Хүүхдийн төлөө сангийн дансанд өнөөдрийн байдлаар 12.7 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Тус хөрөнгийг зориулалтынх нь дагуу буюу хүүхэд хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд зарцуулах талаар “Өнөөдөр” сонин цуврал нийтлэл хүргэж байгааг уншигчид санаж буй биз ээ. Коронавирусийн хөл хорионы үеэр Хүүхдийн төлөө фонд байгуулж, олон нийтээс хөрөнгө босгохдоо л хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэж ам гарсан. Сангийн хөрөнгийг зарцуулах журамд ч энэ тухай тодорхой заасан . Гэвч үүнийг бодлогоор дэмжих ХНХЯ, хэрэгжүүлэх үүрэгтэй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар бичиг цаасны ажлаасаа илүү гарахгүй суусаар өдий хүрэв. Учир шалтгааныг нь холбогдох албан тушаалтан, эрх мэдэлтнээс асууж тодруулахад бүтэлтэй зүйл ярихгүй, “Бүтээн байгуулалт хийх сайн төсөл орж ирэхгүй байна” гэх улиг болсон хариулт л хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар “Тасганы овоонд олгосон газарт номын сан байгуулахад 60-аад тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргаад буй юм билээ. Хүүхдийн төлөө санд байгаа хөрөнгөөр ийм хэмжээний бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломж одоогоор алга” гэж хариулсан юм. Өөрөөр хэлбэл, Хүүхэлдэйн театр, номын сан, спорт цогцолбор бүхий төв байгуулахад Хүүхдийн төлөө санд хуримтлуулсан төсөв нь хүрэхгүй учраас ажлыг эхлүүлээгүй гэсэн үг. Тэгвэл одоо яах вэ, ХНХ-ын сайд аа. Тус сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь анд бий шүү дээ. Тэнгэрт хадсан төсөв хэлчхээд гар хумхин суух нь ирээдүй хойчийнхоо эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг зөрчиж буй үйлдэл биш гэж үү.
Дээрх асуудлыг ХНХЯ-ныхан ухамсарлаж, гарц гаргалгаа хайн, бужигнаж байгаа сурагтай. Ямартай ч Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамд өөрчлөлт оруулах гэж буй гэнэ. Тодруулбал, сангийн хөрөнгийг зарцуулах зориулалтыг хэвээр нь үлдээгээд, бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх шалгуурт нь тодорхой өөрчлөлт оруулах юм байна. Манай улсын төрийн байгууллагын ихэнх ажил хөрсөн дээр бус, цаасан дээр хэрэгждэгийн бодит жишээ нь Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр барих хүүхэд хөгжлийн цогцолбор болчихлоо. Нөгөө талаас салбарын яам нь дундаж хэмжээтэй нэг төв байгуулахад ойролцоогоор зургаан тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ. Тэгвэл одоо Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан 12.7 тэрбум төгрөгөөр хүн ам хамгийн ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хөгжлийн цогцолбор баривал ямар вэ.
Хариуцсан газрууд нь түмэн зовлон тоочсоор хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт барина гэсэн хугацаанаас даруй гурван жил өнгөрөв. Одоо элдэв шалтаг тоочилгүй, ажлаа эхлүүлье. Ажил цалгардуулсны горыг хойч ирээдүй маань амсаж байна. Бүтээн байгуулалтыг эрт эхлүүлснээр ганц ч болов хүүхэд тав тухтай орчинд тоглох, сурч хөгжих, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэх боломж бүрдэнэ шүү дээ. Манайхаас бусад оронд хүүхдийн эрхийг өндөрт тавьж, эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжих, тоглож наадах, сурч боловсрох нөхцөл боломжийг нь хамгийн сайнаар хангаж өгдөг. Тиймээс энэ удаа бид хүүхдийн эрхийг дээдэлдэг, тэдний дуу хоолойг сонсож, ээлтэй орчин бүрдүүлсэн улс орнуудад амьдарч, ажиллаж буй монгол иргэдтэй холбогдсон билээ. Тэнд хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт хэрхэн өрнөдөг, орчин нөхцөлийг нь яаж бүрдүүлсэн талаар сонирхуулж байна. Бид хүүхдийн төлөө ганц ажил хийх гэж өчнөөн жилийг дэмий хоосон ярьж өнгөрүүлдэг бол гадаадын орнууд бүтээн байгуулалтад хангалттай хэмжээний хөрөнгө “хаяж”, ирээдүйдээ санаа тавьсаар.
БАЙР СУУРЬ:
-Таны амьдарч буй улсад хүүхэд хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг хэрхэн бүрдүүлсэн байдаг вэ. Тухайлбал Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц бүтээн байгуулалтын талаар дурдахгүй юу?
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ТОГЛООМЫН ТАЛБАЙ, СПОРТ ЦОГЦОЛБОР ЭЛБЭГТЭЙ
Г.САЙНБАЯР (Японд ажиллаж, амьдардаг иргэн):
-Японд тодорхой хэмжээний зай талбай болгонд буюу төдөн км-ийн радиус дотор салхилах, дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд тоглуулах, нуур цөөрөмтэй парк буюу цэцэрлэгт хүрээлэн заавал байх ёстой гэж үздэг. Манай ойролцоо гэхэд нэг км-ийн радиуст томоохон хоёр, жижиг гурван парк байх жишээтэй. Тэнд хүмүүс хүүхдээ салхилуулдаг, тоглуулдаг, дасгал хөдөлгөөн хийдэг, гэр бүлээрээ хооллож, халуун дулаан яриа өрнүүлж суудаг. Мөн дүүрэг бүрт спорт цогцолбор бий. Энэ нь дотроо фитнес, бассейн, гүйлт, газрын теннисний гэхчлэн төрөлжсөн, тусгай заалтай байдаг. Хувийн болон улсын спортын томоохон төв ч олон. Хүүхдүүд өдрийн багагүй цагийг сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг учир сургалтын байгууллага болгон тоглоомын талбайтай байх шаардлага тавьдаг юм билээ. Тэр нь сурагчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх учиртай. Хүүхдийг байгальтай ойр байлгах үүднээс тоглоомын талбайн хөрсийг элс, шороотой байлгадаг. Цэцэрлэгийн багачууд тэндээ өдөржин дураараа тоглоно. Зуны халуунд ч, өвлийн хүйтэнд ч шороотой хутгалдчихсан тоглож байдаг. Сонирхолтой нь, ханиад, томуу төдийлөн хүрдэггүй. Тухайн талбайдаа хүүхдүүдээр хүнсний ногоо тариулж, намар өөрсдөөр нь хураалгадаг цэцэрлэг ч байна.
Бага насны хүүхэд тоглох үедээ хөгжиж, давхар суралцаж байдаг. Ийм насны хүүхдүүдэд тоглоомоор дамжуулан боловсрол олгох нь тохиромжтой гэж үздэг. Тиймээс оршин суугаа газар, сургууль, цэцэрлэгийн орчин гээд бүх л газарт хүүхдүүдэд зориулсан аюулгүй, тав тухтай, тоглох боломжтой талбай байгуулсан байдаг юм. Харин манай улсын сургууль, цэцэрлэгүүд тоглоомын талбай байтугай хүүхэд аюулгүй зорчих замгүй байдаг шүү дээ. Хүүхдийг хамгаалъя, хөгжүүлье, тэдэнд зориулсан бүтээн байгуулалт хийе гэвэл үүнээс л ажлаа эхлүүлэх хэрэгтэй.
СИНГАПУРААС НОМ ЗӨӨЖ, УЛААНБААТАРТ ЖИЖИГХЭН НОМЫН САНТАЙ БОЛСОН
Ц.ТУНГАЛАГСАЙХАН (Сингапурт ажиллаж, амьдардаг иргэн):
-Би нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Сингапур улсад ирээд хоёр жил болж байна. Сингапур улс хүүхэд өсгөхөд хамгийн аюулгүй, таатай орны нэгд багтдаг. Энгийн жишээ хэлэхэд, орон сууц болгоны гадаа хүүхдийн тоглоомын талбайтай. Тэдгээр нь нэг нэгэнтэйгээ загвар, шийдлийн хувьд огт давхацдаггүй, өөр өөр байдгаараа онцлог. Зөвхөн гулсуур, савлуур зэргээр хязгаарлагдахгүй, хүүхдийн булчин хөгжүүлэх дасгалын төхөөрөмж, теннис, сагсан бөмбөг, дугуй, ролик унах талбай зэргийг шийдэж өгсөн байдаг. Ингэснээр хүүхэд хаана ч байсан ээлтэй, тухтай орчинд тоглох боломжтой. Дараагийн онцлох зүйл нь номын сан. Сингапур улсын хэмжээнд 28 номын сан байдаг юм билээ. Манай гэрийн ойр, бидний үйлчлүүлдэг номын сангийн хүүхдийн тасаг нь тусдаа байдаг. Хүүхдүүд хүссэн газартаа дуртай номоо уншаад суух боломжтой. Англи, хятад, малай, энэтхэг хэлээр хэвлэсэн номууд маш олон сонголттой. Нэг хүүхэд 16 хүртэлх номыг 28 болон түүнээс дээш хоногийн хугацаатайгаар гэртээ авч явж болдог. Ялангуяа сургуулийн амралтаар хүүхдүүд номын сангаар олноороо үйлчлүүлж, тор дүүрэн ном аваад гэртээ харьдаг. Мөн цахимаар унших боломжтой. Номын сангаас гадна хүүхдийн кино өдөрлөг, гар урлал, ном уншлагын уулзалт зэрэг идэвхжүүлэх ажлыг олноор зохион байгуулдаг. Манай улсад бол номын сан, ном унших тухтай орчин маш ховор. Тиймээс бид хүүхдүүдийнхээ уншсан ном төдийгүй бусдын хандивласан болон шинээр ном худалдан авч Монгол руугаа илгээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, би өөрөө эх орондоо очихдоо болон найз нөхөд, танил талаараа дамжуулан ном зөөж, Улаанбаатар хотод жижигхэн номын сантай болсон. Номын сангаар маань үйлчлүүлэхээр 70-аад гишүүн бүртгүүлснээс 40 гаруй нь тогтмол ном авч, уншиж байна. Сингапурт төрсөн хүүхэд бүр ямар үндэс угсаа, шашин шүтлэг, гарал үүсэлтэй байхаас үл хамааран өөрт өгөгдсөн бололцоо чадвараа бүрэн дайчлах системийг улсаас нь бүрэлдүүлж өгдөг юм байна. Тухайн хүүхдийг заавал онц сургахаас илүү өгөгдсөн нөөц боломж, чадварыг тултал хөгжүүлэх нь энэ улсын гол үнэт зүйл, зарчим гэж ойлгосон.
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ДУГУЙЛАН ОЛОН БАЙДАГ
Г.УРАНЧИМЭГ (Швейцарын Женев хотод ажиллаж, амьдардаг иргэн):
-Швейцар бол хүүхдийн эрхийг үлгэр жишээ дээдэлдэг орон. Нэн түрүүнд хүүхдийн эрхийг тавьдаг. Ямар сайндаа л “Нэгдүгээрт, хүүхдийн эрх, дараа нь эмэгтэйчүүдийнх болон нохойных, хамгийн сүүлд нь эрэгтэйчүүдийнх” гэсэн хошин хэлц гарах вэ дээ. Хүүхдийн аюулгүй байдал, хөгжилд гойд анхаардаг. 16 нас хүрээгүй хүүхэд гэрээсээ заавал асран хамгаалагчтай гарах ёстой гэсэн хуультай. Монголд бол хүүхдүүд гадаа хараа хяналтгүй тоглож байдаг. Энд тэгэх боломжгүй. Хүүхдийг сургуульд ганцааранг нь явуулахыг ч хориглодог. Эцэг, эх нь боломжгүй бол асрагч авахыг зөвлөдөг. Энэ нь маш зөв санаачилга юм шиг санагдсан.
Швейцарчууд хүүхдээ дугуйлан, сургалтад идэвхтэй хамруулдаг юм билээ. Теннис, усанд сэлэлт, хөгжим, бүжиг, уран зураг гээд олон төрлийн сургалтад хамруулна. Хөндлөнгөөс ажиглахад хэт их ачаалал өгөөд байна уу гэж санагдахаар. Гэтэл энэ нь тухайн хүүхдийг нээх, өөрийгөө олоход нь туслах, хөгжүүлэх зорилготой байдаг. Монгол хүүхдүүд ч дугуйланд явдаг. Гэхдээ боломжтой айлын хүүхдүүд л голдуу хамрагдаж байгаа харагддаг юм. Ийм үйл ажиллагаа явуулдаг газар ч цөөн. Харин энд төрөл бүрийн дугуйлан хичээллүүлдэг газар өчнөөн. Сүртэй том биш ч тухайн орчныхоо хүүхэд багачуудад хүрч ажиллахаар хэмжээний газар олон. Хүүхэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, сурч хөгжих боломжтой газар хүртээмжтэй. Сургалтын төлбөр нь ч боломжийн байдаг. Тиймээс амьдралын нөхцөлөөс үл хамааран хүүхэд бүр дугуйланд хамрагдах боломжтой. Швейцарчууд бие бялдрын хөгжилд маш их анхаардаг. Усанд сэлж чаддаггүй хүүхэд, цанаар гулгаж чаддаггүй хүн энд үгүй. Монголчууд магадгүй үүнийг хүүхдийг хөгжүүлэх спортын нэг төрөл гэж үздэг бол эндхийнхний хувьд өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэсэг байдаг.
БАГАЧУУД ЧӨЛӨӨТ ЦАГАА ДҮҮРГИЙНХЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ӨНГӨРҮҮЛДЭГ
Х.БАДАМЛЯНХУА (Австралид ажиллаж, амьдардаг иргэн):
-Австрали улсад олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн элбэг. Улсын болон дүүргийн цэцэрлэгт хүрээлэн гэж бий. Тэр нь ногоон байгууламжтай, хүүхдийн тоглоомын болон хөл бөмбөг, сагсан бөмбөг, ширээний, талбайн теннисний спорт талбайтай. Мөн самбаргүй сагсан бөмбөгийн талбай олон байх жишээтэй. Цэцэрлэгт хүрээлэн барих, тохижуулах бүх зардлыг улсын төсвөөс шийддэг. Тухайлбал, дүүргийн дундах цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгаа, үйлчилгээ, засвар, тохижилтын ажлыг нь гэхэд дүүргийн Засаг даргын болон орон нутгийн төсвөөр хариуцаж хийдэг юм байна. Бага насны хүүхдүүд чөлөөт цагаа дүүргийнхээ цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлдэг. Мөн бүх нийтийн усан спортын төвүүдийг дүүргийн санхүүжилтээр барьдаг бөгөөд иргэд нь гишүүнчлэлийн эрхээр, мөн нэг удаагийн төлбөр төлж үйлчлүүлдэг. Дүүргийн усан спортын төвд хүүхэд болон ахмадуудад зориулсан усанд сэлэлт, усан эмчилгээний хичээл заадаг. Багачууд усан гулсуураар тоглох дуртай. Хүүхдүүд усан спорт болон цэцэрлэгт хүрээлэнд тоглонгоо дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлж байна. Тоглонгоо булчин шөрмөсөө ажиллуулж, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх энэ аргыг Улаанбаатар хотод хэрэгжүүлээсэй. Тухайлбал, хотын дүүргүүд ногоон байгууламжаа авч үлдээд, олон улсын байгууллагаас төсөв санхүүжилт авах, эсвэл тухайн орон нутгийн төсөв, дүүргийнхээ иргэдээс нээлттэй санхүүжилт босгох зэргээр цэцэрлэгт хүрээлэнгүүд барих боломжтой юм.