Жүдо бөхийн улсын гурван удаагийн аварга, самбогийн Азийн аварга, кураш, жиү жицүгийн цэнхэр бүсний ангиллын дэлхийн аварга, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Батцэцэг “Ханжоу-2022” Азийн наадмын кураш бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн барилдаанд хүрэл медалийн төлөө хүч сорьж, шагналын тавцанд зогсож байлаа. Азийн наадмын хошой хүрэл медальтан түүнтэй ярилцлаа.
-Нэр нэгтэй тамирчидтай ярилцах их сонирхолтой санагддаг. Тэд таны адил бөхийн спортын төрлүүдэд амжилт гаргаж, алдарт хэдийн хүрчээ. Амжилтад хэрхэн хүрснийг нь сонирхож судалдаг уу?
-Өнөө цагтт амирчдын ур чадвар өндөр болсон тул нэр нэгтнүүдийнхээ амжилтаас судлалгүй яах вэ. Бөхийн спортод Батцэцэг нэртэй олон тамирчин бий. Хүмүүс хааяа андуурах гээд байхаар нь би жүдо, самбобөхөөр хичээллэдэг Батцэцэг нь шүү гэдэг юм.
-“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадам сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Монголчууд зурагтаар тамирчдынхаа амжилт гаргахыг харж, хэдэн өдөр огшсон. Тэнд хөл тавихад ямар бодол төрсөн бэ. Тэмцээний үед таны хамгийн их мэдэрсэн зүйл юу байв?
-Азийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулснаа Ханжоу хотын дарга хаалтын үеэр хэлсэн. Тамирчид үүнтэй санал нэг байгаа байх. Биднийг тус хотод анх хөл тавихад хөгжил, барилга, байгууламж, хот тохижилт нь маш их таалагдаж, сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Миний хувьд тэмцээн эхлэхээс өмнө жин их хассан. Кураш бөхийн төрөлд оролцсон багийнхнаас хэн нь ч медаль хүртээгүй тул надад хүндхэн үүрэг, хариуцлага ирсэн. Тиймээс ядаж нэг хүрэл медальтай эх орондоо очихгүй бол болохгүй гээд зүтгэсэн дээ.
-Улс болгон өөрийн гэсэн онцлогтой. Энэ удаагийн наадам нээлтээсээ авхуулаад тамирчдад таатай санагдсан нь анзаарагдсан. Кураш бөхийн төрөлд оролцохдоо өмнөх наадамд таарсан учраануудтай хүч сорив уу?
-Ямар ч тэмцээнд зодоглосон өрсөлдөгчид маань чанга учраа байдаг. Бүгд улсаа төлөөлж оролцдог болохоор шилдэг нь байх гэж тэмүүлнэ. Индонез улсад зохион байгуулсан “Жакарта-2018” Азийн наадамд самбогоор өрсөлдсөн бол энэ удаа кураш бөхөөр хүч сорилоо. Дасгалжуулагч Б.Ганбаатар багшийн удирдлагад эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин зодоглосон. Би 70 кг-ын жинд барилдсан юм. Ханжоугийн дэвжээнд өмнө нь надтай таарсан тамирчин огт байгаагүй. Ихэвчлэн жүдогоор барилддаг бөхчүүд курашийн төрөлд оролцсон байв.
-Монголын кураш бөхийн дэлхийн хошой аваргыг медалиас атгах, эсвэл хоосон нутаг буцахыг харах нь үзэгчдэд тун сонирхолтой байсан болов уу?
-Шөвгийн дөрөвт үлдэж медалиас атгадаг болохоор хожигдох эрхгүй. Хэсгийн аваргын төлөө барилдаж, хүрэл медаль хүртэх амаргүй байлаа. Тэр дундаа надаас илүү багшид минь хэцүү байсан болов уу. Кураш бөхөөр анх удаа медаль авлаа гэсэн.
-Дэвжээнд БНСУ-ын Ан Е Сол, Тайванийн Ли Ван Тин нартай та гал гарсан барилдаан өрнүүлсэн. Тэднийг буулгаж авахын тулд ямар тактик боловсруулав. Багшийн зөвлөгөө, таны судалгаа шагналын тавцанд зогсоход нөлөөлсөн байж болох шүү дээ.
-Миний жинд 13 тамирчин өрсөлдсөн. Би өрсөлдөгчдөө тонгорох, этэх мэхээр голдуу хождог юм. Барилдаан эхлэхэд Ан Е Солыг тонгорох мэхээр цэвэр ялж, Тайванийн Ли Ван Тинтэй цагдуустал барилдлаа. Эхэлж торгуулаад цаг дуусахад нэг минут дутуу байхад этэх мэхээр үнэлгээ авсан. Надад дахиж торгуулах эрх байхгүй тул өөрт байгаа бүхнээ шавхан гаргасан. Жин их хассан болохоор гар зуурч, бадайраад үнэхээр амаргүй барилдаан болсон шүү.
-Өрсөлдөгчид тань таныг багагүй судалсан юм шиг санагдсан. Тэдний барилдааны арга барил, техникийн талаар сонирхуулж яриач. Хэдийгээр танд ялагдсан ч давуу талаар нь бахархсан гэж бодож байна.
-Ан Е Солжиндээ маш хүчтэй өрсөлдөгч. Сайн ч барилддаг юм билээ. Тэрбээр надад хожигдчихоод уйлаад л байлаа. Ли Ван Тин хурдтай, их хөдөлгөөнтэй. Миний хувьд сууж үүрээ хийдэг дүү нартайгаа байнга бэлтгэл хийж, барилддаг байсан тулдаа түүнийг ялсан.
-Өмнөд хөршийн тамирчид өөрийн нутагт болсон Азийн наадмын спортын бүх төрөлд хүчтэй өрсөлдөгч байлаа. Хэсгийн аваргын төлөө Юү Дантай барилдах үед ямар санагдсан бэ. Таныг ялсан түүний дархан мэх юу байв?
-Юү Дан барьц сайтай тамирчин. Намайг хэрхэн барилддаг, ямар мэх хийдгийг сайтар судалсан нь барилдааны явцад анзаарагдсан. Тэрбээр баруун гарыг минь дарахад би барьцанд хүрч чадахгүй хожигдсон. БНХАУ 200 гаруй алтан медальтайгаар Азийн наадмыг өндөрлүүлсэн нь тамирчдаа ямар хэмжээнд, хэрхэн бэлдсэнийг нь тодорхой харуулсан байх.
-Дараа Юү Данаас даагаа нэхвэл та хэрхэн барилдахаа одооноос тооцоолон төлөвлөж байгаа юу?
-Одоохондоо кураш бөхийн тэмцээнд оролцох талаар хараахан бодоогүй байна. Ямар ч тамирчин ялахын төлөө дэвжээнд гардаг шүү дээ. Хэрвээ түүнтэй дахин таарвал заавал ялахыг хичээнэ.
-Тамирчид нэгнээсээ суралцдаг давуу талтай. Тивийн шилдгүүдээс хэнийх нь зан чанар, сэтгэл зүй, ур чадвар мартагдахааргүй хоногшиж үлдэв?
-Надтай таарсан тамирчид гэхээсээ илүү Францын тамирчин, жүдобөхийн ДАШТ-д зургаан удаа түрүүлсэн, Токиогийн олимпын аварга Клариссе Агбененугийн зан чанар, сэтгэл зүй гайхалтай санагддаг. Тэрбээр 2016 онд Рио-де-Жанейро хотод болсон олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв. Мөн Японы жүдо бөхийн тамирчин, Токиогийн олимпын алтан медальт ах, дүү болох Абэ Хифүми, Абэ Үта нарын ур чадвар, амжилтаар бахархах дуртай. Миний хувьд хожсон, хожигдсон ч өрсөлдөгчөөсөө алдаа, оноог нь харж, туршлага хуримтлуулдаг.
-Азийн наадмаас ирээд хэд хоног амраад бэлтгэлдээ орсон биз?
-Ханжоу хот миний амьдралд бас нэгэн сайхан дурсамж үлдээсэн. Азийн наадмаас ирээд бэлтгэлдээ шаргуу орлоо. Самбо бөхийн ДАШТ тун удахгүй болно. Тиймээс удаан амрахыг бодсонгүй.
-Та самбо, жүдо, кураш, жиү жицү гээд бөхийн олон төрлөөр хичээллэж амжилт гаргасан. Чөлөөт бөхийн барилдааныг хэр сонирхож үздэг бол гэсэн сониуч бодол төрлөө л дөө.
-Миний том эгч чөлөөт бөхөөр хичээллэсэн анхны эмэгтэй тамирчдын нэг. Тэрбээр мөрөө гэмтээснээс барилдахаа больсон юм. Тухайн үед эгчийн гэмтэл хэцүү санагдсан тул сонирхдоггүй байлаа. Намайг жин багатай байхад тамирчид чөлөөт бөхийн УАШТ-д оролцож, гоё зурагтай болооч гэдэгсэн. Өнгөрсөн жил чөлөөт бөхийн тэмцээн үзэхэд сайхан санагдсан шүү.
-Нэг айлын гурван охин чөлөөт, самбо, жүдо бөхөөр хичээллэх нь тун ховор. Эгч, дүүст нэгнээсээ суралцаж, нөгөөдөө зааж зөвлөх зүйл их байх. Эгч тань танд, харин та дүүдээ хамгийн их захиж хэлдэг зүйл юу бол?
-Эгч спортоос холдоод удаж байгаа болохоор нэг их зүйл зөвлөдөггүй юм. Би дүүдээ өөрийн дархан мэхийг зааж өгөх гээд дайраад барилдахаар “тонгорооч” гээд орилно.
-Хүүхдүүдээ бөхийн спорт сонирхоод эхэлбэл та хэр хүлээж авах вэ, дэмжих үү?
-Хүүгээ барилдуулах сан гэж боддог ч сагсан бөмбөг тоглох сонирхолтой. Спортоор хичээллэсэн хүүхэд биеэ даасан, зөв хүн болж төлөвшдөг болохоор бөхийн спорт сонирхвол дуртай дэмжинэ.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Та өөрийгөө зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог уу?
-Армени улсад самбо бөхийн ДАШТ болох тул ирэх сарын 5-нд явахаар бэлтгэл базааж байгаа. Надад зорилго, тэмүүллийнхээ төлөө зүтгэх сайхан байдаг. Гэхдээ хүний хүсэл хязгааргүй юм даа. Намайг дайчин, шийдэмгий зан минь амжилтад хөтөлсөн гэж боддог. Хүн өөртөө итгэлтэй байж амжилтад хүрнэ. Надад амжилт бүхэн минь үнэ цэнтэй ирсэн. Ингэхийн тулд сахилга бат, ёс зүйтэй байж, бэлтгэлээ чанартай хийх ёстой.
-Хэзээ нэгэн цагт спортоос зодог тайлбал та цаашид юу хийхээ төлөвлөсөн үү?
-Хүн дуртай зүйлээ он жилүүд өнгөрсөн ч бодоод явдаг юм билээ. Их сургуулиа төгсөөд, ажил хийсэн. Охин, хүүгээ бие даах хэмжээнд хүрэхэд нь л спортод зав гаргах болсон юм. Бэлтгэл сургуулилалтаа өдөр бүр хийж амждаггүй. Амралтын өдрөөр голдуу базаадаг. Барилдахаа больё гэсэн ч бүрмөсөн холдож чадахгүй л байна. Гадаадад зохион байгуулсан тэмцээнд оролцохоо цөөрүүлсэн. Тиймээс ажилдаа анхаарал хандуулах болов уу.
-Дасгалжуулагчийн ажил амаргүй л гэдэг. Хойшид ажиллах уу. Багшийнхаа бэлтгэл хийлгэдэг өдрүүдээс таны ойлгож, ухаарсан зүйл юу байдаг вэ?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Дасгалжуулагч болно гэдэг хэцүү ажил шиг санагддаг юм. Тамирчин хүнийг амжилтад хүрэхэд өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна дасгалжуулагч багшийн ухаан, бэлтгэл хамт хийдэг нөхдийн хүрээлэл чухал. Тэдэнгүйгээр амжилтын тухай ярихгүй.
-Таныг шантарч, бас эргэж буцаж, өөртөө эргэлзэх үед хэн урам өгч хурцлаад, дэвжээнд үлдээж байв?
-Бөхийн спортод тууштай, бас тэвчээртэй явсан нь амжилтад хүрдэг. Хичээллэсэн болгон тамирчин болдоггүй. Шантрахаас илүү цалин, мөнгөгүй бэлтгэл хийх амаргүй. Барилдахаа болиод ажил хийе гээд бодож байхад минь Д.Энхболд багш “Спортоос болих амархан шүү. Жаахан тэсчих” гэж зөвлөсний үр дүнд өдий хүргэлээ.
-Тамирчин болсноо та амьдралдаа гарсан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан гэж боддог уу?
-Тийм ээ. Алдаа, оноотой ч гэсэн миний амьдралаа хийсэн хамгийн зөв сонголт бол бөхийн спорт.
-Танд бөхийн олон төрлөөр хичээллэж, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох хааяа хэцүү санагддаг уу?
-Би хэзээ ч шантарч байгаагүй. Бөхийн төрлүүдээр улсдаа барилдахад нэг их ялгаа байдаггүй. Харин гадаадын тэмцээнд шилдгүүдтэй хүч үзэхдээ барилдах онцлог, арга барил, техникийн ялгааг нь олж хардаг. Миний хичээллэдэг бөхийн төрлүүд олимпын хөтөлбөрт ордоггүй болохоор улсаас цалин авдаггүй. Оролцох тэмцээний зардлаа хувиасаа гаргах хэцүү байдаг. Шигшээ багийн бус тамирчид өрнөөс өрний хооронд амьдардаг. Улсаас өгөх мөнгөн шагнал, урамшууллын 30 хувийг л олгоно. Энэ нь тамирчдад таатай санагддаггүй. Олимпын бус төрлийн тамирчид бор зүрхээрээ өөрийн хүч, хөдөлмөр, мөнгө, санхүүгээрээ амжилтад хүрдэг. Төр, засаг спортын төлөө өөрийгөө, амьдралаа харамгүй золиосолж, цаг зав гаргадаг тамирчдаа анхаарч, дэмждэг байгаасай.