монгол ялна хэмээн өөрчлөх шийдвэр гаргасан аж. Улмаар энэ тухай хүсэлтээ нэгдүгээр сарын 11-нд анх Дээд шүүхэд илгээжээ. Гэвч холбогдох хууль, журамд нийцээгүй шалтгаанаар тэдний хүсэлтийг гурвантаа буцаагаад байна. Тус намынхан нэрээ өөрчилснөөр сонгуульд амжилттай оролцоно хэмээх мөрөөдлөө бодит болгох манифест хийж буй бололтой. Ялна, дийлнэ гэдэг нэртэй болбол дагаад урам зориг нь сэргэх аж.
Түүнчлэн Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэрээ ШИНЭ болгож өөрчилснөө бүртгүүлье хэмээн ханджээ. Хуучин нэрийнх нь товчлол ШИНЭН гэж харагдаж буй нь тэдэнд “нэг л биш” санагдсан аж. Тиймээс эхлэл, амжилтыг бэлгэдээд ШИНЭ хэмээн товчилж харагдуулах шийдэл сонгосон бололтой. Энэ тухай хүсэлтээ тус намынхан өнгөрсөн есдүгээр сард Дээд шүүхэд илгээсэн ч холбогдох баримт дутуу хэмээн үзэж, буцаажээ. Товчилсон нэр “гоё” харагдахад манай улс төрийн хүрээнийхэн их ач холбогдол өгдгийн нэг жишээ нь энэ.
Алтан шаахай өмсөвч алцан майга нь хэвээр гэдэг үг бий. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр нь ядмаг, нэр дэвшигчид нь олонд танигдаагүй, эсвэл Л.Гүндалай шиг улиг болсон байвал хэчнээн гоё нэртэй байгаад ч үр дүн гарахгүй биз ээ. Намууд нэрээ сольсон ч намтар нь, төлөөлөхулстөрчидньөөрчлөгдөхгүйболов уу. Харин өөр намтай адил товчлол, нэр үүсгэх замаар будилуулах, санал хуваах “бизнес” зорилго агуулж болох. Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын 13 нь Монгол гэдэг үг орсон, зургаа нь ардчилсан гэсэн тодотголтой, гурав нь ард түмэнд “хайр зарласан” байх юм. Тэгэхээр магадгүй Монголын либерал намыг Монголын либерал ардчилсан намтай андуураад байдаг учир илүү “бадрангуй” нэр сонгохоор шийдсэн байж ч болох нь.
ЭЭЛЖЭЭ ХҮЛЭЭГСЭД
Хамгийн сүүлд иргэн Д.Амартүвшин Либертари нам үүсгэн байгуулснаа улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан ч Дээд шүүхээс буцаагаад буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, “Нарантуул”-ын Ш.Сайхансамбуу Ардын чуулган гэдэг нам байгуулснаа бүртгүүлж, албажуулахаар жилийн турш оролдож байгаа аж. Энэ оны нэгдүгээр сард тэрбээр намаа бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан ч өнөөдрийг болтол босго давж чадаагүй явна. Энэ хугацаанд дүрэм ёсоор 3-4 удаа хүсэлтээ ирүүлж, хамгийн сүүлд есдүгээр сард “үзээд алджээ”.
Мөн иргэн Б.Ганзориг даргатай Их Монгол засахуйн ухаан хэмээх нам байгуулагдсан юм байна. Тэд намаа бүртгүүлэхээр гуравдугаар сараас хойш “ажиллаж” буй. Шүлэг шиг нэртэй улс төрийн шинэ хүчний жагсаалтыг иргэн Д.Уламбаярын Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үргэлжлүүлнэ. Тэд ч мөн гуравдугаар сараас хойш хэдэнтээ хүсэлт ирүүлж, буцаасан хариу хэдэнтээ сонсжээ.
ДЭЭД ШҮҮХИЙН БОСГЫГ ЖИЛД 1-2 НАМ Л ДАВДАГ
Улсын дээд шүүхийн шийдвэрийг харахад жилд дунджаар 1-2 намыг л бүртгэж авдаг аж. Тэд 2019 онд Гэр хороолол хөгжлийн, Миний Монгол, Монгол шинэчлэлт, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс гэсэн таван намыг бүртгэсэн нь түүхэндээ хамгийн олон нь болж байна. Мөн 2017, 2018 онд тус бүр гурван намыг бүртгэн, гэрчилгээ олгожээ. Харин 2020 онд зөвхөн Ардчилал шинэчлэлийн, 2022 онд Иргэний оролцооны нэгдэл нам Дээд шүүхийн босгыг давсан. 2021 онд бүртгүүлсэн нам алга. Энэ онд Б.Жагарын Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг л бүртгэж авсан аж. Тэгэхээр одоогоор САИНН нь манай улсын хамгийн отгон улс төрийн хүчин гэсэн үг.
Дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад ингэж хатуурхаад байна уу, эсвэл намууд хар дээр цагаанаар бичсэн хууль, дүрэм журмын дагуу материалаа хэл амгүй бүрдүүлчихэж чаддаггүй юү. Нам үүсгэн байгуулах тухай, ямар материал хэрхэн бүрдүүлэхийг Улс төрийн намын тухай хуульд тодорхой заасан байдаг. Сайн дураар эвлэлдэн нэгдэж буй бол 801-ээс доошгүй хүний бүртгэл буюу регистрийн дугаар, оршин суугаа хаяг, гарын үсэг зэргийг бүрдүүлэх ёстой. Гэтэл Ш.Сайхансамбуугийн намаа бүртгүүлэх хүсэлтийг буцаасан нэг шалтгаан нь 801-дээ хүрээгүй материал явуулсан гэсэн тайлбартай байв. Энэ бол хамгийн наад захын шаардлага гэдгийг нам байгуулж буй хүн бүр мэдэх ёстой ч ийнхүү хайнга хандсан байх нь.
Улс төрийн намуудын зүгээс Дээд шүүх ажлаа мэддэггүй, хатуурхдаг гэх мэтээр гомдоллодог ч нөгөө талдаа өөрсдөө ийм маягаар хайнга ханддаг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л нам байгуулсныг бүртгүүлэх хүсэлт, материалыг доод тал нь 2-3 буцаадаг аж. Тэр тоолонд алдаагаа засаж, хуулийн шаардлагыг бүрэн хангаж байж улсад албан ёсоор “данстай” болж чадна.