Азийн шувуу судлалын II хуралд манай орны судлаачид амжилттай оролцож, онцлох, шилдэг Судалгааны бүтээлийн эзнээр шалгарчээ. Эл хурлын үеэр 39 орны 530 гаруй судлаач шувууны судалгаа, хамгааллын ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж, тайлан, мэдээлэл танилцуулсан байна. Тэдгээрээс шилдэг 15 судалгааны бүтээлийг шалгаруулахад Монголын шувуу хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг, Г.Амархүү нарын танилцуулсан Борцгор хотонгийн тайлан багтжээ. Эл төв нь шувуу хамгаалах, олон нийтэд экологийн боловсрол олгох чиглэлээр 2015 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй судалгааны байгууллага юм. Тус төвийн судлаачид Монгол оронд төдийгүй Зүүн Азийн хэмжээнд нэн ховорт тооцогддог борцгор хотонгийн хамгааллын менежментийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлуудыг хийж ирсэн нь ийнхүү үнэлэгджээ.
Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв зэрэг төр, Хувийн хэвшлийн байгууллагууд борцгор хотон хамгаалах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах асуудлыг хөндөж буй цаг үед судлаачид эл бүтээлээрээ дамжуулан тус жигүүртнийг олон улсын анхаарлын төвд оруулж чадсаныг байгаль орчны салбарынхан энэ өдрүүдэд сайшааж байна. Борцгор хотон нь 2000 он хүртэлх үед манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нуурт тархан үрждэг байсан бол өдгөө зөвхөн Айраг, Хар-Ус орчимд цөөн тоогоор харагдах болжээ.