Монголын байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын аварга, ОУХМ Б.Отгонболд 14 жил байт харваагаар хичээллэж, хүсэл мөрөөдлөө өмнөд хөршийн Ханжоу хотод биелүүлэв. Өөрийгөө тамирчин болно гэж төсөөлөөгүй явсан тэрбээр дасгалжуулагч Б.Ганзоригийн шавь болж нум, сумтай анх нөхөрлөсөн гэдэг. Өөрийг нь сорьсон олон тэмцээнд хичээл зүтгэлээрээ шалгарч, өдгөө “Алдар” спорт хороогоор овоглосон шилдгүүдийн нэг болжээ. Дэлхийн цэргийн спортын их наадмаас алт, Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл, Азийн наадмын сорил тэмцээнээс хүрэл, Монголын бүх ард түмний наадмаас иж бүрэн медаль хүртсэн тэрбээр энэ удаа “Ханжоу-2022”-т цэц сорьж, аваргаар тодорсон юм. Түүнтэй ярилцлаа.
-“Ханжоу-2022” Азийн XIX наадмын аваргаар шалгарч, элэг нэгтнүүдээ огшоосон танд баяр хүргэе. “Өнөөдөр” сонин тус наадмаас медаль хүртсэн тамирчдаа хүндтэй зочноор урьж, уншигчидтайгаа уулзуулж байгаа билээ.
-Маш их баярлалаа. Намайг энэ дугаарынхаа зочноор урьж байгаад баяртай байна.
-Та Ханжоугоос ганзага дүүрэн ирлээ. Дээрх наадмыг монголчууд зурагтаас алхам ч холдолгүй догдолж үзсэн. Эх орондоо алтан медальтай ирсэн баярт өдрийн сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье.
-Эх орондоо медальтай ирэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Онгоцноос цэргийн дүрэмт хувцсаа өмсөөд буухдаа бага зэрэг сандарч, гэрийнхнийгээ хараад мэлмэрчих вий гэж түгшсэн. Тээшээ түрээд гарч ирэхэд олон хүн баяр хүргэж, халуун дотно угтсан нь өөдрөг бодол төрүүлсэн. Тэднээс аав, ээждээ түрүүлж үнсүүлэх хамгийн сайхан байлаа.
-Парисын олимпын галт бамбар асах өдөр, хоног ойртож л байна. Францыг зорих эрх гардаж авах мөчид танд ямар бодол төрсөн бэ?
-Тухайн үед Азийн наадамд түрүүлбэл эрх авна гээд бодож байсан юм. Хагас шигшээд ялчихаад “Олимпын эрхээ авлаа” гэх үгийг сонсоод баярласан ч эхэндээ ер итгээгүй.
-Тамирчин хүн спортын талбарт зорьсноо биелүүлэх нь бас нэг амжилт юм. Төрийн дуулал эгшиглэхэд хамгийн түрүүнд багшаараа бахархсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Багш дасгалжуулагчид, гэр бүлийнхэн, өнөөг хүртэл хичээсэн зүтгэл минь нүдний өмнө жирэлзээд л өнгөрөх шиг санагдсан. Төрийн дууллынхаа эхний бадгийг дуулахад өөрийн эрхгүй хоолой зангираад үргэлжлүүлж чадаагүй. Сэтгэл дотроо бол дуулаад л дуусгасан.
-Медалийн тавцанд баярын нулимстай зогсох агшин тамирчин хүний хамгийн сайхан мөч байдаг. Тэр үед урмын үгийг хэнээс түрүүлж сонсов?
-Тамирчин хүний эрхэм зорилго бол алтан соёмбот Төрийнхөө далбааг өндөрт мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэх шүү дээ. Эрч хүч өгсөн урмын үгийг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багшаасаа эхэлж сонссон. Өрсөлдөгч тамирчнаа хожчихоод багшдаа гүйж очоод тэврүүлэхэд “Чи чадлаа, баяр хүргэе” гэсэн.
-Багш тань таныг тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй сойлоо. Амжилтын төлөө хамтдаа зүтгэсэн он жилүүд амьдралд тань олон сайхан дурсамж үлдээсэн байх.
-Клубийнхээ багштай 14, шигшээгийн дасгалжуулагчтайгаа долоон жил хамт ажиллалаа. Миний ихэнх дурсамж энэ спорттой салшгүй холбоотой. Сайнтай, муутай олон жилийг ардаа үджээ.
-“Алдар” спорт хорооны босгоор алхаж, байт харваатай анх нөхөрлөхөд Б.Ганзориг багш шавиа хэрхэн угтаж авсан бол?
-Байт харваагаар хичээллэхээр ирсэн олон хүүхдийг багш хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй тул яг анх юу заах ёстой тэр бүгдийг заасан. Эхэн үедээ дасгал, резинтэй техник давталт хийдэг байсан болохоор их уйтгартай санагддаг байж билээ.
-Спортод хөл тавьсан 14 жил бага хугацаа биш. Өнгөрсөн хугацаанд тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхдөө давуу талаас нь суралцаж, өөрийгөө хөгжүүлсэн болов уу?
-Амьдралынхаа тал хугацааг энэ спортод зориулжээ. Миний унаж боссон, баяр хөөр гээд бүх зүйл минь энэ спорттой холбогдоно. Оролцсон тэмцээн бүрээсээ суралцаж сайжрахыг хичээж ирсэн. Азийн наадмын аварга болсноо бууж өгөлгүй урагшилсны минь үр дүн гэж боддог.
-Энэ удаа ч гэсэн та хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Тэднийг ардаа орхиж, аваргын төлөө шалгарахад багш тань юу гэж зөвлөв?
-Клубийн багш “Харвалт чинь их гоё байна. Урд мөрөндөө анхаарч харваарай. Бусдаар хэлэх юм алга” гэжхэлсэн. Шигшээгийн дасгалжуулагч “Удахгүй харвахыг хичээгээрэй, аль болох тайван харваарай” гэж зөвлөж байв.
-“Жакарта-2018” Азийн наадам, “Токио-2020” олимп танд олон зүйлийг ухааруулж, Ханжоуд түрүүлэхэд маш их хурцалсан биз?
-Ялангуяа “Токио-2020” олимп надад маш их зүйлийг сургасан. Тэмцээнээ дуусгачихаад харвахаа больдог ч юм уу, спортоос хэсэг завсарлая гэсэн бодолд оруултал олон зүйл бодогдуулсан. Хэрвээ тэр үед буугаад өгчихсөн бол ийм сайхан амжилтыг үзүүлээч үү, үгүй чүү. Зорилго минь намайг буцаагаад хөл дээрээ босох хүч чадал өгсөн шүү.
-Алтан медалийн төлөө ана мана өрсөлдсөн эзэн орны тамирчин Жи Шиан Шоу таны хувьд шинэ танил байсан. Хойшид ч таарах түүний техникийг та хэр сайн судалж харвасан бэ. Түүний зан чанар, ур чадварын талаар сонирхуулаач.
-Байт харвааны тамирчид өөртэйгөө тулалддаг болохоор бусдыг судлах шаардлагагүй байдаг.
-Тамирчин хүн ямар ч тэмцээнд бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайтар бэлдэх нь чухал болохыг та амжилтаараа харууллаа. Тэр их өрсөлдөөн, олны дуу чимээнд өөрийгөө тайван байлгаж, анхаарлаа төвлөрүүлэх амар байгаагүй л биз?
-Миний хувьд бэлтгэл дээр оноо сайн байгаа нөхцөлд сэтгэл зүй дагаад бэлтгэгдчихдэг нь давуу тал болсон байх. Ханжоу хотыг зорихоос 10 хоногийн өмнө нумаа солиод харвахад оноо их дээшилсэн. Тэр хэрээр итгэл ч нэмэгдсэн. Тэмцээнд оролцоход надад нэг давуу тал болдог зүйл бол хөгжөөн дэмжигчдийн дуу шуугиан. Тэдний хашхирах, орилох нь бүр их эрч хүч өгдөг. Тиймээс эзэн орны тамирчинтай харвахад дарамт ерөөсөө болоогүй. Харин ч улам хурцлагдсан. Харваж байхдаа өрсөлдөгч тамирчнаа бодох, оноо харах, гаднын нөлөөллийг өөртөө тусгаж аваад байвал хүндрэл үүсгэдэг. Тэмцээн дөхөх тусам чихэвч зүүгээд анхаарлаа төвлөрүүлж, бэлтгэл хийх дуртай. Өөртөө итгэлтэй байсан минь энэ удаа ч гэсэн амжилт гаргахад багагүй нөлөөлсөн.
-Онооны хол зөрүүгүй харвахад хэн нь хожлыг авах бол гэж хүмүүс их догдолсон. Аварга болох, эсэхийг шийдэх сүүлчийн сумаа тавихдаа сэтгэлдээ залбирав уу?
-Хамгийн сүүлийн сумаа харвахдаа их сандарсан. Өрсөлдөгч маань 27 оночихсон, би 20 онож, сүүлчийн сумаа харвахаар зогсоход төвлөрөл сарниж, найм оноход л болно гэсэн бодол зурсхийж орж ирсэн юм. Яг харвалтаа гүйцэтгэхэд ес онож, 29 оноогоор ялалт байгуулан, Азийн аваргаар шалгарсан даа. Монголын байт харваачдаас Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 1971 онд зохион байгуулсан ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болсон. Түүний амжилтыг буухиалж, 2008 онд Бээжингийн олимпын наадамд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав ах паралимпийн аваргаар тодорч байв. Миний хүртсэн алтан медаль Азийн наадмаас хүртсэн анхных нь.
-Олон хүн аав, ээжийгээ баярлуулах сан гэж боддог ч тэр бүр чаддаггүй шүү дээ. Өнөөг хүртэл тууштай дэмжиж ирсэн тэднийхээ ачийг хариулсан гэж боддог уу?
-Энэ хорвоод төрүүлж өсгөсөн, хайрлаж халамжилсан эцэг, эхийн ачийг хариулж барна гэдэг хэцүү зүйл гэж боддог. Тиймээс аав, ээжийнхээ ачийг хичээллэдэг спортынхоо амжилтаар багахан боловч хариулахыг зорьдог юм.
-Таньтай таарсан тамирчдаас хожигдсон ч гэсэн хамгийн сонирхолтой харваа, гал гарсан өрсөлдөөнийг хэн харуулав?
-Хоёр дахь учраа Японы тамирчин Фүрүкава Такахарү хамгийн сонирхолтой харвааг харуулсан. 1984 онд төрсөн тэрбээр олимп, дэлхийн медальтай шилдгүүдийн нэг. 2015 онд оюутны универсиад их наадамд оролцохдоо “Зургаа авхуулж болох уу” гээд асууж явсан хүнтэйгээ өрсөлдөх нь надад нэр төрийн хэрэг байлаа. Эрэгтэйчүүдийн багийн харваанд өмнөд хөршийнхөн хамгийн хүчирхэг гэдгээ харуулсан. Бид тэднийг 5:1-ээр илүүрхэж, шигшээ наймд шалгарсан юм. Хасагдах шатны харваанд Энэтхэгийн багийнхантай өрсөлдөж, 4:4-өөр тэнцсэн. Миний хувьд 10-тай ойр, ес дээр харваад байв. Нэмэлт цагийн харваанд манай тамирчинд цаг бага үлдсэн тул яарч харваад алдсан тал бий.
-Монголын байт харваачдыг олимпын эрх олгох хоёр том тэмцээн хүлээж буй. Нэг нь Тайландад болох Азийн АШТ, нөгөө нь Турк улсад зохион байгуулах ДАШТ. Та багшийнхаа хамт Тайландыг удахгүй зорино. Багийн харваанд олимпын эрх олгох юм билээ. Манайхны хувьд тун хариуцлагатай тэмцээн болох нь.
-Олимпын эрх олгох хоёр тэмцээнтэй тул маш хариуцлагатай оролцох шаардлагатай. Багийнхны минь бэлтгэл сайн байгаа. Удахгүй сайхан мэдээтэй уулзах байх аа.