Итали улсын Ром хотод өнгөрсөн сарын 27-30-нд англи хэлний олон улсын “Hippo” олимпиад болж, 61 орны 80 гаруй мянган сурагч оролцсон. Тус олимпиадаас мөнгөн медаль хүртсэн “Хобби” сургуулийн долоодугаар ангийн сурагч Т. Мишээлтэй ярилцлаа.
-Олон улсын олимпиадад өмнө нь оролцож байв уу. Энэ удаагийнх анхных нь уу?
-Би 12 настай. Өмнө нь "Шинэ Монгол Харумафүжи" сургуульд нэгдүгээр ангиасаа элсэн суралцаж байсан. Тэнд тавдугаар ангиасаа эхэлж англи хэл үздэг. “Hippo” олимпиадын талаарх мэдээллийг ээж анх сонсоод, намайг оролцуулах гэсэн боловч нас нь хүрээгүй гээд өрсөлдөж чадаагүй. Тавдугаар ангид байхдаа уг олимпиадад анх оролцож, бүсийн шатанд шалгарсан. Өнгөрсөн жилээс олон улсын хөтөлбөртэй, англи хэлний “Хобби” сургуульд суралцаж байна. Манай сургуулийн Б.Лхагвасүрэн багш “Hippo” олимпиадад оролцохыг санал болгосон юм. Тус олимпиадын эхний шатыг Монголд зохион байгуулсан. Би өөрийн ангилалдаа 259 сурагчаас хоёрдугаар байр эзэлсэн. Дараагийн шат Малайз улсын Куала-Лумпур хотноо өнгөрсөн долоодугаар сард болж, би “Hippo S10” ангилалд нэгдүгээр байрт орсон. Ингэснээр дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхтэй болсон юм. Сүүлийн шатанд нийт есөн ангилалд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10” төрөлд би 89.39 оноогоор мөнгөн медаль авлаа. Мөн “Science оlympiad foundation” олон улсын олимпиадад 2022 онд анх удаа оролцож, дотоодод болсон өрсөлдөөнд нэгдүгээр байр эзлэн, дараагийн шатанд оролцож байсан. Түүнчлэн өнгөрсөн зун анх удаа ангийнхаа хоёр найзтай “World scholar`s cup”олон улсын оюуны тэмцээнд оролцлоо.
-Багаараа оролцох тэмцээндээ ямар даалгавар гүйцэтгэв?
-“World scholar`s cup” тэмцээний үе шатуудад бүгд эсээ бичих, мэтгэлцэх, өгсөн сэдвийн дагуу уншиж судлах, асуултад багаараа болон ганцаарчлан хариулах зэрэг даалгавартай байв. Сэдэв нь шинжлэх ухаан, нийгэм, түүх, сэтгүүл зүй, байгаль орчин зэрэг нэлээд өргөн байсан. Энэ тэмцээнд хувийн үзүүлэлтээр нийт 10, багаараа 15 медаль хүртсэн. Дараагийн шатны тэмцээн Тайландад болоход нь оролцож, долоон алтан медаль авлаа. Ингэснээр АНУ-ын Йелийн их сургуульд зохион байгуулах дэлхийн финалын шатны тэмцээнд оролцох эрхтэй болоод байна.
- “Hippo” олимпиадад манай сурагчид ийм өндөр амжилт гаргаж байгаагүй гэж багшаас нь сонссон. Энэ олимпиадын онцлог нь юу вэ?
-“Hippo S-10”, “S-15”, “S-19” зэрэг төрөлтэй олимпиад. Эдгээр төрөл хамгийн хэцүү нь. Учир нь англи хэлийг илүү академик түвшинд эзэмшсэн байхыг шаарддаг. Энэ төрөлд зөвхөн хос хэлтэй гэж тооцогдохоор хүүхдүүд, бүх хичээлээ англиар үздэг сургуулийн сурагчид өрсөлддөг. Бусад төрөлд нь ердийн шаардлага тавьдаг юм билээ. Миний хувьд энэ удаагийнхад өмнө жилийнхээсээ гурван шат ахиулж оролцлоо. Үүнд амжилттай оролцоход багш минь их нөлөөлсөн. Манай сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Данзан бид хоёр энэ олимпиадад хамт бэлдэж оролцсон юм. Тэрбээр хамгийн дээд шат болох “Hippo S-19” төрөлд оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэ удаагийн олимпиадад Монголоос нийт 10 сурагч оролцоод ирлээ.
-Хэдэн настайдаа англи хэл үзэж эхлэв?
-Бага байхад аав, ээж хоёр монголоор болон англиар ном уншиж өгдөг байсан. Бас ном их авч өгдөг. Гадуур явах болгондоо номын дэлгүүр ордог. Манайх нэлээд олон номтой учраас гэртээ багтаахад хэцүү болсон юм. Тиймээс ээж зарим номоо “Ротари” төсөлд хандивласан. Одоо ч би ном унших дуртай. Намайг дөрвөн настайдаа англиар уншиж сурсан гэж аав, ээж ярьдаг. Мөн юүтүбтэй их нөхөрлөдөг байсан. Бичлэг, контентууд үзэх дуртай. Бас ээжтэйгээ хамт кино үздэг байлаа. “Шинэ Монгол” сургуулийн англи хэлний Э.Цасчимэг багш миний суурийг сайн тавьсан гэж боддог.
-Тэмцээн, олимпиадад оролцох болон бусад шалтгаанаар ямар орнуудад очиж байв. Юу нь илүү таалагдсан бэ?
-Хонконг, Герман, Нидерланд, Орос, Хятад, Солонгос, Малайз, Тайланд, Итали зэрэг оронд очиж үзсэн. Заримыг нь сайн санахгүй ч аав, ээжтэйгээ хамт анх Хонконгод очсон нь гоё санагддаг. Тэмцээн, уралдаанд оролцохдоо шинэ найзуудтай болдог. Тэдэнтэй хамт зугаалж тоглосон нь таалагдсан. Ромд түрүүлж очоод цагийн зөрүүгээ гаргангаа эртний хот болон томоохон кинотеатртай танилцаж байлаа. Өндөр барилгууд бараг байхгүй, хоол нь амттай, үзэх зүйл маш их. Эдгээр орны ихэнх нь тоос шороо багатай, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт амрах, тоглоход аюулгүй, ногоон орчин их байдаг нь гоё санагдсан. Олимпиадад оролцох хүүхдүүдийг Итали улсын нийслэлд хотын төвийн буудалд байрлуулсан юм. Гэхдээ олимпиад нь бол өөр хотод болсон.
Өрөөндөө таван өөр орны сурагчтай хамт байсан. Өдөр бүр тогтсон цагуудад бэлтгэлээ байнга хийдэг. Зарим үед тоглож нааддаг. Тэд бүгд таалагдсан. Одоо ч холбоотой байгаа. Италийн Милан хотод бас очиж үзсэн. Энэ улс сонирхолтой ч хоол, хувцас, буудал гээд ер нь бүх зүйл нь маш үнэтэй. Жишээ нь, 0.5 литр усны үнэ хоёр евро гэхээр бараг 8000 төгрөгтэй тэнцэхээр юм билээ. Мөн зөвхөн нэг гудамжинд л бүх брэндийн хувцасны дэлгүүр байсан нь таалагдсан. Би өөртөө динозаврын хэлбэртэй ээмэг худалдаж авсан. Паста, пицца зэрэг нь маш гоё амттай. Тайланд улсад тэмцээнд оролцох үеэр багийнхантайгаа паркт цагийг хөгжилтэй өнгөрөөсөн. Тэнд танихгүй хүүхдүүдтэй нэг баг болоод, хөгжилтэй тоглоом тоглосон. Тайландын хааны ордныг үзлээ. Тэмцээний хүрээнд улс орнууд соёлоо таниулах арга хэмжээ зохион байгуулахад бид улсаа сурталчилж оролцсон юм. Тайланд дахь манай Элчин сайдын яамны хамт олон бидэнд тусалсан.
-Амжилт гаргахад юу хамгийн их нөлөөлсөн бол?
- Бага байхад “Эхлээд сууж сурах хэрэгтэй” гэж багш нар, гэрийнхэн хэлдэг байв. Үүнд бага ангийн Ш.Пунсалдулам багш маань нөлөөлсөн. “Хобби” сургуульд хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үздэг. Тиймээс өнгөрсөн жилээс Б.Лхагвасүрэн багшаар нэмэлт хичээл заалгаж, дүрмээ бие дааж бараг эхнээс нь системтэйгээр судалж байгаа. Надад дүрмийг маш цэгцтэй, богино хугацаанд зааж өгсөн нь их тус болсон.
-Олимпиадад оролцохдоо хэрхэн бэлддэг вэ?
-Олон улсын тэмцээн болон олимпиадад оролцохоор өнгөрсөн хавраас багштайгаа хамт бэлдэж эхэлсэн. Бараг амраагүй. Энэ зун ахлах ангийн ах, эгч нартай “World scholar`s cup” бүсийн тэмцээнд оролцлоо. Тэд надад туршлагаасаа хуваалцаж, зөвлөсөн. Бас ээж, аав маань надад маш их тусалж, дэмждэг. Манай сургуулийн багш нар сурагчдаа амжилт гаргахад нэлээд анхаардаг. Тэмцээнүүдийн хөтөлбөрт багтсан унших материалуудыг нэмэлтээр судалдаг болохоор цөөнгүй зүйлийг ойлгож, мэддэг.
-Олон орны сурагчтай өрсөлдөхдөө онцлог давуу талуудыг нь ажигласан уу?
-Орон бүрийн сурагчийн ур чадвар, бэлтгэл зэрэг нь ялгаатай. Зарим улсын хүүхэд өдөр тутмын амьдралдаа англи хэлийг ашиглаж байна. Тиймээс миний хувьд нэлээд бэлдсэн нь давуу тал боллоо. Сайн бэлдээгүй бол Монголынхоо нэрийг гаргаж чадахгүй л буцах байв. Бас хамгийн чухал зүйл бол багийн ажиллагаа сайн байх. Бусад багийнхныг анзаарахад хамтарч ажиллахдаа тааруу санагдсан. Тэд тэмцээний үеэр хамтарч сайн бэлдээгүйгээс даалгавар дээр нэг санааг давхардуулан бичих зэрэг асуудал тулгарч байлаа. Зарим багийнхан зохион байгуулагчдын өгсөн материалыг өөрийн болгоогүй, шүлэг шиг цээжилчихсэн байсан.
-Гадаад хэл сурах хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Гадаад хэлийг оройтлоо гэж бодохгүй, бас хэтэрхий эрт байна гэхгүйгээр цаг алдахгүй үзэж эхлэх нь чухал. Зөв, буруу уншиж, дуудаж байна уу гэж санаа зовох хэрэггүй. Дуртай ном, кино, дуу, хөгжим зэргээр дамжуулж сурвал илүү сонирхолтой байх болов уу. Мөн утсан дээрээ хэл сурахад тустай аппликэйшн болон тоглоомууд суулгах хэрэгтэй.
-Ойрын хугацаанд оролцох тэмцээн бий юү?
-Энэ жил гадаадын хэд хэдэн тэмцээнд оролцсон болохоор хоцорсон хичээл, даалгавруудаа нөхөж дуусгах гээд ачаалалтай байгаа. Цаашид дахин өөрийгөө сорьж, олон улсын тэмцээнд амжилттай оролцохыг хүсдэг.
Энэ төрөлд зөвхөн хос хэлтэй гэж тооцогдохоор хүүхдүүд, бүх хичээлээ англиар үздэг сургуулийн сурагчид өрсөлддөг. Бусад төрөлд нь ердийн шаардлага тавьдаг юм билээ. Миний хувьд энэ удаагийнхад өмнө жилийнхээсээ гурван шат ахиулж оролцлоо. Үүнд амжилттай оролцоход багш минь их нөлөөлсөн.