Гэр хорооллын нэгэн автобусны буудал ийнхүү “халдлага”-д өртсөнийг нийгмийн сүлжээнд нэгэн иргэн хуваалцсан байна. Үнэхээр ч шилнүүдийг нь юу ч үгүй хагалаад, санамсаргүй ойртсон хүн бараг зүсэгдэхээр хэмжээнд хүргэчхэж. Энэхүү зургийг харсан олон хүн тухайн хэсгийн ойр орчмын оршин суугчид нийтийн эзэмшилд хайр гамгүй хандаж байгааг шүүмжилжээ. Улмаар хараа хяналтыг сайжруулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцдог болох нь зүйтэйг онцолсон байв. Нэг талаас үнэхээр ч тийм. Зөвхөн тухайн хэсгийн иргэд гэлтгүйгээр ер нь хотын хай сайгүй л иргэд нийтийн эзэмшилд хүнийрхүү хандах нь түгээмэл. Гудамж, талбай байтугай амьдарч буй орцныхоо хаалга, цахилгаан шатыг ч эвдсэн тохиолдол хааяагүй л гардаг. Тэгэхээр бид ухамсар, сэтгэхүйдээ “салхи оруулж”, хотын иргэн болж төлөвшин, аливаад өөриймсөг хандах шаардлага байгааг эл үйл явдал харуулна.
Гэхдээ нөгөө талаар дээрх зурагт нэг “алдаа” байна. Энэ бол хотын удирдлага, холбогдох албаныхан гэр хороололд үнэхээр хайнга ханддагийн жишээ юм. Тодруулбал, хотын төв замуудад лав ийм автобусны буудал үгүй болсон. Сүүлийн жилүүдэд бүгдийг нь сольсон гэхэд болно. Харин гэр хороололд болохоор хэзээ хийсэн нь үл мэдэгдэх, ямар ч өнгө үзэмжгүй саравч, сандалтай хэвээрээ байгааг дээрх жишээнээс харагдана. Өндөр хөгжилтэй орнуудад иргэдийн ая тухыг бодож автобусны буудлуудаа төрөл бүрээр тохижуулж байна. Ялангуяа манайхтай ижил төстэй, хүйтэн сэрүүн уур амьсгалтай орнууд халдаг, иргэдээ түр зогсоход дулаацуулдаг буудалтай. Гэтэл манайх болохоор өнгө үзэмжийг нь ч тордож чадахгүй байгаа юм.
Тиймээс аль аль талдаа үүнийг анхаарч, иргэдийнхээ ая тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлаа автобусны буудлуудаа сайжруулахаас эхэлбэл яасан юм бэ.
Бэлтгэсэн: М.Оч