Газрын гадаргаас доош 1300 метр буюу “Блю скай” цамхгийг 12 давхарласантэй тэнцэх хэмжээний гүнд 24 цагийн турш хүдэр тасралтгүй олборлох мөрөөдөл биеллээ олжээ. Орчин цагийн инженерчлэлийн гайхамшиг Өмнийн говийн газар дор сүндэрлэж байна. Мөн метротой болох мөрөөдөл тээсэн бид газрын гүнд “хот” байгуулах туршлагатай боллоо гэсэн үг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумаас баруун урагш 45 км зайд 20 гаруй км урттай, 5 метрийн өргөн, 5.5 метр өндөр хонгил байгуулжээ. Цаашид 203 километр урт хонгил барихын зэрэгцээ хүдэр бутлах, тээвэрлэх дэд бүтэц, байгууламжууд барина. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос Дархан хүрэх хэмжээтэй гүний уурхайг цогц байдлаар бүтээн байгуулах ажил ид өрнөж байна.
“Оюутолгой”-д ажиллаж байгаа гурван хүн тутмын нэг нь гүний уурхайд харьяалагддаг. Нийт ажиллах хүчний 97 хувийг монгол хүн бүрдүүлж байгаагаас 34 хувь нь газар дор ажилладаг уурхайчид юм. Дунджаар 28 хэмийн халуун хязгаарлагдмал орчинд 12 цаг ажилладаг. Зуны улиралд дээрх хэмийн халуун сэрүүндээ орно гээд бодохоор газрын гүнд ямар байдаг нь шууд төсөөлөгдөх байх. Ийм нөхцөлд бэлтгэгдсэн, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон залуус гүний уурхайд өдрийн хоёр ээлжээр зогсолтгүй ажиллаж байна.
Гүний уурхайн ажил өглөө 07.00 цагт аюулгүй ажиллагаа, өдрийн төлөвлөлтийн хурлаар эхэлдэг. Багууд ажиллах чиглэлээ нягталж, үүрэг авснаар ажилдаа ордог. Аюулгүй байдал хувийн хамгаалалтын хэрэгслээ өмсөхөөс эхэлдэг. Харин тэдний үйл ажиллагааг хяналтын өрөөнөөс хянаж, эрсдэл гарвал аюулгүй байдлыг хангах баг байнгын бэлэн байдалд ажилладаг. Өдөрт дунджаар зургаан мөргөцөгт тэсэлгээ хийдэг байна. Иймээс газрын гүн дэх тоос, тоосонцор, агаар дахь хорт утааг агааржуулалтын инженер хянаж, уурхайчдын амьсгалах агаарыг аюулгүй түвшинд байлгах үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар агааржуулалтын гурван ам байгуулж, хэд хэдэн системээр газрын гүн дэх агаарын солилцоог шийдвэрлэж байна.
“Оюутолгой” ордын гүний уурхайгаас хүдэр олборлоход 150 жилийн түүхтэй “Рио Тинто” компанийн брэнд болсон блокчлон олборлох технологийг ашиглаж байна. Тодруулбал, Уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох аргыг блокчлон олборлох гэж нэрлэдэг. Хүдрийн биетийн доогуур хөндлөн малталт хийж, тэслэхэд хүдрийн биет хөдөлгөөнд орж, нурдаг. Ийнхүү тэсэлгээгээр бутарсан хүдрийг бутлуурын хэсэг рүү хутгуурт ачигчаар зөөнө. Хүдэр буулгах цэгээс хүдрийг авах тусам дээр нь байгаа хүдэр сулран нурна. Хүдрийн урсгал нь энэ мэтээр уулын даралт дор тасралтгүй үргэлжлэх юм. Хутгуурт ачигчаар бууж ирсэн хүдрийг тээвэрлэлтийн босоо малталгаар буулгана. Тээврийн түвшинд ирсэн хүдрийг хүнд даацын машинд ачиж, гар бөмбөлгийн хэмжээтэй буталдаг анхдагч бутлуур руу хийнэ. Тус анхдагч бутлуур долоон давхар барилгын дайтай өндөр. Бутлагдсан хүдэр 8.2 км урттай туузан дамжуургаар дамжин, газрын гадаргуу дээрх дамжуулагчтай холбогдоно. Газрын гүн болон гадарга дээрх туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойт өртөө хүрэх зайтай тэнцэнэ. Улмаар дээрх урттай туузан дамжуулагчаар анхдагч хүдрийн агуулах руу тээвэрлэж, баяжуулах үйлдвэрийн процесст шилжүүлдэг. Хүн, техникийн хүчээр хийх энэ мэт процесс гүний уурхайд тасралтгүй явагддаг байна.
Таван босоо амаар гүний уурхайн үйл ажиллагааг холбож, агааржуулалтын гурван ам, үйлдвэрлэл болон үйлчилгээний тус бүр нэг амыг байгуулж өгчээ. Үйлдвэрлэлийн ам нь гүний уурхайг газрын гадаргатай холбодог тулгуур багана буюу хүдэр тээвэрлэх гол систем юм. Тус амаар ажилчид 150 хүний багтаамж бүхий хоёр тавцант өргүүрээр 2.5 минутад газрын гүнд хүрнэ. Мөн тоног төхөөрөмж зөөх 60 тонны даацтай хоёр чулуулгийн өргүүртэй. Гүний уурхайд өрөм, хутгуурт ачигч, тээвэр зэрэг 350 гаруй тоног төхөөрөмж, машин механизм “ажилладаг”. Дээрх тоног төхөөрөмж, машин механизмыг задалж тээвэрлээд, газрын гүнд угсарч, тоногложээ.
Хонгил дахь байгууламж үүгээр зогсохгүй. Энд мөн оффис, гал тогоо, амрах өрөө, хоргодох байр, засварын цехийг хүртэл байгуулсан. Засварын цех гэхэд 12:11 харьцаатай 40 метр үргэлжлэх талбайг эзэлнэ. Тус цехэд гүний уурхайд хэрэглэдэг тоног төхөөрөмж, машин техникийг газрын гадарга дээр гаргалгүйгээр засварлаж, уурхайн тасралтгүй ажиллагааг хангадаг. Аюул ослын үед ажилтнуудыг ус, хүчил төрөгч, харилцаа холбоо зэрэг хэрэгцээт зүйлсээр хангаж, түр байршуулах зориулалттай хоргодох байрууд бий. Гүний уурхай дахь гэрэлтүүлэг, цахилгааны хэрэгцээг бүрэн хангахын тулд 10 500 вольтын хүчин чадалтай цахилгаан хувиарлагчийг байгуулжээ.
2028-2036 он гэхэд хэдэн зуун хүдэр буулгуурыг байгуулж, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай уурхай болохоор төлөвлөж байна. Олборлолт оргил үедээ хүрэхэд өдөрт 95 мянган тонн хүдэр олборлоно.“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулж, үүнээс хойшхи хугацаанд Монгол Улсад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байна. Зөвхөн 2022 онд 1.6 тэрбум ам.долларыг дотоодын зах зээлд нийлүүлснээс 1.4 тэрбум нь борлуулалтын орлого юм. Дээрх 1.6 тэрбум ам.долларын 1.3 тэрбум ам.долларыг үндэсний компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авахад зарцуулжээ. Одоогийн байдлаар 900 орчим компани “Оюутолгой” ХХК-тай хамтран ажиллаж байна. Үүний 500 гаруй нь үндэсний компани байгаагаас 100 нь Өмнөговь аймгийнх аж.