Зүүн Азийн хөгжиж буй орон болох Монгол Улс сүүлийн хэдэн өдөр дэлхий нийтийн анхааралд өртөөд байна. Биднийг ийнхүү сонирхох болсон нь Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис түүхэнд анх удаа манайд төрийн айлчлал хийж буйтай холбоотой. Гэгээн Ширээт Улс нь Италийн Ром хот дотор байрлах 0.44 ам км нутаг бүхий, 1000 орчим хүн амтай орон. Гэтэл энэ “жижигхэн” улсын Төрийн тэргүүний айлчлалыг сурвалжлахаар 20 гаруй орны 150 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, мөн 3500 орчим сүсэгтэн ирээд байна. Учир нь Пап Францис бол дэлхий даяар тархсан 1.3 тэрбум католик шашинтны тэргүүн, оюун санааны удирдагч юм. Газар нутаг жижиг, хүн ам цөөн ч энэ улсын түүх том бөгөөд урт. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ талаар “Бид нэг улстай биш, бүхэл бүтэн соёл иргэншилтэй харилцаж байна” хэмээн тодорхойлсон юм. 13 дугаар зуунаас буюу Гүюг хааны үеэс тухайн үеийн Пап лам нартай захидлаар харилцаж эхэлснээс хойш 777, Гэгээн Ширээт Улстай дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойгоор уг айлчлал тохиож буйгаараа онцлог болж байна.
Энэ сарын 1-ний өглөө Монгол Улсад хүрэлцэн ирсэн Пап Францисыг хүлээн авах ёслолын ажиллагаа бямба гарагт Сүхбаатарын талбайд болсон. Түүнийг төрийн хүндэт харуулуудаас гадна баатрын хувцастай морьт цэргүүд жагсан угтсан нь дээр өгүүлсэн олон зуун жилийн өмнөөс эхлэлтэй түүхэн харилцааны бэлгэдэл байв. Монгол Улсад “Торгоны зам”-аар дамжин католик шашин нэвтэрсэн гэж үздэг. Гэвч төдийлөн түгээгүй, улсын хэмжээнд 1500 католик шашинтан байдаг аж. Ийм цөөхөн сүсэгтэнтэй улсыг онцгойлон сонгож айлчилж буйн учир юу вэ. Угтан авах ёслолын ажиллагааны дараа хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийж, улмаар олон нийтэд хандан үг хэлсэн. Пап Францисын хэлсэн үгээс дээрх асуултын хариуг олж болно.
Тэрбээр “Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж, дотносон танилцаж буйгаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн, эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ” хэмээн эхэлсэн. Итали хэл ийм уран цэцэн үү, эсвэл орчуулсан хүмүүсийн ур чадвар уу. Түүний үг агуулгаасаа гадна маш уран тансаг, шүлэг мэт яруу байсан нь анхаарал татав. Монгол гэр байгаль орчинд ээлтэй, цаг агаарын онцлог нөхцөлд нийцтэйг, түүхээ хадгалан дамжуулах уламжлал, үе залгамжийн гэрч болж буйг, гэр дотроосоо тэнгэр өөд байнга харж, оройгоосоо гэрэл гэгээ оруулдаг онцлогийг Пап Францис дахин дахин онцолсон юм. “Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм” хэмээн тэрбээр хэлсэн. Монголчуудын уламжлал, оюун санаанд суусан өв соёл, байгаль дэлхийгээ хайрлах, үр хойчдоо үржил шимтэйгээр нь өвлүүлэн үлдээх ухаан католик шашны номлолтой нийцэж, тусалж байгаа гэв. Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадна гэдгийг ч онцоллоо.
“Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ” гээд тэрбээр Монгол Улс НҮБ-ын идэвхтэй гишүүн байж, хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивдээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж буйг хэлээд, цөмийн зэвсгээс ангид статусыг онцлон, цаазын ялыг халсныг сайшаалаа. Мөн тэрбээр Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, их хаадын олон өөр газар нутагт, олон өөр ард түмнийг эвлүүлэн тохижуулж явсан ур чадвар, удирдах ухааныг магтан, одоо цагт ч үнэ цэнтэйг сануулсан.
Католик шашны тэргүүн, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүний амнаас манай улсын өргөн уудам нутаг, хязгааргүй мэт үргэлжлэх цэлмэг хөх тэнгэр, түүнийгээ дагасан уужуу, алс холыг харж тооцоолдог ухааныг бахадсан үг хэдэнтээ гарсан. Ерөөсөө л дотоод амар амгалангийн орон гээд тодорхойлчихов. Тэрбээр Монгол Улсыг зорин нисэж байхдаа онгоцонд хэвлэлийнхэнд хандан үг хэлсэн юм билээ. Ингэхдээ “Тэр их аниргүйг бид очиж ойлгох хэрэгтэй. Логик ухаанаар хүчилж биш, мэдрэмжээр анирдаж ойлгох газар гэж байдаг. Монгол нутгийг тийм л газар хэмээн санана” гэжээ. Пап Францис болон Гэгээн Ширээт Улсын Ерөнхий сайд, дагалдан яваа төлөөлөгчид, олон улсын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан монгол өв соёлыг сурталчлах бэсрэг наадмыг Тэрэлжид энэ сарын 1-нд зохион байгуулсан юм. Монгол орны үзэсгэлэнт байгалийг тольдонгоо өв соёлтой маань танилцаж, хөх тэнгэрийг ширтэн, монгол гэрт зочилж нэг өдрийг өнгөрүүлэхдээ Пап Францис мэдрэмжээ анирдан бясалгаж амжжээ. “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй.
Та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Тиймээс та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь жам ёсны зүйл гэлтэй” гэсэн юм. Пап Францис яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээс эш татаж, агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээсээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг дэлхий дахинд уриалсан юм. 1500-хан католик шашны сүсэгтэнтэй Монгол Улсыг зорин ирсэн түүний айлчлалын үндсэн санаа энэ. Эртнээсээ олон шашныг хүндэтгэн, оюун санааны эрх чөлөө, шашин шүтэх эрхийг нь олгож ирсэн их хаадын бодлогыг өнөөгийн манай төр ч залгамжлан үргэлжлүүлж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Пап Францис таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хүнсний хомсдол, хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого манай улсад хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй бүрнээ нийцдэг. Цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдал, түүх, архив, сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр Гэгээн Ширээт Улстай бүх талаар хамтран ажиллах болно” гэсэн юм. Пап Францис олон сайхан үгийн зэрэгцээ дэлхий дахины зөрчилдөөн, шударга бус явдал, авлига, хээл хахуулийн асуудалд зовнож явдгаа хуваалцсан. Гэхдээ шашин шүтлэг нь энэ бүх хор хөнөөлийн эсрэг хамгаалагч болдгийг тэрбээр сануулаад, ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг оршихыг ерөөлөө. Ахан, дүүгийндээ зочлохдоо бэлэг барьдаг монгол ёсоор тэрбээр Гүюг хааны 1246 онд тухайн үеийн пап ламд бичсэн захидлын дэвшилт технологиор, өндөр чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьсан байна.
Хоёр орны Төрийн тэргүүн олон нийтэд хандан үг хэлэх үеэр Төрийн ордны Их танхимд Монголын Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Э.Чойжамц, Наро Банчэн гэгээнтэн болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, гишүүн асан Р.Гончигдорж зэрэг улс төрийн зүтгэлтэн, мөн ОХУ-ын үнэн алтартны шашны төлөөллүүд ч хүрэлцэн ирсэн байлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уг айлчлалын ач холбогдлын талаар “Монголчууд их хүлээцтэй, тэвчээртэй, олон соёлыг хүндэтгэдэг ард түмэн. Хубилай хаан буддын, Цагаадай, Хүлэгү, Зүчи хаад исламын шашинтай байсан. Бид Чингис хааны үеэс л шашнаар, арьсны өнгөөр ялгаварлахын эсрэг явж ирсэн. Гэтэл Европт энэ үзлийг одоо л халж байна. Түүхэн энэ уламжлалаа хадгалсаар ирснийг Пап биеэр ирж баталгаажууллаа. Мөн бид газар зүй, эдийн засгийн хувьд хоёр том хөршөөс хараат оршдог, тэдэнтэйгээ найрсаг харилцаатай. Үүнээс гадна 1.3 тэрбум хүнийг дагуулсан том соёл иргэншлийг илэрхийлэх Гэгээн Ширээт Улстай гуравдагч хөрш байгаа нь манай орны хөгжил дэвшил, ирээдүйд эерэг нөлөөтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Байден католик шашинтай хүн. Сэтгэл зүрхэнд нь энэ шашны уламжлал, үнэт зүйл байгаа учир Пап хаана явааг байнга харж, анхаардаг. Тиймээс Папаар дамжуулж бид дэлхийтэй харилцана” гэлээ. Олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү “Монголын ард түмэнд Пап Францис маш өндөр үнэлгээ өглөө. 800 жилийн өмнө байсан бодлого, уламжлалаа ардчилсан тогтолцоонд шилжсэн сүүлийн 30 жилд ч хадгалж, шашин шүтлэг, итгэл үнэмшлийг дээдэлсэн нийгэм байгуулж чадсан гэж том үнэлгээ өгч байна. Энэ айлчлал Монгол Улсыг даян дэлхийд таниулах том алхам, гадаад сурталчилгаа болно. Дэлхийн хэвлэл мэдээлэл Монголоор амьсгалж байна. Тэр тусмаа 1.3 тэрбум хүн шүтдэг католик ертөнцөд Монголыг нээлээ. Монгол Улсын нэр хүндтэй, олон тулгуурт гадаад бодлогын ололтыг дэлхийд дархалсан айлчлал боллоо” гэв.
Үүний дараа Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар бараалхсан юм. Тэд Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван гэдгийг онцолж, цаашид хоёр улс соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээ илэрхийлсэн байна. Пап Францисын төрийн айлчлалын албан ёсны арга хэмжээ үүгээр дууссан.
Үдээс хойш нь тэрбээр хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэйгээ уулзсанаар айлчлалын хоёрдугаар хэсэг нь эхэлсэн юм. Шашны холбогдолтой уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад манай төрийн зүгээс оролцоогүй гэсэн үг. Түүний айлчлал, уулзалтад оролцохоор БНСУ, Филиппин, Казахстан, БНХАУ зэрэг орноос хамба лам, адмиралуудын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Дэлхий даяар 244 адмирал байдаг бөгөөд 1500 сүсэгтэнтэй хэдий ч Монгол Улсыг эн тэнцүү авч үзэж, жилийн өмнө адмирал томилжээ. Сонирхуулахад, хамба лам, адмиралуудыг өмсгөлийнх нь малгай, бүсний өнгөөр ялгадаг аж. Улаан нь адмирал, ягаан нь хамба ламын зэрэг дэвийг илэрхийлдэг юм байна.
Пап Францис айлчлалын хоёр дахь өдрөө буюу өчигдөр 13 шашны төлөөлөлтэй уулзсан. Монгол Улс наймдугаар сарын 31-нд X Богдоо залсан билээ. Буддын шашны тэргүүн болох шинэхэн Богд болон Пап Францис нарыг уулзана гэсэн хүлээлт байв. Төлөөллүүд өөрийн шашны гол үзэл баримтлал, номлолоо танилцуулж, геополитикийн нөхцөл байдлыг хэрхэн эв эеэр шийдэх, үүнд яаж нөлөөлөх талаар санал бодлоо солилцсон байна. Мөн “Степпа арена”-д урьдчилан бүртгүүлсэн 3500 гаруй сүсэгтэн олонтойгоо уулзах Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Урьдчилж бүртгүүлээгүй ч шашны тэргүүнтэйгээ уулзах хүсэлтэй хүмүүсийг өчигдөр нэмэлт бүртгэл хийн оруулжээ.
Тэрбээр өнөөдөр сайн үйлстнүүдтэй уулзалт хийгээд нутгийн зүг хүлгийн жолоо залах юм.