Аравдугаар сарын 12-ны өдөр
Өнөөдөр гадаа 16 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 285 дахь өдөр бөгөөд он дуусахад 80 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө 0 хэм байх нь ээ.
- Билгийн тооллын 28, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 6 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
- Валют арилжааны төвд ам.долларын авах ханш 3454.00 төгрөг, зарах нь 3458.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 34.50, зарах ханш 35.00, юанийн авах ханш 477.00, зарах ханш 479.50, вонийн авах ханш 2.60, зарах ханш 2.62 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 Уул уурхайн долоо хоног дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сэдэв уул уурхай ба тогтвортой байдал сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөнө.
- 12:00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол, хөгжил сэргээн засах үйлчилгээ, нийгэмшүүлэх үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа талаар эцэг, эхийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
- 13 цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд Төрийн ордоны баруун талын хаалганы дэргэд Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлэх эсэргүүцлийн хэвтээ жагсаал зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1935 онд Булан дэрс, Хар нуур, Хавирган овооны чиглэлээр Япон баргын зэвсэгт халдлага ширүүсч, улсын хилийг цөмрөн орж, зарим харуулуудыг түрэмгийлэн эзлэв. Бат хаалга хавьд Японы түрэмгийлэгчид ба Өвөр монголын ард түмнээс урвагчдын эсрэг ард түмний бослого өрнөв. Уг бослогод нийгмийн дээд давхаргынхан ч бас оролцсон бөгөөд бослогыг Япончууд цэргийн хүчээр цуцлан дарсан юм.
- 1954 онд БНХАУ, ЗСБНХУ, БНМАУ гурван улсын Засгийн газраас Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр замаар шууд тээвэр хийх тухай хамтарсан мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд төмөр замыг 1955 онд багтаан барьж, гурван улс хамтран тээвэр хийхийг шийдвэрлэсэн тухай өгүүлсэн байна. Төмөр замын урт нь 339 км. 1952 оны есдүгээр сарын 15-ны өдөр Хятад-Монгол-Зөвлөлт гурван улс төмөр зам тавих хэлэлцээрт гарын үсэг зуржээ.
- 1968 онд Мексик улсын Мехико хотод Зуны XIX олимпийн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.
- 1996 онд Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр офицер ХАЧА-ийн дэргэдэх “Гэ Ян” гадаад хэлний дээд сургуульд суралцахаар очив. Энэ нь Хятад Улс анх удаагаа Монгол Улсын армиас гадаад оюутан хүлээн авч суралцуулж буй явдал болсон.
- 2016 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийв.